Д.АРИУН

Зохиолч Д.Гүн-Үйлстэй ярилцлаа.

-Ярилцлагын эхэнд энэ цаг үеийн уран зохиолын орчин, ном зохиогчдын талаар бодлоо хэлээч гэвэл та юу хэлэхсэн бол?

-Манай энэ цаг үе бол уран зохиолтой амьдралаа холбож, олон жил үзэг цаас нийлүүлсэн мэргэжлийн гэж болох зохиолчдоос гадна эхлэн бичигчид, оюутан сурагчид хүртэл ном бичих болсон өвөрмөц байдлаар ялгарсан цаг л даа. Хуучин цагт, хуучин цагт ч юу байх вэ. Миний бага залууд зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн зохиолчдын номыг л хэвлэхийг зөвшөөрдөг байлаа. Уран зохиолын тухайд шүү дээ. Шүлэг, найргаас эхлээд өгүүллэг, тууж, роман хүртэл Зохиолчдын хорооны өндөр босгыг давах хэрэгтэй байсан. Яахав, үзэл суртал байсан л байх. Гэхдээ уран зохиол, гоо зүй, эх хэлний яруу тансаг байдал, сэдэв агуулга гээд олон зүйлийг харгалзан үзэж ном хэвлэх эрх олгодог байсан. Аливаа юм хоёр талтай. Энэ тохиолдолд нэрд гараагүй боловч сайн зохиолч, яруу найрагчид анхаарлын гадна үлддэг байсан байж болох талтай. Гэсэн ч том зохиолчдын шүүлтүүрийг даваад гарч ирнэ гэдэг сайн бүтээл төрөх боломжийг нээдэг байлаа.

-Редакторууд сайн ажилладаг байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Тэр үеийн редакторууд номыг жинхэнэ утгаар нь редакторлодог байсан. Нэмж хасч, үг утгын талаар зөвлөгөө өгч, нухацтай ярилцана. Эхлэн бичигчдийн уран зохиолын боловсролыг нь дээшлүүлж байгаа хэрэг.

-Хүмүүс уран зохиолын ном авахгүй, авсан ч уншихгүй байгаа юм биш үү?

-Аваад уншихгүй байна гэдэг өөр асуудал. Ер нь л номноос хол хөндий, өдий хүртэл номгүйгээр болоод ирсэн, цаашид ч болно гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг. Тэдний л эрх шүү дээ. Гэхдээ амьдралын утга уянга, сэтгэлийн долгислол гэмээр юм уу, ер нь л энэ амьдралыг сонирхолтой, агуулгатай болгож байгаа олон зүйлээс өдөр бүр алгуурхан холдож байгаагаа тэр хүмүүс мэддэггүй. Амьдралыг сонирхолтой, уянгатай, аялгуутай өнгөрөөх сайхан биш гэж үү.

-Нийгмийн байдал ч бас нөлөөлнө шүү дээ?

-Нийгмийн байдал хэцүү байгаа нь үнэн. Ядуурал, ажилгүйдэл зөвхөн уран зохиол төдийгүй урлагийн бүх салбарт нөлөөлж байна. Хүмүүсийн маань ихэнх нь ном авснаас эсвэл театрт очсоноос гэртээ нэг талх аваад очсон нь илүү амьдралтай байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн хөгжлийг тодорхойлох нэг энгийн хэмжүүрийг энэ үзэгдлээс харж болно. Ном сайн гүйдэг болсон цагт бүр тодруулбал, том уран бүтээлчид мөнгөтэй болж, зөвхөн сайн уран бүтээл хийх боломж бүрдсэн цагт нийгэм хөгжсөн байдаг. Учир нь хүмүүс зөвхөн ходоод гэлтгүй гэр орныхоо амьдралыг цэгцлээд амжчихсан байх нь. Одоо цаашдын сайн сайхан амьдралд хэрэг болох ерөнхий эрдэм, сэтгэлийн боловсролоо дээшлүүлье гээд гүйх нь л дээ. Уг нь эдийн ядуурал оюуны ядуурлыг төрүүлдэггүй. Харин оюуны ядуурал эдийн ядуурлыг төрүүлдэг гэдэг. Харамсалтай нь жоргүй орчлон юм даа.Агуйд сууж, бүтээлээ туурвидаг байсан эрт үед өөр байсан биз. Агуй гэдгээр ном хэвлэх технологи хөгжөөгүй, зохиол нь амнаас ам дамжин тархдаг байсан үеийг хэлж байгаа юм аа. Яг л тийм агуйн орчин миний шинэ романд гардаг.

-Таны “Солонгон хөндий” яг юун тухай роман бэ гэж асуувал том зохиолын агуулгыг нэг үгээр хэлэх амаргүй л байх даа.

-Тийм ээ, баярлалаа. Ёстой амаргүй юмны нэг тэр байна. Өгүүллэгийг товчхондоо тийм зүйлийн тухай гээд шууд хэлчих боломжтой. Харин романыг байтугай туужийг ч шуудхан тэр тухай, энэ тухай гэхэд хэцүү. Сэтгэлийн орон зай уудам шүү дээ. Шуудхан хотын залуусын адал явдлыг үзүүлсэн гэвэл зохиолд адал явдлаас өөр юм бишгүй бий. Шунал, эндүүрэл, хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл гээд тоочоод байвал барагдахгүй. Уулын амьдрал гэвэл үйл явдал зөвхөн ууланд өрнөхгүй. Уул усны үйл зүйл бол хүний ертөнцийн явдлаас хавьгүй баялаг болохоор тэр үг хангалтгүй. Язгуурын монгол гэгээнтний тухай гэвэл шар, эсвэл хар ламын номоос хол, хангай дэлхийг бурхан хэмээн дээдэлсэн уул усны хүн санаанд буувч тоймлоод хэлэх аргагүй. Зөн билэг гэвч бодит хийгээд бодит бусын ертөнц холилдох тул нэг мөр нэрлэх аргагүй. Аль Манжийн үеэс их хэлмэгдүүллийн он жилүүдийг туучаад энэ манай үе хүртэлх үйл явдал гэвэл түүх мөн гэвч өвөрмөц содон амьдрал тэнд голлоно. Тэгэхээр бөөрөнхийлөхөөс өөр арга алга. Уншигчаасаа далдалсан арга заль байна гэж битгий бодоорой. Үнэндээ сар жилээр сууж бичсэн зохиогч би бээр өөрөө ч шуудхан хэлж чадахгүй нь. Юутай ч байгалийн араншин бол хүний сэтгэлийн араншин юм. Байгалийн хууль бол хүний амьдралын жам юм гэдгийг үзүүлэхийг хүссэн. Уулын уруу өнхөрч яваа бөөрөнхий чулуу шоргоолжийг бяц дайрдаг. Уулын ирвэс янгирыг элдэн хөөнө. Энэ нь үхэл амьдралын тэгш тоотой сугалаанаас ганцыг сугалах мэт осолтой боловч хөөцөлдөхөөс өөр арга тэдэнд байхгүй. Жигүүртэн шувууд тэнгэрээр нисэлдэвч бууж ирэхгүй бол бахардаж унана. Энэ бол хүний амьдралын жам шүү дээ. Гэнэтийн зүйл орчлонд цөөнгүй. Үхлээс зугтаж амьдравч нэг л өдөр өнөөхтэйгөө зайлшгүй нүүр тулна, эзэн хаан мэт өндөрлөгт байвч эгэл олныхоо дунд бууж ирэхгүй бол уруудаад зогсохгүй буруудна. Хүний эрдэм боловсролоос илүүтэй хайраас билгийн гэгээ сацардгийг би олж харсан юм. Тэр гэгээнд бүхэл бүтэн ертөнц цогцолж, цогцолсон тэр ертөнц рүү нь өөр нэгэн хүн яваад орчихыг би харсан. Харсан гэж хэлбэл буруудах биз, зүүдлээ юм байлгүй.

-Хайраас билгийн гэгээ цацарч, тэр ертөнц рүү нь өөр хүн яваад орчихно гэхээр үнэхээр сонин санагдаж байна?

-“Солонгон хөндий”-г уншиж байж л ойлгох байх. Тайлбарлая гэвэл хүмүүсийн толгой эргүүлэхийн нэмэр биз. Ямартай ч хүн өөрийн бий болгосон ертөнцдөө амьдарч болно. Амьдраад зогсохгүй бусдыг тэр ертөнцдөө хөтлөн оруулж бас болох юм. Хүн өөрийн гараар барьсан орон гэртээ амьдраад байж болж байхад оюун санаагаараа бий болгосон ертөнцдөө амьдарч яагаад болохгүй гэж. Хүний амьдралын ихэнх хэсэг нь хийсвэр орон зайд өнгөрдөг. Дурсамж, бодол, гуниг, гэмшил, харуусал, шунал, хүсэл мөрөөдөл, хайрын совин, зүүд зөн гээд. Яг одооны амьдрал гэвэл чи бид хоёрын ярилцаад сууж байгаа энэ л агшин шүү дээ. Тэгэхээр хүний амьдралын салшгүй болоод томоохон орон зайг эзлэх тэр зүйлийг би хүний мөн чанар гэж ойлгодог. Хүн энэ орчлонгоос буцахдаа ч тэр л сэтгэлийн ертөнц рүүгээ явдаг байх. Гэхдээ зохиол зөвхөн бэлгэ шинжээр хязгаарлагдахгүй. Түүх шастир, гүн ухаан, адал явдал, уул усны амьдрал, хотын чимээ шуугиан гээд бишгүй юм бий. Роман маань зүүд шиг амьдрал, амьдрал шиг зүүд, зүүд ба амьдрал гэсэн гурван бүлэгтэй. Зүүдээр дээр хэлсэн сэтгэлийн орон зайг төлөөлүүлсэн юм.

-Үнэндээ овор хэмжээ, сэдэв агуулгыг нь ч бодсон нэг үгээр хэлэх хэцүү байх...

-Харин тийм л болчихоод байна. Нөгөө талаар монгол хэлнийхээ баялаг уламжлалыг үргэлжлүүлэхийг хичээсэн. Ер нь уран зохиол бол хуурай тоочилт биш. Үйл явдал хэчнээн сонирхолтой ч үг хэл цэгцрээгүй бол тэр уран зохиол болж чадахгүй. Саяхан цахим орчинд нэг аятайхан юм нийтэлсэн байсан. Үйл явдлыг нь тоочоод биччихсэн байхгүй юү. Энэ сэдвийг ашиглаад өгүүллэг бичвэл сайхан материал байна даа гээд сэтгэгдэл бичсэн чинь би буруудаад явчихлаа. Ахаа, энэ чинь өгүүллэг шүү дээ гэж байна. Хөөрхөн юм аа, бас. Уран зохиол гэдэг бол үйл явдлын хуурай тоочилт биш, өөр олон зүйлээс бүрддэг гэдгийг цахимын зарим залуус ойлгож амжаагүй явна. Ер нь би боддог юм. Хүмүүс үйл явдал, сэдэв агуулга сонирхохоос гадна бичгийн сайхан хэл найруулга, зөн билэг, уран сэтгэмжид татагддаг. Сэдэв агуулга сонирхолтой байхаас гадна хэл найруулга сайн бол уншигч маань ядахнаа уйдахгүй шүү дээ. Уншигчаа уйдаагаад зогсохгүй хүчээр эвлүүлсэн өгүүлбэрийнхээ утгыг олуулах гэж түүнийг зүдрээх нь зохиолч хүний хувьд ёстой байж болохгүй юмны нэг. Сайн зохиолыг уншаад хүн сайхан мэдрэмж авдаг бол муу зохиолыг уншихаараа бухимддаг. Сар жилээр сууж ном гаргачихаад хүн бухимдуулаад яах вэ дээ, тийм биз. Бас уншиж дууссаныхаа дараа бодох юмтай үлдээсэй гэж зорьсон. Эртний зузаан их түүхтэй, өндөр түвшинд сэтгэж явсан бичгийн мэргэдийн үр хойчис шүү дээ, монголчууд бид.

-Ном уншихын ач холбогдлыг та юу гэж хэлэх вэ?

-Бас л сэдвээ тодотгоё. Уран зохиолын ном уншихын ач холбогдол. Юуны өмнө номыг цаасан хэлбэрээр өөрөөр хэлбэл, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ном байдлаар нь авч уншихыг эрхэмлэдэг. Үнэ цэнэтэйгээс гадна эрүүл мэндэд, боловсрох соёлд тустай. Том ном унших гэж дэлгэцийн гэрэлд нүдээ ширгээж, эрчим энергиэ гэмтээгээд яах вэ дээ. Би зохиолчдоо оюуны тамирчидтай зүйрлэн бодох дуртай байдаг юм. Оюуны тамирчдын хүч чадал, арга мэх шавхагдашгүй. Ямар 30, 40 хүрээд амжилт нь буурчих биш. Харин ч нас явах тусам улам туршлагажиж, оюуны бяр суудаг. Төрөлхийн асгарсан их авьяас цогцлоогүй л бол зарим залуучууд номонд аргагүй балчирддаг. Шүүмжлэгчид гэлтгүй уншигчид ч гэсэн тийм залуусыг ойлгох хэрэгтэй. Өхөөрдөх гэх нь ч хаашаа юм. Залуу насыг ямар дайраад өнгөрөөгүй биш. Хашир хүнтэй зөвлөхгүй бол өөрийнх нь бичсэн зүйл тасархай санагдах нь аргагүй. Аягүй бол дэргэд нь өөр шиг нь хөөрхөн амьтад бас дөгөөгөөд сууж байгаа. Ойлгож туулдаг хорвоо шүү дээ. Манайхан цахим сүлжээнээс хааяа нэг цэцэн мэргэн үг уншаад ямар сайхан үг вэ гэж бахдаж бахархдаг. Тэгвэл уран зохиолын ном уншихад яадаг билээ. Уярлын, догдлолын, гунигийн, хайрын төлөвт их удаан хугацаагаар оршдог. Уярлын, ухаарлын төлөвт удаан байснаараа хүн өөрчлөгддөг. Уярал ухаарлын төлөвт удаан байна гэдэг нь сэтгэл оюунаа боловсруулж байгаа хэрэг. Номын гэгээ гэж үүнийг л хэлж байгаа юм. Тамирчид удаан хугацаагаар бэлтгэл хийж байж сайн тамирчин болдогтой л төстэй дээ. Өдөр бүр төмөр өргөөд л байвал ачааллаа даахын тулд булчин аяндаа тэлж томроод ирдэг. Түүнтэй л адил.

- Залуу зохиолчид ном бичиж, мөн­гө­тэй болохыг хүсдэг юм болов уу?

-Мөнгөтэй болохыг хүсэх нь буруу биш. Гэвч бас амаргүй. “Эв нь хэрвээ таарвал бороо шиг шуугиад орно, эгдүү нь хэрвээ хүрвэл шороо шиг шуураад одно” гэж дуу хүртэл байдаг байх аа. Үнэндээ өнөө цагт уран зохиолын номоор их мөнгө олох боломж бага.Огт байхгүй гэх нь хаашаа юм, гэхдээ бага. Р.Гамзатовын “Миний Дагестан” гэж ном бий. М.Цэдэндоржийн орчуулга. Тэр номонд гардаг даа, ардын уран зохиолч Абуталиб гэж. Жинхэнэ утгаараа ардын уран зохиолч болсон мөртөө мөнгөгүй л байдаг шүү дээ. Хотын даргатайгаа билүү ярьж суугаад тэр шинэ байр гуйдаг. Зүгээр гуйхгүй ээ бас. Би дөнгөж саяхан залуу эхнэр авсан. Хүүхнүүд намайг ардын уран зохиолч, өдий төдий шагналтай болохоор баян гэж бодоод надтай суудаг. Дараа нь тэд хонгилд амьдардаг ядуу Абуталибыг хараадудалгүйяваад өгдөг. Би энэ шинэ эхнэрээсээ салмааргүй байна гэж шалсаар байгаад байр авчихдаг. Цаашаа сонин юм их гарнаа. Абуталибт их усны эрэг хөвөөнд байр өгчихөж байгаа юм. Өдөр болгон их усны эрэг хөвөөг харах болсон Абуталиб тэнгис далайн тухай бичиж чадахаа больчихдог. Өдөр бүр нүдний өмнө цэлэлзэж байдаг бэлэн зэлэн зүйлийн тухай бичих амтгүй болчихгүй юу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.7  БААСАН  №116  (6083)