Б.ДОЛЖИНЖАВ

Монголын кино институтийн долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын кино наадмын нээлт өчигдөр “I Cinema” кино театрт боллоо. Наадамд Монгол, Хятад, Индонез, Герман, Польш, Сингапур улсын уран бүтээлчдийн кино өрсөлдөж байгаа юм. 2013 оноос хойш 62 орны 1624 бүтээлээс 184 богино бүтээл кино наадмын уралдаант хэсэгт шалгаран өрсөлдсөн байна. Энэ жил богино хэмжээний киноны уралдаант хэсэг, бүрэн хэмжээний киноны үзвэрүүд, Мастер класс, хэлэлцүүлэг гэсэн хэсгээс бүрдэж байгаа аж. Монголын кино институтийн тэргүүн, ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн кино наадмыг нээж “Энэ наадам нь кино урлагийн гайхамшгийг сэтгэл зүрхэндээ мэдэрч, хүн төрөлхтний ойртон нягтрах үйлсэд өөрсдийн дуу хоолойгоо өргөх эрхэм зорилго өвөрлөсөн залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг уулзалт болж чадсанд би гүн талархалтай явдаг.

Монголын кино урлагийн нүүр царай болж, ирээдүйн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж яваа бүх хүнд энэ наадам уулзалт, ивээл соёрхлын дэвжээ болсоор ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна” гэсэн юм. Харин Монголын кино институтийн гүйцэтгэх захирал Б.Батгэрэл “Энэ жил Израйль, Канад, Сингапурын бүрэн хэмжээний есөн кино, Германы хоёр үзвэр оролцож байна. Уралдаант хэсэгт 64 орны 480 бүтээл хүлээж авснаас ОХУ, АНУ, Дани, Австри, Герман, Швейцарь, Ирланд, Япон, Францын 19 кино шалгарсан. Кино бүтээх шинэлэг арга техникийг эрэлхийлсэн, зохиолын хувьд сайн, чанарын өндөр түвшинд хийсэн шалгуураар сонгож авсан. Богино хэсэгт Монголын 19 кино өрсөлдөнө” гэв. Шүүгчээр Монголын кино институтийн тэргүүн, ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн, уран бүтээлч, аниматор Б.Ундрам, зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх, 48 цаг кино наадмын продюсер Н.Цогтбаяр нар ажиллах юм байна.

“Алтан хальс” наадам Хятадын VI үеийн найруулагчдын томоохон төлөөлөгч Ван Чюананийн “Өндөг” киногоор нээлтээ хийлээ. Киноны продюсерээр Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт ажилласан байна. Ван Чюананийн кинонууд Хятадын хөдөө тосгоны амьдралыг ихэвчлэн хөнддөг юм. Энэ удаа Монголд зураг авалтаа хийсэн “Өндөг” киногоороо ч хөдөө нутгийн амьдралыг харуулахыг зорьжээ. Тэрээр “Би өөрийгөө монгол хүн гэж боддог. Миний дотор монгол хүн байгаа гэж үргэлж бодож явдаг. Тиймээс хөдөө нутгийн амьдралыг киногоогоо харуулсан” гэв. Түүний ӨМӨЗО-ы монголчуудын талаарх “Туяагийн хурим” бүтээл Берлиний кино наадмын шилдэг бүтээлд олгодог “Алтан баавгай” шагналыг хүртэж байсан бол “Өндөг” кино Берлиний кино наадмын уралдаант хэсэгт өрсөлджээ.

Энэ удаагийн кино наадамд бүрэн хэмжээний хоёр Монгол кино өрсөлдөж байгаа. Найруулагч М.Сэргэлэнгийн “Алсад гялалзах тэр нэгэн од” кинонд бяцхан охин, бөө өвгөн хоёрын дүрээр хүн ба нийгэм, хүн байгаль хоорондын зөрчлийн тухай өгүүлэх аж. Харин найруулагч Г.Жигжидсүрэнгийн 1991 оны “Бүлээн нурам” киногоор наадам хаалтаа хийх юм байна. Он цаггүй домгоос сэдэвлэсэн энэ кино нь яруу найрагч агсан Б.Лхагвасүрэн, Г.Жигжидсүрэн нарын “Мөхлийн ирмэгт” цувралын хоёр дахь бүтээл юм. Уг кинонд галав юүлж, Агчин өвгөн Эсү, Мэсү хоёр охинтойгоо ертөнцөд үлдэж, өөрийн үр удмаа хорвоод үлдээх гэж амь тэмцэн шаналж буй тухай өгүүлэх юм байна.

Маргааш найруулагч М.Сэргэлэнгийн “Алсад гялалзах тэр нэгэн од” кино, Сингапур найруулагчийн Ү Жүнь Фөний “Дагалдан” кино гарахаас гадна Польш зураглаач Артур Журавски сургалт зохион байгуулах аж. Кино наадам энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн шилдэг 10 гаруй бүрэн хэмжээний кино, уралдаант хэсгийн богино бүтээлүүдийг өдөр бүр үзэгчдэд хүргэх юм. Үүнээс гадна кино наадмын нэр хүндтэй кино найруулагчдын сургалтуудыг үнэ төлбөргүй зохиох ажээ.

Эх сурвалж www.polit.mn