Ч.ОЛДОХ
Туркийн Антала хотноо болсон Сурагчдын шатрын ДАШТ-нээс алтан медаль хүртсэн 53 дугаар сургуулийн сурагч Э.Энхриймаа, түүний дасгалжуулагч Монголын хүүхдийн ордны багш, Олон улсын шүүгч Ш.Батбилэг нартай ярилцлаа.
Э.Энхриймаа:
-Дэлхийн шатрын тэмцээнд эх орноо төлөөлж амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээний талаар хэвлэлээр мэдээлэл гараагүй. Тийм болохоор манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Баярлалаа. Анх удаа дэлхийн том тэмцээнд оролцсондоо баяртай байна. Туркийн Антала хотод болсон Сурагчдын ДАШТ дөрөвдүгээр сарын 17-ноос тавдугаар сарын 27-ны хооронд зохиогдсон. Бид Монголоос 23 –уулаа очиж оролцоод, нийтдээ долоон медаль авлаа. Гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Энэ тэмцээний 10-11 насны ангилалд би, 12-13 насны ангилалд Х.Баясгалан, 16-17 насын ангилалд 74 дугаар сургуулийн сурагч Ө.Хишигжаргал алтан медаль хүртсэн амжилттай Эх үрсийн баярын өмнөхөн эх орондоо ирсэн.
-Өсвөрийн шатарчдын тэмцээнд дэлхийн хэдэн улс, хэчнээн тамирчин оролцсон бол?
-Энэ тэмцээн нь Сурагчдын ДАШТ гэж нэрлэгддэг. Өсвөрийн ДАШТ гэж тусдаа зохион байгуулагддаг. Энэ удаагийн Сурагчдын ДАШТ –нд дэлхийн 33 улсын 395 тамирчин оролцсон. Тэмцээнд явахын өмнө багш нар маань бидэнд “Энэ тэмцээнд Монголын тамирчид байнга амжилттай оролцож ирсэн. Та нар энэ замналыг таслаж болохгүй шүү” хэлж байсан.
-Өөрөө хэзээнээс шатраар хичээллэв. Өмнө нь тэмцээн, уралдаанд оролцож байв уу?
-Би 53 дугаар сургуулийн 5 “А” ангид сурдаг. Таван настайдаа шатар тоглож сурсан. Эмээ маань миний анхны багш, Ж.Дэнсмаа гэж хүн байдаг. Миний хувьд зургаан настай сургуульд ороод шатрын дугуйланд орсон. 2016 онд Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртсэн. 2018 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 10 хүртэлх насны ангилалд алтан медаль хүртсэн. 2019 онд “Цодгор хүү” улсын аварга шалгаруулах тэмцээний 11 хүртэлх насны ангилалд оролцож алтан медаль авсан. Энэ тэмцээнд түрүүлсний дараа шатраар тууштай сайн хичээллэе гэж бүр ч их бодох болсон.
-Шатраар хичээллэснээр чи юу олж мэдэв, бас юу сурав?
– Багш нар болон манай эмээ ярихдаа “Хувь хүний төлөвшилд сайнаар нөлөөлдөг” гэж хэлж байсан. Харин би шатар тоглож сурах нь ямар ч хүнийг тайван, хүлээцтэй, тэвчээртэй болгодог юм уу гэж боддог.
-Жишээ нь, шатар чамд яаж нөлөөлөв?
-Шатар тоглож байхад гадаа гарч тоглоё гэх юм уу, телевизээр кино үзье, гар утсаар тоглоом тоглоё, амттай юм идье гэж огт бодогддоггүй. Яаж хожих вэ, яаж нүүх вэ гэж л бодно. Хожигдвол би юунаас болж хожигдов гэдгээ бодоод л байдаг. Хожсон ч гэсэн эсрэг талынхаа тоглогчийн сонирхолтой нүүдлийг бодож, хариулах аргыг бодоод байдаг юм.
-Тэгвэл чи өдөрт хэдэн цагийг шатар тоглоход зориулдаг вэ?
-Би эхлээд хичээлээ давтаж, даалгавраа хийдэг. Бас дүүгээ харна. Дараа нь шатар тоглодог. Шатар тоглоход хоёр юм уу, гурван цагийг л зориулдаг.
-Танай гэр бүл, ах эгч нар дотор шатар сайн тоглодог хүн байна уу?
-Байхгүй. Би айлын том охин, доороо нэг дүүтэй. Дүү маань шатар тоглодог. Дүүтэйгээ шатар тоглох гоё байдаг. Дүүгээ хараад, бас зүгээр суухгүй шатраа тоглоод…
-Чиний мөрөөдлийг сонирхож болох уу?
-Сайн шатарчин болж Б.Энхтуул эгч шиг дэлхийн шатрын их мастер болох юм сан гэж мөрөөддөг.
-Мөрөөдлөө биелүүлээрэй. Амжилт хүсье.
Ш.Батбилэг: МАНАЙ ТАМИРЧИД АЗИ, ДЭЛХИЙН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮЛЭХЭЭР БАЙГАА
-Таны шавь ДАШТ-нд амжилттай оролцоод иржээ, та бүхэнд баяр хүргэе. Энэ хүртэл шатрын спортоор хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Баярлалаа. Шавь нартаа болон шатрын спортын төлөө зүрх сэтгэлээ, цаг заваа зориулж байдаг бүх хүнд талархал илэрхийлье. Туркт болсон Сурагчдын дэлхийн аваргын тэмцээнд оролцсон шавийг маань ивээн тэтгэж, зардлыг нь даасан “Номин констракшн”ий хамт олонд баярласнаа илэрхийлье.
Миний хувьд Говь-Алтай аймагт есдүгээр ангийн сурагч байхдаа Өсвөрийн шигшээ багийн тамирчин болж байсан. 1990 онд манай аймгийн Өсвөрийн шигшээ баг тарж багш маань Шатрын сургууль байгуулахад тэнд багшилсан юм. Тухайн үед багшлах сонирхол бага, өөрөө шатар тоглох сонирхол их байлаа. Гэсэн ч хүчээр багш болж 1993-1997 онд Говь-Алтай аймагтаа Шатрын сургуульд багшилсан. 2001 онд Улаанбаатар хотд шилжин ирж, Сүхбаатар дүүргийн спорт хороонд шатрын дасгалжуулагч, Гурвантамир сургуульд шатрын багшаар, 2003-2006 онд Баянгол дүүргийн спорт хороонд шатрын дасгалжуулагчаар тус тус ажилласан. 2010 оноос Монголын хүүхдийн ордонд шатрын багшаар ажиллаж байгаа. Миний шавь Э.Энхриймаа бол дүүтэйгээ хамт миний удирдлагад шатрын спортоор бэлтгэл хийж байгаа.Дүү нь өнгөрсөн жил Шри-Ланкад болсон Сурагчдын Азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Эгч,дүү хоёр сүүлийн жилүүдэд улс,хотын аваргын тэмцээнд нэлээд амжилттай тоглож байгаа. Нэг айлын хүүхдүүд атал тоглолтын арга барил, темпийн хувьд өөр өөрийн онцлогтой. Э.Энхриймаа задгай өрөлттэй, хурц талдаа шийдэмгий дайчин тоглолттой. Дүү нь тогтуун тайван талдаа тоглодог. Хувь хүний чадварын хувьд хэн хэн нь онцлогтой.
-Шатрын спортод хувь хүний тоглолт, характер бас гардаг байх нь ээ?
-Тийм шүү, хувь хүний характер хамгийн тод гардаг спорт. Сая Туркт болсон тэмцээнийг багшийн хувьд интернэтээр орж харж байлаа. Шавь маань эмээтэйгээ хамт тэмцээнд явсан. Тоглолтыг харж байхад өөрийнх нь характер, шийдэмгий дайчин тоглолтууд харагдаж байлаа.
-Сурагчдын дэлхийн аваргын тэмцээнд манай тамирчид тогтмол амжилттай оролцож ирсэн гэсэн. Анхны шанг хэн татаж байсан юм бол?
-Манай улсаас хамгийн анх 2009 онд зохиогдсон Дэлхийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн шатрын их мастер Б.Энхтуул оролцож, алтан медаль авчирсан түүхтэй. Түүнээс хойшхи арваад жил Монголын тамирчид тасралтгүй амжилттай оролцож ирсэн. Сүүлийн жилүүдэд манай өсвөрийн тамирчид Ази, дэлхийн тэмцээнээс тогтмол медальтай ирж байгаа. Энэ бол шатрын хөгжлийн хувьд манай улс үсрэнгүй хөгжиж байгаагийн илрэл юм.
-Гэхдээ шатрын спортоор амжилт гаргахад цаг хугацаа их зарцуулдаг байх ?
– Шатар нэг талаас цаг хугацаа, нөгөө талаас хөрөнгө мөнгө шаарддаг. Мэдээж амжилт гаргахын тулд олон жилийн уйгагүй хөдөлмөр шаардах нь ойлгомжтой. Э.Энхриймаагийн хувьд өмнө нь Испанид болон томоохон тэмцээнд бэлтгэж байтал визний асуудлаас болоод явж чадаагүй. Ийм зүйл тамирчны сэтгэлзүйд их нөлөөлдөг. Бараг шатраа орхидог юм уу гэж байсан үе бий. Энэ жилийн хувьд бэлтгэл хийж байсан, бас ч гэж тэмцээнд оролцоод амжилт гарсан болохоор сэтгэл өндөр байна.
-Шатрын спортын тамирчид залуужиж байгаа нь илт мэдрэгдэх боллоо. Дэлхийн болоод манай улсын онцлог юу байна?
-Шатрын спорт дэлхий нийтэд хурдацтай хөгжиж байна. Сүүлийн үед интернэтийн хөгжлийг дагаад улам л хурдтай болсон. Бид хүүхэд байхдаа Оросын сэтгүүлүүдээс мэдээлэл авдаг байлаа. Сэтгүүл захиалаад түүнийгээ сарын дараа үзэх жишээний байсан. Тэгвэл одоо бүх тоглолтыг интернэтээр шууд харах боломжтой. Тэр утгаараа манайд ч гэсэн өсвөрийн тамирчдын амжилт өндөр байна. Ази,дэлхийд манай тамирчид дээгүүр тоглохоор байгаа. Өнөөдөр л гэхэд Өсвөрийн дэлхийн аваргатай, Сурагчдын дэлхийн аваргуудтай болчихлоо шүү дээ. Азийн сурагчийн дэлхийн аваргын тэмцээн бол сондгой насны ангиллаар оролцуулдаг. Өсвөрийн ДАШТ тэгш насаар явдаг, манай улсаас хоёр аваргатай болсон.
-Сүүлийн үед шатрын спортод манай залуу их мастерууд хүч түрж орж ирж байх шиг байна?
-Саяхан болж өнгөрсөн хагас шигшээд залуу их мастерууд өнгөлсөн. Хараад байхад хамгийн ахмад тамирчин 31 настай байсан. Өсвөрийн 5-6 тамирчин шилдэг 12-т багтсан. Шатрын хувьд нэг онцлог нь 11-12 насандаа бие бялдрын хувьд насанд хүрээгүй ч оюун санааны хувьд оргилд хүрчихдэг онцгой спорт. Дэлхийн их мастерууд бүгд 11-12 насандаа их мастер болсон байдаг. Энэ амжилт дэлхийд батлагдчихсан. Цаашид шатрын спортын хөгжлийг харахад их гүрнүүд нэгэнт бодлогоо гаргаад эхэлсэн. Эрэгтэй, эмэгтэй дэлхийн аваргыг БНХАУ, АНУ нөлөөгөөрөө авах, түүний төлөө тэмцдэг, мөнгө хаядаг болсон. Шатрын дэлхийн аварга болно гэдэг улс орноо баталгаажуулж явдаг. Тэр жишгээрээ хөгжил нь явж байна. Гэхдээ манай тамирчдын сүүлийн үеийн амжилт ч чамлахааргүй болсон шүү.
-Ойрын үед оролцох ямар тэмцээнүүд хүлээгдэж байна?
-Бид тэмцээнээс тэмцээний хооронд бэлтгэлээ тасралтгүй хийж явдаг. Сая насанд хүрэгчдийн хагас шигшээ тэмцээнээс ирээд 10 гарай хоногийн дараа Сурагчдын ДАШТ-нд бэлтгэлээ базааж тамирчдаа оролцуулсан. Энэ сарын 8-нд МҮЭСТО-нд “Мини шатар” тэмцээн болно. Наймдугаар сард Өсвөрийн ДАШТ БНХАУ-д болно. Хамгийн гол нь тэмцээн уралдаанд оролцоход тамирчдын зардал, мөнгөний асуудал хүнд байдаг. Нэг тэмцээнд оролцоход дараагийн тэмцээний зардлыг яаж олох вэ гэж сэтгэл зовниж байдаг даа.
Эх сурвалж: www.polit.mn