Д.НАДМИД

Монголын тамирчид тэр дотор чөлөөт, жүдо бөхийнхөн сар бүр шахам л гадаадад болдог олон улсын чанартай тэмцээнд явдаг. Өдий төдий медаль авлаа, тэр нь энэ нь аварга боллоо, алтан медаль зүүлээ л гэдэг. Сонин хэвлэлийнхэн бид ч тэр бүхэнд нь олзуурхаж манайхан хүчтэй, бяртай байна гээд бахархал болгож сурталчилдаг. Энэ нь ч тэр медаль хүртээд шагнуулаад ирэгсдэд таатай л байдаг байх. Саяхан гэхэд БНСУ-д жүдо бөхийн Зүүн Азийн АШТ болж Монголын шигшээ багийнхан хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль авлаа гэсэн мэдээ ирлээ.

Нэг тэмцээнээс аварга ч төрүүлсэн арав гаруй медаль авсан гэдэг сайхан л хэрэг. Дандаа залуучууд голлосон баг уг тэмцээнд очсон ч чамгүй амжилт үзүүлж л дээ.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Пунцагцэрэн, -100 кг-д О.Хангал нар аваргалж. Ирээдүйтэй жүдочид гэж тэднийг нэрлэхэд юу нь буруудхав. Гэхдээ тэр олон медалиар бид манай жүдочид мөн сайн байна шүү гэж бодомгүй. Олимп, дэлхийн аваргын тэмцээнд ийм амжилт гаргасан бол өөр хэрэг л дээ. Энд тэндгүй болдог олон улсын чанартай гэгддэг жижгэвтэр тэмцээнүүд чинь нэг талдаа зарим орны тамирчдад бол дасгал сургууль л юм шүү дээ. Жүдогоор гэхэд Япон, БНСУ-ынханд. Энэ улсуудаас энэ жирийн тэмцээнүүдэд дандаа эхлэн хичээллэгч залуучууд л ирдэг. Тэгэхэд манайхан нөгөө л шигшээд багтдаг хэдийгээ л явуулдаг. Тэд нь ганц медаль чангаадаг л болчихоод байгаа. Ноднингоос хойш Польш, Эмиратад болсон тэмцээнүүдэд яалаа. Аль алинд нь ганц М.Уранцэцэг маань л медаль авсан. Мөн саявтар Хятдад болсон тэмцээнээс хамгийн том медалийг Н.Түвшинбаяр аварга л чирч ирсэн шүү дээ.

Чөлөөтийнхөн Буриадын тэмцээнээс хэдэн медальтай ирсэн. Гэтэл бөхийн холбоод нь манайхан медаль аваад л байгаа гэдгээр “цадах” төдий л байх шиг. Одоо олимпийн эрх олгох тэмцээнүүд эхэлнэ. Тэгэхэд цол хэргэм өндөртэйгөөр нь тэр Д.Сумъяаг, Н.Түвшинбаярыг, С.Батцэцэгийг, Г.Мандахнаранг л сойм янзтай. Тэдний залгамж халаа гэж ер  хэн байна аа гэмээр. Олимп болоход ганц жилийн хугацаа үлдлээ. Тэгтэл тамирчдаа бэлдэж байгаа байдал төдийлэн харагдахгүй. Харин олимпод оролцох тамирчдын хувцасны шалгаруулалт зарлаж байх юм. Уг нь хэн хэн тэр хувцсыг өмсөх вэ гэдэг л хамгийн түрүүнд анхаармаар байна л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.4  МЯГМАР  №113  (6080)