Р.ОЮУН
Энэ удаагийн “Миний дуртай спорт” булангийн зочноор УДБЭТ-ын балетын жүжигчин М.Нандинцэцэгийг урьсан юм. Тэрээр “Балетын жүжигчид хөдөлгөөнтэй байдаг ч тэр бэлтгэлээсээ давж юм хийхгүй бол таргалчих гээд байдаг. Мөн дан балет хийхээр хөгждөггүй булчин гэж байдаг болохоор ажиллахгүй байгаа булчингаа давхар ажиллуулахын тулд спортоор хичээллэх хэрэгтэй. Тиймээс чөлөөт цагаараа усанд сэлэх эсвэл фитнессийн гүйлтийн замаар явах дуртай. Балетын бүжигчид өдөржингөө бэлтгэл хийгээд ядарч чангарсан булчингаа суллаж амраах ёстой байдаг болохоор усанд сэлдэг. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа нэг хэсэг таргалсан учраас биеэ галбиржуулахын тулд анх фитнессээр хичээллэсэн. Спортоор хичээллэх нь балетчин хүмүүст их чухал. Учир нь өөртөө илүү ачаа нэмж байж бүхэл бүтэн бүжгэн жүжгийг давах чадвартай болно. Энэ чадлыг бий болгохын тулд дуртай спортоороо хичээллэдэг. Мөн биеийн галбир, булчин шөрмөсний ажиллагаагаа сайн байлгахгүй бол нас ахиад ирэхээр хэцүү” хэмээн ярьж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин