Ж.ЦОГЗОЛМАА
АНУ-д хоёрдугаарт бичигддэг томоохон хөрөнгийн бирж Nasdaq-т хувьцаа гарагсан Хятадын “Luckin Coffee” фирм 561 сая ам.доллар босгосон талаар “Форбес” сэтгүүлд мэдээллээ. Гэвч шинжээчдийн дунд энэхүү өндөр өсөлт нь цаашид ашигтай үйл ажиллагаа болон ирээдүйн өсөлтийг нь хангаж чадах эсэхэд асуулт үлдээгээд байна.
Тайваны арал дагуу оршдог боомт хот болох Xiamen-д төвтэй энэ компани 30 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 17 ам.доллараар үнэлэн гаргасан юм. Ингэхдээ тэд хувьцааны ханш 15-17 ам.долларт хадгалагдана гэж төлөвлөж байжээ.
Luckin-ий IPO үнэлгээ 2.9 тэрбум ам.доллар хэмээн өнгөрсөн сард мэдэгдэж байсан ч энэ дүн 30 хувиар өсч 3.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэвч дөнгөж хоёр жилийн өмнө байгуулагдсан, бас их хэмжээний хямдрал зарладаг нь энэ компанид цаашид тогтвортой байж чадах эсэхэд асуулт болон үлдэж байна.
“Яг одоо хөрөнгө оруулагчид энэ компанийг сонирхон харж байна. Бас тэд өсөлтийг анзаарч, хүлээлт өндөртэй байна” гэж Шанхайд төвтэй “China Market Research Group” санхүүгийн зөвлөх үйлчилгээний газрын захирал Бен Кавендер хэлжээ.
Энэхүү компани нь хямдралын аргаар өрсөлдөөнд ялах стратеги барьдаг юм байна. Тэд “Starbucks”-ийн хэрэглэгчдийг өөртөө татахын тулд “Нэгийг ав. Хоёрыг харин үнэгүй ав” гэсэн бодлого хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн кофе хүргэлтийг илүү хурдан шуурхай болгоход анхаардаг бөгөөд хүргэлтийг 18 минутад багтаана гэсэн уриатай ажилладаг аж. Одоогоор энэ компани 16.8 сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж, Хятад даяар 2163 салбартай болжээ. Тэгвэл “Starbucks”-н Хятад дахь салбарууд 3600-д хүрээд байна.
Эх сурвалж: www.polit.mn