Д.ЖАВХЛАН
“Бодит амьдралаас монгол хүн та өөрийгөө сэдэвлэн бүтээ. Бид тусална” гэсэн сонирхолтой уриатайгаар “МХМ” авто сервис компанийг үүсгэн байгуулсан Д.Майнбаяр машин гэхээр амиа хайрлахгүй зүтгэдэг. Тэрээр хэзээ ч гар хумхин суудаггүй нэгэн юм. Түүнтэй авто ертөнцийн талаар ярилцлаа
-Таны хувьд машин гэж чухам юу вэ. Сонирхдог машиаа нэрлээч?
-Авто машин яг хүнтэй адилхан. Хооллоно, хувцаслана. Машиндаа байнга сайн үйлчилгээ хийгээд байвал дуулгавартай болчихдог юм. Миний сонирхол Мерседес бенз. Төмөр хүлгийн сайныг түүнээс мэдэрдэг.
-Танай уриа яагаад бодит амьдралаас гэж эхэлдэг юм бэ?
-Нөхцөл байдлаа харвал амьдрал тэр чигээрээ сөрөг байгаа юм шиг боловч бодит байдлын гүн рүү өнгийх юм бол залуу хүн өөрийгөө яаж ч илэрхийлэлээр болж болох боломж бий гэдгийг манай хамт олон нээхийг эрмэлзсэн юм.
-Та “TV-9” телевизтэй хамтран авто машин сонирхогчид болон жолооч нарт зориулсан нэвтрүүлгийнхээ онцлогийг хэлэхгүй юу?
-Хүн төрөлхтний мөнхийн хэрэглээ бол авто машин. Манай улсад 400 гаруй мянган авто машин бүртгэлтэй байдаг. Үүнээс 200 гаруй мянган машин нийслэлд зорчдог гэсэн судалгаа байна. Манай нэвтрүүлгийн зорилго нь жолооч нарт зөвлөгөө, танин мэдэхүй, мэдлэг мэдээлэл өгөх юм.Нэвтрүүлэг бямба гариг бүрийн 11 цагт “TV-9” телевизээр шууд гардаг. Жолооч нар өөрийн машины талаар ямарваа нэг асуудлыг 1913 дугаарын утас руу залгаж зөвөлгөө авч болох юм.
-Жолооч нар засварын газруудад төмөр хүлгээ засуулах гээд хамаг мөнгөө шавхчихдаг. Харин таны нэвтрүүлгийн заавар зөвлөгөөгөөр бие даан засвараа хийх боломж гарч байна гэж ойлгож болох уу?
-Наад захын тормосны накладыг хэрхэн янзлахыг мэдэхгүй хүн олон байдаг. Гэтэл наклад нүд ирмэх зуурт засвар авдаг юм. Ингэснээр жолооч нар мөнгө хэмнэх боломжтой болно. Манай нэвтрүүлгийн зорилго нь үндэсний авто сервисүүдийг дэмжих зорилготой.
-Өвөл болж буйтай холбогдуулаад та жолооч нарт ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүйтэнд тэсвэртэй масло, тосолоо солих хэрэгтэй. Монголын эрс тэс цаг уурт Японы масло, тосол тохирдог. Хамгийн гол нь тос, маслоо цаг хугацаанд нь солих хэрэгтэй. Ингэснээр таны машины элэгдэж хорогдох нь бага. Мөн хальтиргаа, гулгаа эхэлж байгаа болохоор өвлийн барьцалдах чадвар сайн дугуйтай хөдөлгөөнд оролцох нь өөрийн болон өрөөлийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм шүү.
-Масло, тосолыг хэдэн мянган километр яваад солих ёстой вэ?
-8-10 мянган километр яваад солих ёстой гэсэн стандарт байдаг ч манай орны эрс тэс хуурай уур амьсгал моторын тосны чанарт нөлөөлдөг учраас таван мянган километр яваад солих хэрэгтэй. Ингэснээр таны машины моторын насжилт удааширна. Мөн мотороо хамгаалахын тулд агаар шүүгчээ гурван мянган километр яваад үзэх хэрэгтэй. Манай жолооч нар бохирдсон агаар шүүгчийг гөвөх ч юм уу даралтад хийгээр үлээлгээд тавьчихдаг. Энэ нь буруу. Машин нэг литр шатахуун зарцуулалт үүнд ашиглагдах агаар нь 17.4 кг байх ёстой. Ийм байх байтал бохирдсон агаар шүүгчтэй байх нь бензин идэлт болон машины хүч гээд бүх зүйлд муугаар нөлөөлдөг. Хамгийн гол нь агаар шүүгчийг дахин ашиглаж болдоггүй юм гэдгийг анхаарах хэрэгтэй. Бохирдсон агаар шүүгчээ заавал шинээр солих ёстой. Хүнээр бол хамрыг нь бөглөөд уулын өөд мацуулахаар ямар байх билээ.
-Масло, тосолоо жолооч нар яаж шалгах ёстой вэ?
-Машинаа өглөө асаахаасаа өмнө шалгах нь үр дүнтэй байдаг. Өглөө бүр шалгах хэрэгтэй.
-Машины явах эд ангийг хамгаалахын тулд юунд анхаарах нь чухал вэ?
-Амортизаторыг солихын өмнө тулк резиныг шалгаад шаардлагатай бол сольж байж шинэ амартизаторыг тавих хэрэгтэй. Машины амартизатор нь үргэлж “Х” хэлбэртэйгээр эвдэрдэг. Жишээ нь баруун талын хойд хэсэг нь муудлаа гэхэд урд талын зүүн хэсэг мууддаг гэх зэрэг. Хэрэв жолооч нар муудсан амортизатороо солихгүй яваад байвал бусад эд ангид муугаар нөлөөлдөг. Хамгийн түрүүнд машины их биед дуу ордог. Иймд мөнгө хэмнэх үүднээс бүгдийг солих ёстой. Гол нь оргиналь сэлбэгээр солих хэрэгтэй.
-Бүх л сэлбэгийн газрууд оргиналь гээд байгаа. Оргиналь сэлбэгийг жолооч нар хаанаас авч болох вэ?
-Японоос жинхэнэ оргиналь сэлбэг оруулж ирдэг “Форвард моторс” гэж компани байгаа. Энэ компаниас авсан сэлбэг үйлдвэрээс шинээрээ ирдгээрээ онцлог юм.
-Зарим жолооч “Check” шар гэрэл асчихаад байхад мэддэггүйгээсээ болоод тоохгүй яваад байдаг байх. Энэ шар гэрэл юунаас болоод асаад байгааг та тайлбарлахгүй юу?
-”Check” шар гэрэл машины бүх электрон болон цахилгааны схемтэй холбоотой. Цахилгаан доголдсон учир “Check” гэрэл асч байгаа юм. Тийм болохоор авто сервисүүдэд хандах хэрэгтэй.
-JDi моторын талаар манайхан ам муутай байх боллоо. Та энэ моторын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед VBTi, JDi мотор, хропыг зарим засварын газрууд муу гэж худал сурталчлах боллоо. Үүнийг орчуулбал ухаалаг систем гэж ойлгож болно. Гэтэл зарим засварын газрууд мэдэхгүй болохоор муу гэж нийгэмд буруу мэдээлэл цацах болжээ. JDi мотор, хроп бол дэлхийн шилдэг технологи гэж ойлгох хэрэгтэй.
-Манай оронд зөв талдаа жолооны хүрдтэй машинд тааруулж замын хөдөлгөөний дүрэм гаргасан байдаг. Гэтэл сүүлийн үед буруу рультэй тэрэг олшрох болжээ. Үүнийг дагаад осол их гарах юм. Хэрэв нэгэнт буруу жолооны хүрдний байрлалыг машин худалдан авсан тохиолдолд жолооч нар рулиэ солих боломж бий юу?
-Ямар ч орны машин буруу болон зөв рультэй байхаар үйлдвэрлэгдсэн байдаг. Машины руль солиход руль, аппарат, хянах самбар, цээж утас, тормос, хааз консны педалуудыг солино. Осол их гарч байгаатай холбогдуулж бид бүхэн рулийн аппарат солих талаар судалгаа хийж байна. Зарим авто сервисүүд сольж байгаа. Хамгийн гол нь аюулгүй байдлыг сайн бодолцох хэрэгтэй. Рулийн цаана хүний алтан амь нас байдаг юм шүү.
-Машины урсгал засварыг хэдэн мянган километр яваад хийх ёстой вэ?
-Үйлдвэрлэсэн хугацаанаасаа хойш 300-500 мянган километр яваад урсгал засварыг хийх учиртай. Хэрэв жолооч нар машиндаа урсгал засвар хийх гэж байгаа бол “Авто хими” компанийн оруулж ирж байгаа сэлбэгийг туршаад үзэхийг санал болгож байна. Энэ компанийн оруулж ирсэн сэлбэгүүд сүүлийн үеийн нано технологоор хийгдсэн хуруувч резинийг солих шаардлагагүй давуу тал ажиглагдсан. Сүүлийн үед чанаргүй виьтнам засварын газрууд олширсон. Манай нэвтрүүлгийн гол зорилго нь монгол залуучуудыг сургах мэргэжил сургалтын төв нээх юм. Ингэснээр Монголын авто сервисүүд бий болж, залуучуудыг ажлын байраар хангах боломжтой болох юм. Хамгийн гол нь жолооч нар төмөр хүлгээ хямд төсөр найдвартай янзлуулахад оршино. Вьетнам засварын газрууд жолооч нарыг мэдэхгүйгээр далимдуулан үнэтэй, чанаргүй засаад байгаад би эгдүүцэж байна. Чанаргүй засварын цаана эрдэнэт хүний амь нас байдаг гэдгийг хаана хаанаа анхаарах хэрэгтэй. Тиймээс мэддэг чаддаг хүнийг нээж гаргах, олон нийтэд сурталчлан таниулахад оршино. Нэвтрүүлгийн маань гол зорилго жолооч, зорчигч, машиныг аврах юм.
-Мэргэжил сургалтын төв нээх тухай чихэнд чимэгтэй үг хэллээ. Авто засварын ямар төрлөөр засварчин бэлдэх вэ?
-Авто замаскчин, кузов засварчин, будагчин, цахилгаанчин, агергат засварчин гэх мэт төрөлжсөн засварчин бэлдэх болно. Тус төвд орох хүсэлтэй болгоныг авах боломжгүй. Бид сонгон шалгаруулж авна. Авьяас чадвар дур сонирхолтой байж чадварлаг засварчид гарна гэж бодож байна.