Л.ХЭРЛЭН
Монголын авто мастеруудын холбооноос зохион явуулдаг сонирхолтой уралдаануудын нэг нь “BAJA MONGOLIA” билээ. Нийт 50 километр замыг гурван удаа тойрч уралддаг тус уралдаан нь UAZ, UTV, MOTO, SUV, ATV гэсэн таван төрөлтөөр зохион байгуулагддаг. Энэ нь авто болоод мото спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчдийг нэг дор цуглуулж чаддаг бөгөөд үүгээрээ уламжлалт уралдаануудын нэг байсаар ирсэн. Нөгөөтэйгүүр ралли, кроссыг бодвол тамирчид нь өгөгдсөн цэгийн дагуу явж замаа урьдчилан үзэж уралддагаараа онцлог юм.
Аймаг сум дамжин хол зам туулж уралддаг раллиг үзэгч, фэнүүд нь даган явж үзэхэд хүндрэлтэй байдаг бол “BAJA150” тэмцээнийг гэр бүлээрээ агаар салхинд гарч амрангаа сонирхож, авто болоод мото спортын тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих боломжтой байдаг. Тэгвэл энэ сарын 18, 19-н буюу ирэх амралтын өдрүүдэд хотын утаа, тоосжилтоос хол Төв аймгийн Аргалант сумын нутаг “Цагаан хөтөл” хэмээх газарт “BAJA MONGOLIA” уралдаан болно. Уралдааны үеэр сэлбэг, техникийн холбогдолтой худалдаа, автомашиндаа үзлэг оношлогоогоо хийлгээд авах зэрэг цаг зав хэмнэсэн олон арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид онцоллоо.
Эх сурвалж: www.polit.mn