Х.Мөнхбаатар: Н.Ганбаатарыгаа нэг удаа дэмжчих, ах нь 70 саяыг өгье гэсэн

 

 

 

 

 

Р.Нямдорж: Би чамайг шүүхэд өгнө

 

Д.ЖАВХЛАН

 

Өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлав. Хэвлэлийн хурлын үеэр Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ тайлагнав. Мөн энэ үеэр үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахад улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нар допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн болохыг үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж тэнд цугласан хэвлэл мэдээллийнхэнд албан ёсоор зарласан нь анхаарал татав. Сэргээшийн хариуг зарлах үеэр улсын арслан Х.Мөнхбаатар ирсэн бөгөөд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж болон улсын арслан Х.Мөнхбаатар нар маргалдсан юм.

 

-Та сэргээшийн шин­жилгээнд хэдэн удаа орсон бэ?

-Би үндэсний их баяр наадамд ес дэхь жилдээ шөв­гөрч байна. Мөн Гуан­жугийн наадамд сэргээ­шийн шинжилгээ өгсөн гэхээр 10 дахь удаагаа сэргээшийн шинжилгээ өгөөд байна.

-Сэргээш хэрэглэсэн нь үнэн юм уу? 

-Би өнгөрсөн сар ши­нийн барилдаанд аварга С.Мөнхбаттай үзүүр тү­рүүнд барилдахдаа баруун мөрөндөө бага зэргийн бэртэл авсан юм. Бэрт­лийн төрөлд ууж болох Хятадын уламжлалт эм­чил­гээнд хэрэглэдэг бид­ний нэрлэдгээр Чилийсэн палийсан гэх эм уусан нь үнэн. Тэр эмийг бэртэл гэмт­лийн үед хэрэглэхийг зөв­шөөрдөг юм билээ.

Түүнээс биш сэргээ­шийн төр­лийн хүчтэй эм тан уу­гаа­гүй. Тэр эмэнд гармон өндөрсүүлэгч бай­сан. Зөв­шөөрөгдсөн хэм­жээ нь 5-9 байх байтал миний гар­монд 15 хувьтай гарсан гэсэн. Би энэ эмийг өмнө нь тэмцээн уралдаанд орол­цох­доо үр­гэлж уудаг бай­сан. Тэглээ гээд надаас сэргээш илэрч байгаагүй. Би юмыг яаж мэдэхэв гэж бодоод “Улаан­баатар сон­годо” эм­нэлэгт очиж шин­жил­гээ хийлгэсэн. Надаас сэргээш илрээгүй. Би тэр шинжилгээний хариуг Р.Ням­дорж тэр­гүүнд үзүүл­­сэн. Гэтэл тэр­гүүн Р.Нямдорж наадах чинь хамаагүй гэсэн юм. Би хувийнхаа зардлаар БНСУ-д өөрийн биеэр допингийн төв ла­бора­то­рид шинжилгээ хийл­гэ­сэн. Энэ лабора­торийн хариу 14 хоногийн дараа гардаг юм билээ. Би Р.Ням­дорж тэргүүнээс БНСУ-аас ирэх сэргээ­шийн хариуг хүлээ­нэ үү гэсэн хүсэлтийг бичгээр хүр­гүүлсэн. Энэ хүн ми­ний хүсэлтийг авсан. Гэх­дээ шинжилгээ­ний ха­риуг аваа­гүйд гайхаж бай­на. Шинжил­гээний хариу ямар ч гарах байсан юм билээ.

-Та гомдолтой байгаа юм уу?

-Тэгэлгүй яахав. Р.Ням­­дорж тэргүүн на­майг олон жил нүд үзүүр­лэдэг байсан. Би ч олон жил тэсч тэвчиж ирлээ. Яагаад гэвэл 2007 оны улсын баяр наадмаар би гарьд Н.Ганбаа­тартай до­лоогийн даваанд гарч ба­рилдсан юм. Тэгээд бид хоёрыг барилдахын өмнө Р.Нямдорж гуай надад санал тавьж байсан. Би түүний тавьсан са­налыг аваагүй учир на­майг өдий олон жил зуу­гаад байгаа юм. 

 -Нууц биш бол ямар санал тавьсан юм бэ?

-Миний хүү зургаа давчихлаа. Чи Н.Ганбаа­тарыгаа нэг удаа дэмжих хэрэгтэй байна. Ах нь чамд 70 сая төгрөг өгье гэсэн. Би ард түмнээ болон өөрий­гөө хуурахыг хүсээ­гүй. Залуу хүн зөвхөн цолны төлөө л барилдья гэж бод­сон. Тэ­гээд шудар­гаар барилдаж Н.Ганбаа­тар унасан. Тэр барилдаа­ны дараа Р.Ням­дорж тэр­гүүн миний ха­жууд ирээд “Чи яасан овоо хүү вэ, би ча­майг харна аа” гээд явсан. Би энэ хүний үгэнд нэг их юм бодоогүй. Эцэг хүний хувьд хэцүү байгаа байх гэж бодоод өнгөрсөн. 2009 оны баяр наад­маар шөв­гийн дөрөвт Г.Өсөх­баяр аварга бид хоёрын барил­даан дүр­мийн бус болсон гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа. Тэр барил­даа­ныг хөлийн цэц А.Ган­баатар, засуул Х.Пү­рэвээ гуай нар дэндүү муухай нэг талыг барьж шүүсэн нь энэ хүн­тэй салшгүй холбоотой. Тэр барилдаанд Өсөхөө авар­гыг хутгах мэх хийх гэтэл барилдааныг зогсоочих­сон. Дараа нь бусгаад мордох гэтэл бас л зог­соосон. Би тэр үед Мон­гол төрийн наадмаа хүнд­лээд гомдол санал гаргаа­гүй. Мөн Ж.Бат-Эрдэнэ гарьд бид хоёр түүхт 90 жилийн ойн баяр наадмаар долоо­гийн даваанд барил­даад бид хоёрын хөл ой­рол­цоо унасныг бичлэгээр хара­хад ойлгомжтой бай­гаа юм. Гарьд Ж.Бат-Эр­дэнэ бид хоёрын барил­даан талбайн баруун талд бол­сон. Тэнд хөлийн цэ­цээр Д.Бадрах шүүж бай­сан юм. Тэр хүн Р.Ням­дорж болон гарьд Ж.Бат-Эрдэнэ хоёрын нутгийн хүн. Би гомдолтой гээд талбайгаас гарахгүй зогсч эсэргүүц­лээ илэрхийлж байсан. Мөн л Монгол төрийн наад­маа хүндлээд талбайгаас гарсан. Энэ жил намайг допингийн хэрэгт холбоод байгаа нь учир би­түүлэг хэрэг юм. Энэ хүн­тэй маргасан хэн ч болов хариу амсах учир­тай гэж үү. А.Сүхбат авар­га, Б.Ган­тогтох гарьд нар залуугаараа зодог тайлсан нь гарцаа байхгүй Р.Ням­дорж тэргүүнтэй хол­боо­той.

Р.Нямдорж:

-Би Х.Мөнхбаатарыг ингэж ярьсанд харамсч байна. Энэ залууг хүү­хэд байхаас нь сайн мэд­нэ. “Х.Мөнхбаатар аа би чамд 70 сая төгрөг өгсөн гэж үү. Ийм муухай бодол хаа­наас төрдөг байна.

Х.Мөнхбаатар:

-Та өөрөө надад санал тавьсан. Би сайн санаж байна. Би таны саналыг зөвшөөрөөгүй учир ийм шийтгэл ам­сах ёстой юм гэж үү. Та хүргэн, хүүх­дүү­дээ чичирч дайрч цо­лонд зүтгүүлдгээ зогсоо.

Р.Нямдорж:

-Чи ингэж ярих юм бол би чамтай шүүх­дэнэ. Х.Мөнхбаатарт цаа­наас нь ингэж яриарай гэж захисан биз. Миний хүүг Монголын ард түмэн сайн мэднэ. Чам шиг юмаар заан болох хүн биш. Ча­майг гуйж цол авах ч үгүй. Чи ийм боловсролгүй юм ярьдаг байхгүй юу. Ард түмэн намайг мөнгө өгөөд хүүдээ цол гуйх хүн биш гэдгийг гэрчлэнэ.

Х.Мөнхбаатар:

-Та миний шинжил­гээ­ний хариуг яагаад хү­лээгээгүй шалтгаанаа тайл­барла. 

Р.Нямдорж:

-Би чиний шинжил­гээ­ний хариуг 40 хоног хү­лээлээ. Үүнээс илүү хэд хоног хүлээх байсан юм. Намайг яасан муухай гөр­дөж байна вэ. Тэгж ярих юм бол наадмаар хүү­гээ барилдахад нь би сууд­лаа­саа огтхон ч босоогүй. Би чамайг ингэж ярьсанд гайхаад барахгүй үзэн ядаж байна. Чи баримтгүй зүйлээр хов жив хөөцөл­дөхөө боль. Яс юман дээ­рээ Ж.Бат-Эрдэнэ гарь­дад унасан. Тэгээд тал­бай­гаас гарахгүй боло­хоор Б.Бат-Эрдэнэ аварга ин­дэр дээрээс бууж ирээд чамайг талбайгаас гарга­сан. Мундаг хүний шавь ийм хөгийн юм ярьж бай­гаад харамсч байна. Ча­маас сэргээш илэрсэн биз дээ. Тэгээд Р.Нямдорж руу дайраад салчихаж болдог гэж бодож байна уу. Хууль нарийн болсон шүү гэд­гийг анхаараарай. Чиний ярьж байгаа шиг мөнгө төгрөг, өгч авч байсан удаа надад байхгүй. Олон хүн чи бид хоёрын яриаг сонс­сон шүү. Би чамайг шүү­хэд өгнө. Чамайг сайн бөхөө болоосой гэж бодож байхад чи мунхаг юм ярьж байх гэж дээ. Өөрийнхөө зам дээр чулуу хаяж бай­гаа­гаа ухаарч байна уу. Би монгол бө­хийн найраа гэдэг зүйлтэй 1990 оноос хойш тэмцэж ирсэн. Хүү­гээ найраа­гаар улсын на­чин болс­ноос насаараа аймгийн арслан цолтой үлдээрэй гэж захидаг бай­сан. Чи намайг шалгуу­лаа­рай. Би амьдралдаа 70 сая төгрөг барьж үзээгүй. Ийм юм яриад чи хол явах­гүй. Надаас болж А.Сүхбат зодог тайлаагүй юм шүү. А.Сүхбат давдаг хүнээ давахаа больсон учир зо­дог тайлсан гэж хэлсэн биз дээ. Тэр яриа бидний архивт байгаа. Залуу хүн ийм болхи аргаар амь­дарч болохгүй.

Х.Мөнхбаатар: 

-Миний замын өмнө чулуу тавина гээд на­майг заналхийлж болох­гүй. Би үгээ ард түмэндээ хандан хэлж байгаа боло­хоос биш Р.Нямдоржид хэлээгүй юм шүү. Та на­майг яс үндсээр нь гадуурхах эрх­гүй шүү. Би энэ хүний золиосонд олон удаа өрт­сөн. Тиймээс надад айх зүйл алга. Та надтай шүүх­дэнэ гэлээ. Шүүхээр явах нь таны эрх. Би ч мөн шүүхээр явна.