Жозе Моуринью Фото: Reuters
Д.АРИУН
Хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч, Португалийн уугуул Жозе Моуринью Италийн Rome-гийн ерөнхий дасгалжуулагчийн албанд очихоор болсон талаар өнгөрсөн баасан гаригт L’Equipe мэдээлсэн байна. Хэвлэлийн мэдээгээр бол, өдгөө 56 настай дасгалжуулагч италичуудтай яриа хэлэлцээ хийж байгаа нь тодорхой болжээ.
Rome-гоос өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Эусебио ди Франческо явсан бөгөөд одоогоор багийг удирдаж байгаа Клаудио Раньеригийн гэрээний хугацаа энэ улирлын тоглолтын дараа дуусгавар болох аж.
Жозе Моуринью 2016 оноос Манчестер Юнайтед-д ажиллаж, Европын лиг, Английн супер цомд амжилт үзүүлж байсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард халагдсан. Түүнээс хойш хэсэг нам гүм байсан дасгалжуулагч өнгөрсөн гуравдугаар сард дасгалжуулагчийн ажилдаа дахин орох хугацаагаа зарлаж байсан. Тэр үед зарлаж байсан эргэн ирэх хугацаа нь зургадугаар сар байсан билээ.
Эх сурвалж: zms.mn