Ч.ТУЛГА

Эх орныхоо бахархал болсон уран бүтээлчийн нэг, дуурийн дуучин Ч.Бадрал  олон улсын уралдаанаас эх орондоо дахин нэг Гранпри авчирлаа. Тодруулбал, энэ сарын 19-23-нд ОХУ-ын Якутскд анх удаа зохион байгуулсан Олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэрээр тэргүүлжээ. Уралдаанд 10 гаруй  орны дуучид өрсөлдсөн байна. Итали улсын томоохон театруудад гэрээгээр ажиллаж буй Ч.Бадрал энэ уралдаанд урилгаар оролцсон байна. Манай улсаас УДБЭТ-ын концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго тэргүүтэй дуучин С.Бат-Эрдэнэ, Г.Энхнаран, Э.Мөнхтөр  нар оролцжээ. Уралдааны дүн гарахад Э.Мөнхтөр II байрт, дуучин С.Бат-Эрдэнэ тусгай байрт шалгарчээ. Дуучин Ч.Бадрал өнгөрсөн хоёрдугаар сард Италийн алдарт “ЛА СКАЛА” театрт дуулсан билээ. Мөн зургадугаар сард Англид болох Дэлхийн дуучдын “Кардифф” уралдаанд дэлхийн шилдэг 20 дуучны нэгээр шалгараад байгаа юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин