Ч.ГАНТУЛГА
Монголын кино урлаг 1936 оноос эхтэй. “Норжмаагийн зам”-аар эхлэлээ тавьсан энэ салбарынхан өнгөрсөн хугацаанд унаж босч, алдаж онож, явсаар өнөөдөртэй золгов. 1936-2000 он хүртэл буюу 56 жилийн хугацаанд нийт 292 бүрэн хэмжээний уран сайхны кино, 900 гаруй баримтат кино бүтээсэн бол үүнээс хойш 19 жилийн хугацаанд энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Өнөөдөр өдөр бүр нэг шинэ кино нээлтээ хийж, араас нь үзэгчдээ хүлээсэн киноны урт цуваа үргэлжилсээр. Жилд дунджаар 30-40 кино албан ёсоор нээлтээ хийдэг. Үүнийг бид хөгжил гэж харах уу. Нээлтээ хийсэн шинэ бүтээл бүрийг Монголын кино урлагийн нүүр царай гэж үнэлэх үү. Тэд кино хийхийн тулд банкнаас зээл авч, байраа хүртэл зарсан тохиолдол цөөнгүй. Гэвч ашигаа олж, овойж оцойтлоо баяжсан нь хэд юм бол. Нэг ёсондоо Монголын киночид урд хормойгоороо ард хормойгоо нөхөж, бор зүрхээрээ зүтгэж яваа нь нууц биш. Нэг бүтээл хийгээд нээлтээ хийж амжаагүй байхад нь хуулбарлаж аваачаад зарчихдаг шударга бус нийгэмд уран бүтээлчид маань хохирч байна. Оюуны өмчийг нь хулгайлчихсан этгээдэд хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчин хаана байна вэ. Үүнийг цэгцэлж, нэг журамд оруулахад киноны хууль үгүйлэгдэж байна.
БСШУСЯ-наас дахин хуулийн төсөл боловсруулсан
Уран бүтээлчид маань хуультай болж, эрх ашигаа хамгаалуулахаар нэгдэж, киноны хууль боловсруулсан. Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт киноны салбарын үйл ажиллагаа, киноны эрх зүйн байдлыг хуульчлахаар заасан байдаг. Гэвч тухайн хуулийн хэрэгжилт, биелэлт сураг тасраад уджээ. Тэгвэл энэ оны гуравдугаар сард БСШУСЯ-наас дахин хуулийн төсөл боловсруулжээ. Одоогоор дэмжигдэх үгүй нь мөн л тодорхойгүй байна. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ. Мөн кино урлагаар дамжуулж, үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжих тухай заасан байна. Үүнээс гадна Засгийн газар жил бүр үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдэвт кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний нэг бүтээл туурвихад санхүүгээр дэмжинэ гэж заасан. Үүний дагуу сонгон шалгаруулалт зарлах, кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох, киноны чанарыг сайжруулах, техник, технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг ч нарийвчлан тусгасан байна. Үүнээс зөвхөн техник, технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн ганцхан заалтыг авч үзье. Хэрэв төсөл дэмжигдвэл Монголын кино урлагийн салбарт ямар ахиц гарах вэ?
“Кино урлаг сонирхогчийн тҮвшинд хөгжиж байна”
Кино бол хамтын бүтээл. Сайн зохиол байгаад кино болчихдог юм биш. Зөвхөн авьяаслаг жүжигчин сонгоод ч кино босчихдог “амархан” урлаг биш. Киноны хамгийн том суурь, хүчин зүйл нь арын албаныхан байдаг. Нэг цаг эсвэл гучин минут үргэлжлэх, гуравхан дүртэй бүтээлийн ард 300 хүн ажиллахыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл Монголын кино урлагийн салбарт арын албаныхныг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэггүй асуудал байна. Энэ нь киноны чанарт нөлөөлөх нь бий. Энэ тухай ахмад кино найруулагч Б.Алтансүх “Бидний үед киноны арын албаныхныг бодлогоор дэмждэг байлаа. Гэрэлтүүлэгч, дууны оператор, нүүр хувиргагч, зураач гээд чухал мэргэжилтнүүдээ ОХУ-руу сургуульд явуулж, ирсэн даруйд нь кино үйлдвэрт хэдэн сараар дагалдан хийлгэж, туршлагажуулдаг. Үүнийг л сэргээмээр санагдах юм. Одоо эдгээр мэргэжилтэнг бэлтгэдэг сургууль ч алга. Тэгэхээр кино урлаг сонирхогчийн түвшинд хөгжөөд байгаа юм” гэв. Үнэхээр киноны арын албаныхныг бодлогоор дэмждэг байсан тэр үе одоо үгүйлэгдэж байна. Хэрэв үнэхээр мэргэжлийн баг ажиллаж чадвал монгол кино дэлхийн тавцанд гарахад тун ойрхон байгааг уран бүтээлчид онцолж байна. Найруулагч Ж.Сэнгэдорж “Кино бол багийн ажил. Тиймээс уран бүтээлд оролцож буй хүн бүхэн мэргэжлийн байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголын их, дээд сургуулиуд зөвхөн найруулагч, жүжигчин бэлтгэхэд л анхаарч байна. Өнөөх нүүр хувиргагч, дууны инженер, хувцасны зураач зэрэг нарийн мэргэжлүүдийг нь хөсөр хаячихжээ. Ядахдаа л эдгээр уран бүтээлчдээ гадагшаа явуулж, дэлхийн кино урлаг хэрхэн хөгжиж буйг харуулж, туршлага судлуулах хэрэгтэй. Бид зөвхөн Монголдоо сэтгээд, уран бүтээлээ монголчууддаа зориулаад байж болохгүй. Илүү өндөрлөгийг харж, уран бүтээлчдээ ч тэр түвшинд хүртэл нь хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
“Шавь нар маань Холливудад амжилттай ажилладаг”
Бид жүжигчнээ сургуульд явуулж, мэргэжил дээшлүүлдэг хэрнээ киноны 70 хувийг нугалдаг арын албаны уран бүтээлчдээ яагаад мартаад байдаг юм бол. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 90 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвхөн кино урлагийн мэргэжилтэнг цогцоор нь бэлтгэдэг ганцхан сургууль байдаг нь КУДС. Гэхдээ тус сургуульд ирээдүйд од болон гялаглзахыг хүссэн тэнгэрийн мөрөөдөлтэй хүүхдүүд зөвхөн жүжигчний ангийг сонгон суралцах нь бий. Харин менежер, зураач, дууны найруулагч, зураглаач гэсэн анги цөөхөн оюутантай харагддаг. Тэгэхээр киноны арын алба гэдэг хичнээн чухал, өдөр бүр шинэ кино нээлтээ хийж буй энэ үед ямар их эрэлт хэрэгцээтэй болохыг мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүдэд ойлгуулах, мэдээлэл хүргэх, сурталчилах ажил дутмаг байгаа нь үүнээс харагдаж байна. Энэ тухай АНУ-ын Калифорниа хотын урлагийн академид багшилдаг Б.Оюундарьтай цахим орчинд холбогдоход “Би Калифорниа хотод ирээд долоон жил болж байна. Уг нь СУИС-ийг зураач, дизайнер мэргэжлээр төгссөн. Харин АНУ-д нүүр хувиргагч мэргэжлээр дахин суралцсан. Сурах хугацаандаа АНУ-ын олон бүтээлд мэргэжлээрээ ажиллаж үзлээ. Энд нүүр хувиргагчийн ажил хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Харин Монголд эсрэгээрээ юм билээ. Миний хувьд одоо 100 гаруй шавьтай. Түүнээс Холливудад амжилттай ажиллаж байгаа нь ч бий. Монголд кино урлаг хөгжиж байгаа гэж сонссон. Сүүлийн жилүүдэд АНУ-д болсон олон фествальд монгол кино тэргүүлж байгааг харлаа. Тиймээс хэтийн зорилго минь эх орондоо очоод нүүр хувиргалтын сургууль байгуулах. Нүүр хувиргалт гэдэг зөвхөн кино урлагийн салбарт ч биш, телевизийн урлаг, шоу нэвтрүүлгээс эхлээд олон нийтийн нүдэн дээр байдаг, хүмүүстэй харилцдаг бүх салбарт хэрэгцээтэй болж байна” гэв. Харин зургийн найруулагч Д.Ангараг “Кино олон хүний хүч хөдөлмөрөөр босдог. Тэгэхээр тус бүтээлд ажиллаж буй нэг уран бүтээлч ч мэргэжлийн хувьд өндөр түвшний, хариуцлагатай байх ёстой. Техник, технологи өндөр хөгжсөн энэ үе зураглаач нар, зураглаачийн туслахууд ядахдаа л барьж буй камераа бүрэн эзэмшсэн, хаана ч очсон гологдохооргүй байхыг шаардаж байна. Тиймээс киноны арын албаны уран бүтээлчдээ үргэлж чадавхижуулж, мэргэжил дээшлүүлж, сургалтад хамруулах ёстой” гэсэн юм. Үнэхээр Монголын кино урлаг, төр засаг маань киноны арын албаныхны мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн тулд оновчтой арга хэмжээ авч, уран бүтээлчдээ нэгдсэн бодлогын дор зангидах цаг иржээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 86 (6053)