Н.ДАЯН
Монгол Улсад мэргэжлийн эрэгтэй найрал дуу үүссэн буюу одоогийн ЦДБЭЧ-д “Жаран хар-Арван цагаан” хэмээн алдаршсан найрал дуучид бий болсны түүхт 50 жилийн ой тохиож байна. 1969 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 143 дугаар тогтоолоор Ардын армийн дуу бүжгийн чуулгын Найрал дууны ангийн холимог найрал дууг дан эрэгтэй найрал дуу, эмэгтэй чуулгатай болгон өөрчлөх шийдвэр гарч Монголын урлагт эрэгтэй найрал дууны төрлийг цоо шинээр хөгжүүлэх түүхэн үүрэг энэ хамт олонд ногдсон билээ. Тус найрал дуучдын эгнээнээс Ардын жүжигчин Ө.Баярмагнай, гавьяат жүжигчин Л.Цэрэнпил, Ч.Туул, Д.Тунгалаг, Н.Отгон, Д.Дашням, Д.Жагдаг, Г.Жанчив, Ж.Одмаа, Г.Батбаяр, Д.Батсүх, Ч.Баярмаа, Б.Батбаатар, Л.Батсүрэн нар төрөн гарсан аж. Хагас зуун жилийн ойг угтсан олон бүтээлч ажлын нэг нь энэ сарын 23-нд Офицеруудын ордонд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хурал юм.
Хурлаар “Монгол Улсад мэргэжлийн эрэгтэй найрал дуу үүсч хөгжсөн нь”, “Монголын Ардын армийн дуу бүжгийн ансамбльд мэргэжлийн эрэгтэй найрал дууг зохион байгуулах болсон түүхэн нөхцөл, ЗХУ-ын мэргэжилтнүүд, хормейстерүүдийн арга барил”, “Жаран харын Арван цагаан”-ы урын сан”, “Цэргийн ансамблийн уран бүтээлийн онцлог, аялан тоглолт”, “Жаран хар- Арван цагаан”-ы залгамж халаа, өнөөгийн байдал”, “Монголын найрал дууны урлагийн хөгжилд “Жаран хар-Арван цагаан”-ы оруулсан хувь нэмэр” гэсэн сэдвээр Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, доктор, профессор П.Хаянхярваа, Хөгжмийн тоймч, урлаг судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, ЦДБЭЧ-ын Найрал дууны албаны дарга, Ерөнхий хормейстер ахмад О.Эрдэнэцог, Хормейстер, Соёлын тэргүүний ажилтан Г.Пүрэвдорж, ахмад дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Баянмөнх, ахмад дуучин, Соёлын тэргүүний ажилтан Л.Пүрэвдорж нар илтгэл тавих бөгөөд ЦДБЭЧ-ын найрал дуучид сонсогчдын сэтгэлд хоногшсон найрал дууны шилдэг бүтээлүүдээс өргөн барих ажээ.
Эх сурвалж www.polit.mn