Д.ЦЭРЭННАДМИД

 

Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн хурц арслан Норовын Дашжамц гуайтай хөөрөлдлөө. Энэ хүн аймагтаа хоёр түрүү авснаасаа хойш сургууль соёлын мөр хөөж дарга энэ тэр гээд зодоглоогүй нэгэн. Харин 1971 оноос бөхийн тоосонд засуул, хөлийн цэц хийж өнөөг хүрчээ. Тиймээс аймгийн арслан гэхээсээ илүү бөхийн сайн зүтгэлтэн гэгдэх болжээ.

 

-Та аймгийн цолтой бөх. Хэдэн онд тэр цолд хүрсэн бэ?

-1956 онд цэргээс ха­лаг­даж тэр жилээ аймгийн наадамд зодоглож, айм­гийн начин болсон. Тэгвэл дараа жил нь аймгийн аварга шалгаруулах ба­рил­даанд шөвгийн 16 бөх шатарчилж барилдахад уналгүй түрүүлж аймгийн арслан цол авсан юм даа. Цогт чандмань сумын бөх, аймгийн арслан Таравын Даржаатай үзүүр, түрүүнд барилдсан юм.

-За тэгээд дараагийн түрүүг хэзээ авав даа?

-Аймгийн арслан болс­ныхоо дараа жил 1958 онд аймагтаа дахиад түрүүл­сэн юм. Төв аймгийн Эр­дэ­нэсант сумын Содог гэдэг хүнтэй үлдсэнсэн. Түүнийг тун амархан хаясан.

-Цол ханасан хэрэг үү. Цаашид барилдаагүй нь...?

-Сургууль соёлын мөр хөөгөөд гэхүү дээ. Барил­дах боломж олдоогүй. 1959 онд Улаанбаатарт хуулийн дунд сургууль, дараа нь удалгүй ЗХУ-ын Эрхүү­гийн их сургуулийн хуу­лийн ангид суралцсан. Төгсч ирээд Улсын Дээд шүүхэд Эрүүгийн колле­гид ажилласан хүн дээ. Энэ үеэс бөхийн засуул, цэц хийх болоод дөч ша­хам жил энэ албанд зүтгэсэн дээ.

-Одоо Та барилдаан бүхэн дээр өндөр суудалд сууж харагддаг. Цэц хэвээр л гэсэн үг үү?

-Би одоо цэц биш, барилдааны тэмдэглэл хөтлөгчийн үүрэгтэй.

-Тэмдэглэл хөтлөгч гэнэ ээ?

-Тийм ээ. 2010 оноос хойш л барилдаан бүр дээр тэмдэглэл хөтөлж байгаа. МҮБХ-ноос ийм алба на­дад тохсон юм даа. Миний өмнө 145 барилдааны тэмдэглэл байж байна.

-Таны хөтөлдөг тэр тэмдэглэл гээч чинь ер нь ямар хэрэгтэй эд юм бэ?

-Уг нь их ач холбог­дол­той юм шүү дээ. Барил­даан ямар болов, онцлог юм юу гарав, хожим нь засч залруулууштай нь юу байнав гэдгийг тэмдэглэ­лээс харж болно. Хэн ямар алдаа гаргав гэдгийг ч мэдэж авах боломжтой.

-Бөх ёс зүйн алдаа гаргасан юм уу, барилдаа­ныг буруу шүүсэн байвал та хэрхэн тэмдэглэхэв?

-Өөрийн бодлоор л бич­чих­нээ. Жишээ нь сая­хан болсон Баянзүрх хайрханы хишиг барил­даан дээр улсын начин Б.Гончигдамба, аймгийн начин Б.Гантулга хоёрын барилдааныг хоёр засуул, нэг цэцийн шийдвэрээр буруу шүүж Гончигдамбыг давсан гэв. Уг нь Гончиг­дамба илт унасан юм гэж бичсэн. (Тэмдэглэлээсээ ийнхүү уншиж өгөв).

-Цэрэгт явахаасаа өмнө барилдаж байв уу?

-Бас ч зүгээр байгаа­гүй ээ. Энэ тухай ярьвал их инээдтэй юм ярина шүү. Нэг жил сумын наа­дамд 17-той байлуу даа. Хоёр давдаг юм. Тэгэхдээ тун хөгтэй хоёр давсан. Нэг мэхээр хоёр хүнийг суулгачихсан.

-Нэг мэхээр гэнэ үү. Ямар мэх вэ?

-Хэлэхэд ичмээр дам­шиг даа гэдэг шиг юм. Балданбумба, Санжаа гэ­дэг хоёр хүний шарваарны (өмд) резинийг таслаад... зайлуул тэд дотуур нь өмд­тэй байсан ч юм уу, үгүй ч юм уу суучихсан л юм даг. Хөгтэй, хөөртэй л хоёр давсан. Зарим нь намайг шоолсон л санагддаг юм.

-За тэгвэл хүний өмд­ний резин тасалж байж давдаг залуу байж. Тэгвэл цэрэгт ирээд барилдав уу?

-Барилдсан. Ирсэн жи­лээ ангиасаа шалгарч улсын наадамд зодоглодог юм. Яг ч үгүй хоёр дав­чих­лаа. Үдээс хойш гурвын даваа эхлэхээс өмнө ма­най салааны дарга дэслэгч Цэвэгсүрэн намайг бидон бариулаад цай, хуушуурт явууллаа. Хааяагүй л бөөн дараалал. Явж явж бидонд нь жаахан хярам хийлгээд хэдэн хуушууртай буцаж ирэв. Бөх гарчихсан ха­раг­дана. Тэгсэн манай батальоны дарга Чойн­дон­гаваа ууртай гэж жиг­тэйхэн загнаж байнаа “Чи ямар задарсан цэрэг вэ” гээд буувдаа. “Намайг салаан дарга явуулсан юм гэсэн чинь нөгөө муу Цэ­вэгсүрэн дэслэгчийн хоёр погоныг хуу татаж хаяад ёстой л галзуу юм шиг уурласан. Энэ нь ч арга­гүй бололтой. Гурвын да­ваа эхлээд би байхгүй. Намайг амласан бөхийг туг тойруулчихсан юм бай­на л даа.

-Өөрийг чинь ямар хүн амласан байсныг мэдсэн үү?

-Мэдсээн.  Сэлэнгийн бөх, улсын арслан “боо­хой” хэмээх Данзан бай­сан юм билээ. Байж бай­гаад тэр хүний зодгонд хүрээд авсан бол тийм алдартай том бөхтэй ба­рил­даж явлаа гээд ядаж ярих юмтай байхгүй юу. Тэр үед цэрэг хүн улсын наадамд хоёр давна гэдэг ч тийм олон байгаагүй байх шүү. Түүнээс хойш халагдатлаа улсын наа­дамд зодоглоод ганц нэг давсан удаа бий.

-Ид барилдаж байхдаа аймагтаа гэхэд өрсөлдөгч олонтой байв уу?

-Намайг аймагтаа ба­рилдсан 2-3 жилд айм­гийн арслан Т.Даржаа л байж дээ. Бас Эрдэнэ­далайн “дарваан” хэмээх Өвгөн гэж бөх байсан юм. Шүүхийн гурав гэж бай­лаа. Нэг нь би, нөгөө хоёр нь Банди, “хулгар” Очир­бат гэж. Бид нэг байгуул­лагынх бас тун сайн най­зууд. Дээр нь Г.Дэмүүл наадам дөхөхөөр хөтөлгөө морьтой ирнэ. Хожим нь улсын арслан том бөх бол­сон ч зузаан найзууд байлаа.

-Г.Дэмүүлийг сайн мэдэх хүний нэг та байх нь ээ дээ?

-Цолгүй залуу байхдаа Дундговьт ирж нэг биш удаа барилдсан. Тэгээд нэг удаа дөрөвт үлдсэн юм даг. Түүнийхээ дараа жил улсын начин Ш.Доржто­вуу­тай үлдэж даваад тү­рүүлж аймгийн арслан болсон юм. Дундговийн наадмын дэнжээс айм­гийн арслан цол хүртсэн бол хожим нь нэг үед ул­сын наадмын дэнжийг хотолзуулж аварга, арс­лангуудыг айлгаж явсан бөх бол Дэмүүл маань бай­лаа. 1959 оны намар хот орж ирж Автын газар замын цагдаа болж байсан. Тэр замыг нь ч би засалцсан юм даа.

-Найзууд бөх болоход нөлөөлсөн байж болох. Харин замын цагдаа боло­ход нь замыг засалцсан гэдэг сонин байна л даа?

-Тэр тухай хэлэх сонин түүх бий. Нэг удаа Дэмүүл давхиж ирдэг юм. “Яасан бэ” гэсэн чинь “за хө Банди та хоёр л туслана даа. Заяат бид хоёр хэдэн адуу, тэмээ хөөж хот орох гэж явна. Заяат малтайгаа Хөрхийн хаданд байгаа. Өнөө шөнө хөдөлж Бага газрын чулуу орно. Та хоёр малын мах, хэдэн шил архи аваад хойноос оч. Гэрлэн дохиогоор уулзана шүү гэдэг юм. Бид найзын хувиар яг хэлснээр нь гүйцэж очиж билээ.

-Тэд ер нь хаанаас, ямар учиртай мал авч явсан байжив дээ?

-Бөхийн сайн найзууд болохоор өөрсдөө шүүхийн хүмүүс гэдгээ ч мартаж учрыг лавлаагүй туслахыг л бодсон. Тэгээд тэр хоёр хот орж малаа зарчихаад буцаагүй юм.

-Та дөчөөд жил засуул, цэц хийлээ гэж байна. Тиймээс нэг зүйл асуухад засуул хүний үүрэг ер нь их үү?

-Их байлгүй яахав. Хэн нь давав, хэн нь унав гэдэг гол нь. Гэхдээ мөрөн дээрээ хүлээж авсан бөхийнхөө өмсгөл юм нь бүрэн байна уу, бүс уяаны нь чанга сул нь таарч уу тэр бүхнийг анзаарах, хянах учиртай.

-Тэгвэл засуулууд энэ бүхнийг гүйцэтгэж чадаж байна уу?

-Зарим засуул ердөө л малгай барих үүрэгтэй юм шиг байдаг нь харагддаг шүү дээ. Энэ бол алдаа.

-Хөлийн цэц, засуу­лууд барилдааныг буруу ший­дэж байна гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ талаар...?

-Тийм ээ. Учир дутаг­дал их байдаг нь үнэн. Хөлийн цэц, засуулуудын залгамж халааг бий болгох шаардлагатай. Нас ахисан мань мэт өнөөдөр барил­дааны хурд гүйцэж харах­гүй байна. Тэгээд буруу шийдвэр гаргаж бөхийн хөдөлмөрийг үрдэг, үзэгч­дийн дургүйг хүргэдэг нь бий. Жаахан өөрчлөлт хэ­рэгтэй санагддаг.

-Барилдааны унаа, давааг шийдэхэд телевизийн бичлэг яагаад ашигладаггүй юм бэ. Сүмо бол бичлэг үзээд л зөв шийдэж байна. Тэгэхэд манай үндэсний бөх техникийн дэвшлээс сүрхий хоцорч байна шүү дээ?

-Үнэний хувьтай л байх. Гэхдээ бас шалтаг ч гэхээр юм уу хэлмээр юм байна. Монгол үндэсний бөхөд эртнээс нүдээрээ хараад шийдээд ирсэн уламжлал бий. Хоёрт гэвэл тийм бичлэг хийхэд дэвжээ, бичлэг хийх камер хоёр нэг төвшинд байрлах учиртай. Тийм нөхцөл зүлэгт ногоон дэвжээн дээр барилддаг монгол бөхөд бүрдээгүй ийм юм.

-Бөхийн найраа ихэслээ гэдэг. Та дунд нь бужигнаж байдаг хүний хувьд юу хэлэх вэ?

-Найрааг багасгалаа л гэдэг. Гэтэл байгаа нь олон түмэнд ил байгаа юм. Гэхдээ тэр түүнд төдөн төгрөг өгөөд, аваад гэх юмыг би олж хараагүй. Үзэгчдийн адил л мэд­рэмжээрээ ойлгож явдаг. Аймгийн наадмыг гэхэд улсын цолтой бүлэг бөх­чүүд очоод завхруулчихдаг болсон нь нууц биш. Дунд­говийн наадам л сүүлчийн тод жишээ болсон. Тий­мээс бөхийн цолыг нь хү­чингүй болгосон шүү дээ.

-Тэр наадам дээр та хүртэл байсан гэсэн. Тэгвэл будилаан хийлцсэн л байж таарах байх даа?

-Бөхийн холбооны төлөөлөл гэгдэх мань мэт нь байсан нь үнэн. Гэвч хэлээд хэлээд үгэнд ордоггүй “зохион байгуулагчид” байх юм билээ. Би л лав хэлсэн. Энэ бөх чинь 512 хүрэх юм уу гэхэд “Аргалнаа”  гэж байсан. За тэгээд харж байхад дансаар давуулах, унасан бөхийг хасах гээд илэрхий юмс харагдаад л байсан. Энэ тухай их яригдсан, бичигдсэн болохоор илүүг нуршаад яахав. Монгол бөхийн дэвжээ цэвэр ариун байгаасай л гэж залбирч явах юм даа.