Ч.ГАНТУЛГА

Хун шувуу бол үнэнч хайрын бэлгэдэл. Үргэлж хосоор амьдарч, бие биедээ хайрын тангараг өргөж, жигүүрээ хумин хумитлаа тэр л хайрандаа үнэнч явдаг. Харин ижил нь үгүй болохын цагт хамтдаа хорвоог орхидог эмгэнэлтэй хувь заяа бас түүнийх. Хунгийн тэр агуу хайрыг хүн төрөлхтнөөр төлөөлүүлэн, хайрыг тунхаглахаар П.И.Чайковскийн “Хунт нуур” балет төрсөн байдаг. П.И.Чайковский гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий энэ балетаа 1875 онд бичиж дуусгажээ. Харин 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт анхны үзэгчээ хүлээж авсан юм. Тус бүтээлд үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Дэлхийн бүх оронд сонгодог урлагийн оргил болсон тус бүжгэн жүжиг Монголын тайзнаа 1975 онд анх “амилсан” байдаг.

Тэргүүн хун

Дэлхийн өнцөг булан бүрт зөвхөн “Хунт нуур” балетад бүжиглэхийн тулд нуурын эрэг сахиж, хун шувууны онцлогийг судалж суудаг олон бүжигчин бий гэж Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва гуай ярьсан юм. Гэвч хунгийн амьдралаар амьдарч, үнэнч хайрын мөнхийн бэлгэдэл болох хувь тавилан бүжигчин бүхэнд олддоггүй ажээ. Зөвхөн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, тэсвэр хатуужил төгс хослосон нэгэн л энэ дүрийг бүтээдэг хуультай. Тэртээ 44 жилийн өмнө тус бүтээлийг манай театрт анх тоглоход тэргүүн хунгийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон бүжигчин бол Ардын жүжигчин Ю.Оюун юм. Тэрээр гоо үзэсгэлэн, ур чадвар, эелдэг зөөлөн ааль, хурц ширүүн төрхөөрөө хар, цагаан хунг төгс бүтээсэн гэдэг. Анхны “Хунт нуур” балетыг Оросоос мэргэжилтнүүд ирж тавьжээ. Тэд театрын бүжигчидтэй уулзахдаа л Ю.Оюун агсныг онцолсон гэдэг. Түүний уран нарийхан гар, хөнгөн хөдөлгөөн нь нисч буй хун шиг харагдсан тухай дуурийн театрын архивт бичиглэн үлдээжээ. Түүнийг тайзнаа гарч ирэхэд үзэгчид “Хүн үү, хун уу” хэмээн уулга алддаг байсан гэдэг. Ю.Оюун агсан бүжгэн жүжгийн хамгийн оргил хэсэг болох хар хунгийн 32 эргэлтийг ямар ч алдаагүй, төгс гүйцэтгэдэг байсныг өдгөө ч ахмад уран бүтээлчид дурсан ярьдаг.

Ардын жүжигчин Л.М.Тюнтина багшийн шавь

Ю.Оюун сэхээтэн айлд мэндэлжээ. Багаасаа амьдралын хатууг мэдэрч, өнчрөл зовлон амссан нь түүнийг сэтгэлийн хаттай, тэвчээртэй болгосон гэдэг. Магадгүй тэр зан нь хар, цагаан хунд гоцлоход нөлөөлсөн нь лавтай. Ю.Оюун эмээ өвөөгийнхөө гар дээр өссөн аж. Эмээ нь ач охиноо бүжигчин болох авьяастайг эртнээс олж харжээ. Нийслэлийн 23 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангид сурч байсан ач охиноо өөрөө хөтөлж, Орост балетын бүжигчнээр сурах хүүхдүүдийн шалгаруулалтад оруулсан гэдэг. Бяцхан охин нь ч эмээгийнхээ итгэлийг алдаагүй юм. Тэрээр 1964-1972 оны хооронд ОХУ-ын Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит Бүжгийн дунд сургуульд сурчээ. Түүнийг мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн хүн бол Башкирын Ардын жүжигчин Л.М.Тюнтина багш нь юм. Нэгэн цагт театрын тайзнаа од болон гялалзаж байсан багш нь өөрийн бүх авьяас чадвараа монгол шавьдаа харамгүй зааж, өвлүүлсэн гэдэг. Ийнхүү Ю.Оюун 1972 онд сургуулиа төгсч ирээд, УДБЭТ-т хуваарилагдсан нь “Хунт нуур” бүжгэн жүжигт мөнхрөх их замынх нь эхлэл байсан гэдэг.

10 жил хайсан хун

Ю.Оюун агсныг театрын тайзыг эзэгнэж, хун болж дүүлэн нисэхийг харах дуртай үнэнч үзэгчийнх нь нэг түүний хань чөлөөт бөхийн дасгалжуулагч Г.Баясгалан байсан ажээ. Өөрийг нь ойлгодог, дэмждэг, түшигтэй хүн хажууд нь байсан учир тэрээр 20 гаруй жил хар, цагаан хунгийн амьдралаар бардамхан амьдарсан нь лавтай. Тэд Санкт-Петербург хотод оюутан байхдаа танилцжээ. Санкт-Петербургийн сартай шөнө хөтлөлцөн зугаалж, ирээдүйн амьдралаа мөрөөдөж явсан үе нь хамгийн гэгээлэг, нандин дурсамж байсан тухай дурссан байдаг. Хань Г.Баясгалан нь “Хань минь уйгагүй хөдөлмөрч хүн байсан. Сонгодог урлагт бие сэтгэлээ бүгдийг нь зориулчихсан. Бид чинь хоёр хүүхэдтэй болох гэж их замыг туулсан даа. Амаржсаныхаа дараа ч бүтэн амардаггүй байлаа. Бага хүүгээ их хүндрэлтэй төрүүлсэн. Гэхдээ төрөөд удаагүй байж бэлтгэлээ хийнэ гээд л явчихдаг байж билээ. Гэхдээ гэр бүл минь их аз жаргалтай байсан” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Ю.Оюун гуай зүүн хөл дээрээ эргэдэг байсан учир “Миний талхны хөл” хэмээн хошигнодог байсан гэнэ. Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва гуай “Би 1962 онд Москва хотноо театр, урлагийн сургуулийг төгссөн. УДБЭТ-т ажиллаж эхэлснээс хойш “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа тавих хүсэл эрмэлзэл их байлаа. Энэ бүжгэн жүжгийг тавихын тулд олон улс орны балетмейстерүүдийн дэглэлт, найруулгыг үзсэн. Өөрөө ч сэтгэлдээ босгочихоод байлаа. Тэгээд л хунгийн эрэлд гарсан даа. Миний энэ эрэл хайгуул 10 жил шаардсан юм. Тэгсэн 1972 онд Ленинградын А.Я.Вагановагийн нэрэмжит сонгодог бүжгийн урлагийн сургуулийг хэдэн хүүхэд төгсөөд ирсэн. Тэдний дунд хунд тохирох нэгэн охин байсан нь Ю.Оюун байсан юм. Ингэж миний 10 гаруй жил хайсан дүр олдож билээ” гэв. Үнэхээр Ю.Оюун агсан Монголын сонгодог урлагийн түүхэнд “Хунт нуур” балетын хар, цагаа хунгийн гоцлолыг авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ дархалж чадсан юм. Одоо ч түүний гарын хөдөлгөөн, дотоод сэтгэлийг гүйцэх бүжигчин төрөөгүй талаар ахмад уран бүтээлчид, сонгодог урлагийн үнэнч үзэгчид нь ярьдаг юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.8 № 71 (6038)