Норовын ПҮРЭВДАГВА
Орчуулагч
Өнгөрсөн хавраас Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-т жүжгийн их зохиолч У.Шекспирийн “Гамлет” хэмээх эмгэнэлт жүжиг дахин тавих гэж байгаа тухай сонсогдож эхэлсэн. Дараа нь олон найруулагчдын дунд төслийн уралдаант шалгаруулалт хийгдэн залуу найруулагч Н.Наранбаатарын баг ялж тавихаар боллоо гэж сонсогдсон. Сүүлийн үед ихэнхдээ “шар” гэмээр жүжиг голдуу тавьж, “шоучид” хэмээн өөрсдөө нэрлэх дуртай уран бүтээлчдээс ялгарах юмгүй байсан нь өөрчлөгдөх нь гэж санаж байлаа. Тэгтэл бүтээсэн тайз, дэлгэцийн дүрээрээ олны танил болж, төр, түмэн олонд үнэлэгдсэн нэгэн эрхэмийн ярилцлага сонинд гарсан байхыг үзтэл тэрээр: “Өмнө (1980 онд) тавьсан хэмжээнд тоглох жүжигчин байна уу?... Тэднээс давж чадахгүй бол оролдох хэрэггүй... Одоогоор Жамсранжав гуай шиг Гамлетад амилах жүжигчин алга байна...” гэсэн байсан.
Нээрээ юу билээ? Үнэхээр энэ цагийн олон жүжигчин дотор тоглож, энэ дүрийг гаргачихаар хүн алга гэж үү? Ер нь XYI-XVII зууны зааг дээр бичигдсэн жүжиг тавина гэдэг... гэж эргэлзмээр ч юм шиг. Ингээд би саяхан орчуулж хэвлүүлсэн Б.Е.Захава “Жүжигчин хийгээд найруулагчийн уран чадвар” хэмээх номоо эргүүлж үзвэл “найруулагч хүн дан ганц зохиолд дурлаж, хөтлөгдөж болохгүй” гэж байлаа. Өөрөөр хэлбэл хэн ямар дүрд тоглохыг урдчилан харж сонгох ёстой гэсэн санаа л даа.
Хийсэн бүтээл, сурсан ном эрдмээр манайдаа дээгүүрт орох, хөдөөний, хөдөөний ч гэж дээ Дархан хотын “Залуучууд” театрын найруулагч М.Цогт болохоор “Дэлхийд зартай жүжиг тавих гэдэг найруулагч бүрийн хүсэл. Тийм болохоор хийе гэсэн өнөө цагийн залуусын буруу юу байхав? Гэхдээ өөр бусдын хийж бүтээснээс дордуулах ёсгүй гэсэн бичигдээгүй хууль бий. Үүний тулд найруулагч хүн хамгийн эхлээд гол дүрийн жүжигчдээ шилж сонгож авахаас өөр арга байхгүй. Гадаад, дотоод, хөгшин, залуу огт хамаагүй, найруулагч хүний эхлээд хийх ёстой ажил. Харин харьцуулж бод гэж байгаа минь 1980 онд байх аа, С.Галсанжав гуай найруулж, Ц.Доржпалам гуай тайз, чимэглэлийг урлаж, Л.Жамсранжав, Г.Гомбосүрэн, Н.Сувд, Л.Нямсүрэн, Д.Цээнямбуу гээд тухайн үедээ манай тайз дэлгэцийн нүүр тахалж байсан олон жүжигчин тоглосон тэр ганц тавилтай харьцуул гэсэн үг биш. Цаг үе өөр байж. Сайн муу, сайхан муухайн төсөөлөл ч өөр байж. Одоо интернет, телевиз гээд өргөн боломж ихтэй, хаа холын америкт байна уу, хаяанд байгаа Хятад, Японых байна уу, хийснийг үзэж, санаа оноо авч болох боломжийг дүүрэн ашиглах хэрэгтэй гэсэн үг. Бас үе үеийн судлаачдын үнэлж дүгнэж байсан санаа оноог ч шүүрдэхэд илүүдэхгүй. Би Хятад, Япон гэж зүгээр хэлээгүй шүү...” гэж байв. Энэ бүхнийг сонсоод мань эр ч лав учиртай юм хэлээд байна гэж санан элдвийг сөхөн үзлээ.
Данийн ханхүү Гамлетийн эмгэнэлт түүх (The Tragical Historie of Hamlet, Prince of Denmarke) буюу “Гамлет” хэмээх товчхон нэрээр алдаршсан энэ бүтээл гарсан цагаасаа хойш дэлхийн тайз, дэлгэцийн ертөнцөд хүндтэй байр эзлэдэг гэдгийг бид мэднэ. Бас “Гамлет”-ыг жүжиг болгох гэж зуун зуунд янз бүрээр үзэж, соёлын хувьд бусдаас ялгарах өөрийн өнгө төрхтэй улс гүрэн бүрийн урдаа барьдаг уран бүтээлчид хүчээ сорьж байсан нь юуны өмнө нүдэнд тусах ажээ. Юутай ч мөхөс би “савныхаа хэрээр”, мэдээллийн чанартай зүйл тэмдэглэн авснаа шинэ сэргэгийн ангуучин уншигч тантай хуваалцахаар зүрхлэв. Болгоогтун.
Шекспирийн жүжгүүдийн хувьд хэзээ бичигдсэн он цаг тодорхойгүй, маргаан дагуулдаг нь гэм биш зан гэнэ. Гамлет ч мөн адил. Өөрөөр хэлбэл энэ жүжиг чухам хэдийд бичигдсэн гэдэг дээр өнөө хэр маргасаар, 1600-1601 он гэж тогтоод байгаа юм байна. Мөн судлаачид утга агуулга, дүр, дүрслэл гээд тал бүрээс нь судлан Шекспирийн хамгийн урт буюу 4042 мөр, 29551 үгтэй жүжиг гэж хүртэл тоолж тогтоосон байх ажээ. Энэ бол улс үндэстэн өөрийн эрхэмлэн дээдэлж, бишрэн шүтэх учиртай үнэт зүйлийн хэмжээнд авч яваа зүйлээ судлах, сурталчлах гэж юу хийдгийн жишээ гэлтэй.
У.Шекспир жүжгээ бичих, найруулах, тоглох ажлыг зэрэгцүүлэн хийдэг байсан болохоор өөрөө бэлдэн хэвлүүлж байгаагүй, харин санал санаачлагатай гэнэ үү, овсгоотой гэнэ үү улсын ачаар бараг хулгайн гэж хэлэхэд болох хувилбараар анх хэвлэгдэж байсан ажээ. Ийн хэлэхийн учир нь жүжиг тоглогдон олны анхаарал татаад ирэхийн цагт хэвлэл эрхлэгч нэгэн тоглож байсан жүжигчдээр хэлүүлэн бичиж авсанаа 1603, түргэн бичигчдийг суулган тоглолтон дээрээс бичсэнээр 1604 онд, дараа нь түүнийгээ 1611 онд дахин давтан хэвлэсэн гэх ажээ. Энэ бол зохиолчийн амьд сэрүүнд хэвлэгдсэн байдал. Харин 1603 оны буюу анхны хэвлэл удаахаасаа хэмжээний хувьд бараг хоёр дахин богинохон байсан гэх ажээ. Үүнээс гадна тоглолтын явцад зохиолч-найруулагч-жүжигчин Шекспир зохиолдоо хасалт хийсэн хувилбар мөн л түргэн бичигчид хийгээд овсгоотой нэгний хичээл зүтгэлээр хэвлэгдсэн байдаг юм байна. Жүжигчин гэснээс “Гамлет” жүжиг Лондон хотын “Глобус” театрт 1600-1601 онд анх тоглоход Шекспир өөрөө Гамлетийн эцгийн сүнсний дүрд тоглож байжээ.
Данийн эзэн хаан Amletus-ийн амьдрал, хойд эцгээсээ өш хонзон авсан тухай бичиглэгдэн үлдсэн үйл явдал болохоор Шекспирээс өмнө зохиол болгох оролдлого нэг бус удаа гарч байсан гэх ажээ. Тэр бүхнээс судлаачдын анхааралд илүү өртсөн нь Томас Кид гэх хүн бичиж, 1594 оны орчим тоглогдсон “Гамлет” жүжиг бөгөөд өш хонзонгийн сэдвийг тал бүрээс нь авч үзэх гэсэн оролдлого хэмээн дүгнэдэг юм байна.
“Гамлет” жүжиг эхлээд бүлэг, үзэгдэлд хуваарилагдаагүй байжээ. Хэсэг бүлэгт хуваарилах оролдлого 1623 онд хийгдэж улмаар өнөө үеийн таван бүлэгт хэлбэрт зохиогчийг өөд болсоноос хойш 60 жилийн дараа, 1676 онд шилжсэн байх ажээ.
У.Шекспирийн “Гамлет” Английн нутаг дэвсгэрээс 1773 онд халин Австри, Германд тоглогдсон гэх ажээ. Үүнээс хойш энэ зохиолоор жүжиг тавих гэдэг тухайн театр, найруулагч, жүжигчдийн хэр чадлыг шалгадаг нэг үзүүлэлт, нэр төрийн хэрэг хэмээх бичигдээгүй хууль олон улсын тайз дэлгэцийн ертөнцөд тогтоод байна. Харин энд анхаарал татдаг зүйл бол хэл хэлэнд хэрхэн орчуулагдсан явдал ажээ. Адил төстэй европын орнуудын хэлэнд хүртэл олон удаа, шүлэг найргийн буюу үндсэн хэлбэрээр байхаас гадна үргэлжилсэн үгээр, утгачлан хөрвүүлж байжээ.
Орос хэл рүү л гэхэд XVIII зууны дунд үеэс эхлэн 2010 он хүртэл нийт 27 удаа орчуулагдан хэвлэгдсэнээс 1933 онд хийгдсэн М.Лозинский, Б.Пастернакийн 1940-1950 онд хийсэн хэд хэдэн орчуулгыг хамгийн сайн нь хэмээн үздэг байна. Судлаачид бас энэ хоёр орчуулгын аль алинд оносон алдсан зүйл эн тэнцүү байна гэж үнэлдэг ажээ. Харин жүжиг Оросын хаант улсын үед 1748 оноос 10 удаа, ЗХУ-ын үед 23 удаа, Оросын холбооны улсын үед нэг удаа тайзны бүтээл болсон байна.
Мөн урлагийн харьцангуй залуу төрөл хэмээгддэг дэлгэцийн бүтээл олон улсын хэмжээнд 40-өөд хийгдсэн байх юм. Улс орноор нь авч үзвэл Англид 8, АНУ-д 7, Италид 7, Герман, Дани, ЗХУ, Канад, Турк, БНХАУ, Япон, Финляндад тус бүр нэг удаа кино хийсэн байна. Кино “Гамлет” нэрээр ихэнхдээ хийгдсэн байх боловч бас “Орших уу, эс орших уу?” (АНУ), “Гамлетийн халз тулаан” (Франц), “Гамлетийн секс (Итали), “Банкет” (“БНХАУ), “Муу хүмүүс тайван унтдаг” (Япон), “Гамлет бизнест хөл тавьсан нь” (Финлянди) гэхчлэн янз бүрийн нэр өгснөөс үзвэл зохиолын агуулгын хамрах хүрээ, илэрхийлэл өнөө цаг үед буулгахын цагт хэр өргөн болохын илрэл яах аргагүй өргөн бололтой.
Жүжигт гарах үйл явдал: Данийн хааны ордны орчим, өөд болоод удаагүй байгаа хаантай тун адилхан нэгэн этгээд олон цэрэгтэй учирсан тухай яриа хан хүү Гамлетийн чихэнд хүрнэ. Хан хүү эцгийнхээ сүнс гэмээр тэр этгээдтэй учирахыг хүснэ. Учиртал аав-сүнс нь байх бөгөөд хан хүүд “Өнөөгийн хан буюу Гамлетийн авга ахын гарт үрэгдсэнээ ярьж, өш хонзон ав” гэж даалгана. Үүнийг сонсоод мэгдэж, цочирдон хэрхэхээ мэдэхгүй болсон Гамлет галзуу хүн болж хувирна. Ингэх зуураа авга Клавдийгийн гэмт явдлыг хөдөлшгүй нотлох баримт хайж эхэлнэ. Харин авга ах нь хар цохин, Гамлетийг ухаан самуурсанд үл итгэн, туршуул явуулна. Үүнийг мэдсэн Гамлет асууж тандсан яриа хөөрөөнд нь бүр ч солиотой хариулан цаг хожсоор байна. Энэ үед Эльсинор хотод нүүдлийн театр ирэхэд Гамлет “Гонзагог хороосон нь” хэмээх жүжиг тоглож өгөхийг хүснэ. Хүсээд зогсохгүй зохиолд эцэг-сүнсний ярьж өгсөнийг нэмж бичиж өгнө
Хан-авга нь жүжгийг анхааралтай үзэж байгаад аллагын дараа босож явна. Тэрээр Гамлетыг хажуудаа байлгах аюултай боллоо гэж санаад Англи руу явуулах бөгөөд очмогц баривчлан хороох тухай захиа дайлгана. Угсаа залгах хан хүү Гамлет зам зуураа тэр захиаг олж үзэн, өөрчлөн бичин амь гарч улмаар буцаж ирнэ. Хан авга нь мэргэшсэн аргаараа ач дүү дээ хор өгнө. Гамлет гэнэгүй ууж, амьсгаа хураахынхаа өмнө авгыгаа хороож амжина. Хан авга, угсаа залгамжлах хан хүү Гамлет хоёр бие биеэ хороосноор Данийн хан ширээ Норвегийн эрх баригч Фортинбраст шилжиж байгаагаар зохиол өндөрлөнө.
Жүжигт өгүүлэгддэг үйл явдал товч доо энэ. Гэтэл яагаад 400 гаруй жилийн турш найруулагч, жүжигчдийн чадал чансааг шалгадаг нэгэн хэмжүүр болон дэлхийн улс орны тайз, дэлгэцээр өртөөлөн дахин давтан шинэ бүтээл төрсөөр байдаг юм бол? Үүний учрыг хөөх гээд үзье.
Үе үеийн судлаачид янз бүрээр бичдэг байжээ. Судлаачдаас гадна үе үеийн агуу сэтгэгчид ч үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Шекспирийн зохиолын баатрын энэлэл шаналлын учрыг хүний хувьд сэтгэлийн тэнхээ сул, хувь заяаны эрхээр ногдсон ачааны хүндийг үүрэх тэсвэр тэвчээргүй, эрмэг зоримог алхам хийх чадваргүйтэй холбон тайлбарласан нь их ажээ. Энэ үнэн бол Гамлетийн санаа бодлыг хүчирхийлэн дарангуйлж, хүсэл зоригийг нь мөхөөж, арчаагүй байдалд оруулсан хүчин зүйл байсан байж таарна. Зохиолыг хөөн унших аваас Гамлет харин ч бүр аливаа зүйлд хариу өгөх ялангуяа дотоод сэтгэлийн хувьд шийдвэр гаргах чадвар өндөртэй хүн болох нь тодорхой байдаг. Түүнээс гадна зохиолоос үзэхэд Гамлет харин ч бүр сэтгэлийн их тэнхээтэй, эзэмшсэн өндөр боловсрол, хүмүүнлэг энэрэнгүйг дээдэлсэн хүмүүжил нь сонссон муу муухайг нягтлан мухарлахыг шаардаад байгаа нь тодорхой байна. Чухам ийм л учраас Гамлет хэмээх баатрын дүрийг бүтээхэд амаргүй, олон янзаар гялалзан харагддаг хэмээн судлаачид тодорхойлдог ажээ. У.Шекспирийн “Гамлет” жүжгийн гол баатрын талаар нийгмийн зүтгэлтэн, судлаачид дотроос санаа бодлоо илэрхийлж хэлээгүй хүн байхгүй гэдэг юм байна.
Гамлет эрх мэдэл, эд хөрөнгийн эзэн болон суусан авга ах-ханыхаа эсрэг хөдлөөгүй гэж үү? Эцгийнхээ буртаглагдсан нэр төрийг цэвэрлэх гэж, “боловсон шорон” гэмээр бусармаг орчин, булай явдлын эсрэг сөрөн өндийгөөгүй гэж үү? Хөдлөсөн. Сэтгэлийнхээ гүнд оршин байсан эргэлзээ тээнэгэлзээг таягдан ялж, үнэнд хүрэх итгэл найдвар байхгүй байгааг ч умартан тэмцсэн.
Гамлетад ямар найдвар байсан хэрэг вэ? Ердөө л зуун зууныг дамнуулан ирэх цаг үеийнхэнд “боловсон шорон” гэгч юу болох тухай л хэлж мэдээлэх явдал байж! Өөрөөр хэлбэл Гамлет тэмцэж эцсийн дүндээ ялахыг л хүсэж! Өөрөө ялагдвал яах билээ гэж бодож байсангүй.
Энд, хойч үеийн бидэнд ч бодох юм байна... Клавдий хан, Гамлетийн эцгийн аминд хүрсэн гэмт хэрэгтэн үхлээ гээд “боловсон шорон нурах уу... гэтэл эрхэмийн дээд эрхэм сэнтийд ёстой л өнөө чоно борооноор гэгч болон харийн Фортинбрас заларч байна. Нэг янзын шорон нөгөө янзынхаар л солигдож байна. Байдал бүр дордсон гэсэн үг.
Үүнийг Гамлет харж ухаараагүй байсан гэж үү? Үгүй бололтой. Боловсрол гэгээрлийн хувьд хэнээс ч үл дутах Гамлетийн эргэлзэж тээнэгэлзэн, аймхай хулчгар мэт харагдуулаад байсны учир нь Клавдийг хороолоо гээд Данийн там диваажин болж хувирахгүй, шорон хэвээрээ л хоцорно гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсантай холбоотой хэмээн нэлээд судлаачид үздэг ажээ. Тэмцэх л хэрэгтэй, тэгэхгүйгээр бурангуй, булай дэг ёсноос салахгүй гэдгийг л номлож байна. Сайн сайхны төлөө, шудрага үнэний ялалтын төлөө тэмцэх ёстой гэсэн өөдрөг үзлийг номлож байна. Ингэснээрээ жүжгийн гол амин санаа тухайн жүжгийн тайзнаас халин хүмүүн төрөлхтний амин хүсэл тэмүүллийн хязгаарт дүүлэн гарч ирж байна хэмээн судлаачид үздэг юм байна.
Ирэх цагийн сайн сайхны төлөө ялагдал сөхрөлөөс айлгүй цээж тэнэгэр толгой гэдгэр сөрөн тэмцэгчдийн магтдуу гэж У.Шекспирийн “Гамлет”-ийг зүгээр ч нэг үздэггүй учраас л ийнхүү цаг хугацаа, орон зайг даван хүн ардын итгэл зүтгэлийн очийг бадраан өртөөлдөг бололтой.
Жүжгийн зохиолын товч агуулга энгийн, байдаг л нэг зүйл санагдаж байгаа тухай дээр миний нэгэнтээ хэлснийг уншигч Та санаж байгаа байх. Би тэр хэлснээсээ буцах гэж үүнийг хэлж байгаа юм биш. Ердөө л “агуу юм энгийн байдаг” гэдэг мэргэн үгийг л сануулах гэсэн юм.
Манайд, энэ алдарт жүжиг Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тайзан дээр 1980 онд, өөрөөр хэлбэл өнгөрсөн зуунд тавигдаж. Дан ганц сайн сайхан үг ч сонсоогүй бололтой. Тэгэх ч ёстой биз. Эргэж харахаас илүү урагш ширтэж, “хашир хаширт хашигдан” биеэ оторлохоос илүү хийж бүтээхийг шаардаж буй цаг болохоор шинэ үеийн уран бүтээлчид хийх л ёстой.
Сонсоход шинээр түрэн гарч ирж байгаа найруулагч Н.Наранбаатар, зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх нар энэ жүжгийг урлах ажилд ханцуй шамлан ороод, жүжигчдээ сонгон сургуулилаад тун удахгүй үзэгч түмний мэлмийд толилуулах гэж байна хэмээн сонсогдоно. Бас У.Шекспирийн “Гамлет” жүжгийн орос хэлээр дамжуулан хийсэн Чойжилын Чимид гуайн орчуулгын зэрэгцээ эх (англи) хэлнээс нь Х.Мэргэнээр орчуулуулсан тухай ч сонсогдож байна. Энэ бол шинэ цагийн бас л нэг боломж.
Залуус минь хийхтүн. Цаг үеийн шаардлага ч, дуудлага ч тэр. Харин “яарахгүй л яарах”-аа бүү март! Бас энгийн нь дэндүү агууг, шудрага үнэний төлөөх тэмцлийн дэлгэр их санааг энэ цаг үеийн будилуу нийгэм, заримдаа ч бүр учраа мэдэхгүй болохдоо хүрээд байгаа монгол түмэнд хэрхэн тайлж зураглахыг тань л хүлээх үлдэж. Энэ цаг үед “Монгол улс орон орших уу, эс орших уу?” гэсэн асуулт тулгамдаад байна хэмээх улс олон болж. Та бүгдийн бүтээл нэгэн хариулт байгаасай хэмээн борог орчуулагч би хүсэж байгаагаа эцэст нь хэлье.