Ч.Зотол
Утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр тогтжээ.
Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлсэн байна. ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлаар нэр дэвшигчийн талаар хэлэлцэж, Д.Урианхайг нэр дэвшүүлэхээр болжээ. Энэ саналыг Монголын зохиолчдын эвлэлд хүргүүлснийг тус байгууллага хурлаараа хэлэлцэж баталгаажуулах л үлджээ. Нэр дэвшигчийн мэдүүлгийг энэ сарын 31-ний дотор Шведийн Нобелийн хороонд мэдэгдэх юм байна.
Нобелийн шагналд нэр дэвшүүлэх зохиолч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч байх бөгөөд эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх шаардлагыг тавьдаг. Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай 2018 онд Нобелийн “Утга зохиолын шагнал”-д нэр дэвшиж байв. Тэрээр 2017 онд БНСУ-д болсон “Азийн өглөө” фестивалиас “Азийн тэргүүн найрагч” цол хүртсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn