Ч.ГАНТУЛГА

“Урлан” булангийн энэ удаагийн зочноор уран сийлбэрч, багш Д.Сайнтогтохыг урилаа. Тэрээр тамгаа монгол бичгээр сийлж, эвхмэл бичгээр тайлбарлажээ.

-“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ирсэн бүтээлээс таны сийлбэрүүд их содон юм аа?

-Би энэ уралдаанд бүтээлийн бус төрөлд оролцож, шагналт байранд шалгарсандаа баяртай байна. Залуу үеийн хүүхдүүд монгол бичгээрээ хэчнээн сайхан бичиж байгааг нь хараад ахмад багшийн хувьд баярлаж суулаа.

-Та багшаас гадна сийлбэрч бололтой. Энэ удаад монгол тамга сийлжээ?

-Би нэг зүйлд эмзэглэдэг юм. Залуучууд монгол ахуй, тэр дундаа монгол морь, тамганы тухай мэдлэггүй байна. Морины тамга гэдэг нутаг ус, угшилаасаа шалтгаалаад өөр өөрийн бэлгэдэлтэй. Энэ нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн гайхамшиг гэж би боддог. Тиймээс залуу малчиддаа адууны тамгаа танин мэдүүлэх зорилгоор энэ удаагийн уралдаанд бүтээлээ авчирлаа.

-Таны тамгуудыг харахад их удаан хугацааны хөдөлмөр орсон нь харагдаж байна?

-Сүүлийн хоёр  сар тасралтгүй сууж, бүтээлээ. Зүгээр уран бичлэг биш, модоор сийлж байгаа учир нарийн ажиллагаа шаардсан. Сийлбэр нэг л буруу хийвэл дахиад эхэлдэг учир их болгоомжтой урлах шаардлагатай.

-Монголчууд хэзээнээс морио тамгалж эхэлсэн байдаг вэ?

-Монголчууд эртнээс морио дээдэлж, тамгалж ирсэн. Ялангуяа, их эзэн Чингис хааны үед морь тамгалах ёс дээд цэгтээ хүртэл хөгжсөн гэдэг. Эрдэмтдийн судалгаагаар монгол морины 400 гаруй тамга бий гэсэн. Үүнээс хүмүүсийн арай илүү мэддэг 30 гаруй тамгыг би сийллээ.

-Чингис хаан өөрөө морьдоо ямар тамгаар тамгалдаг байсан бол?

-Монголчууд Чингис хааны үеэс дэлхийг морин туурайгаар тамгалсан түүхтэй. Чингис хаан өөрөө наран тамгыг дээдэлдэг байсан гэдэг. Харин Хубилай хааны морьд дэгрээ тамгатай байсан гэх мэдээлэл бий.

-Одоо манай малчид Наран, Дэгрээ тамгыг хэрэглэдэг үү?

-Морио тамгалдаг малчид ховордсон байна. Тамгалж байгаа малчид нь ихэвчлэн наран тамгыг хэрэглэж байгаа нь ажиглагддаг. Мөн нутаг ус, гарал угшилаас шалтгаалаад Уйль, Загасан, Саран, Алхан тамга эрэлттэй байдаг юм билээ.

-Та тамгуудаа эвхмэл бичгээр тайлбарласан байна. Энэ бичгийг мэддэг хүн их ховордсон гэж сонссон?

-Эвхмэл бичгийг Хубилай хааны үед хэрэглэж байсан дөрвөлжин үсгээс санаа авч зохиосон гэдэг. Монголчууд эвхмэл бичгээр бичихээс илүү гоёл чимэглэд их хэрэглэдэг байсан юм билээ. Харин сүүлийн жилүүдэд хаа нэг энэ бичгийн тухай судалсан хүмүүстэй тааралдаж байна. Мөн хэл бичгийн зарим сургуульд эвхмэл бичиг заадаг болсон байна лээ.

-Хөвсгөл аймаг ч сийлбэрчдээрээ алдартай даа?

-Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул. Манай суманд авьяастай сийлбэрч олон бий. Н.Шагдарсүрэн гээд мундаг дархан хүн байлаа. Сүүлийн үед Б.Цэнд-Аюуш, Б.Пүрэвдорж гээд авьяастай сийлбэрч тодорч байна.

-Таны хувьд морины тамганаас гадна голчилж ямар сийлбэр хийдэг вэ?

-Монгол хүн учир уламжлал, ёс заншлаа дээдлэхийг эрхэмлэдэг. Хийж буй бүтээлдээ ч үүнийгээ тусгахсан гэж хичээж явна. Сүүлийн үед монгол тамганаас гадна молор эрдэнэ болсон морин толгой сийлж байна.

-Та Хөвсгөл аймгийн ахмад багш. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд танай аймгийн багш, сурагчид их идэвхтэй оролцлоо?

-Би 40 гаруй жил монгол хэл, уран зохиолын багшаар ажилласан. Сүүлийн үед монгол бичгээ суръя, сайхан бичигтэн болъё гэсэн хүүхэд нэмэгдэж байгааг энэ удаагийн уралдаанаас харж болно. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд надаар монгол бичиг заалгаж байсан хүүхдүүд, тэдний үе үеийн шавь нар амжилттай оролцлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.15 № 10 (5977)