Н.МӨНХЖИН

 Испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси уржигдар аав болжээ. Хар багаасаа үерхсэн хайртай бүсгүй Антонелла Рокуззо нь түүнд хүү төрүүлж өгсөн байна. Месси өчигдөр “Camp Nou” цэнгэлдэхэд “Сельта”-гийн эсрэг тоглохдоо хүүгийнхээ нэртэй пүүз өмсч гарч ирсэн ч гоол оруулж чадсангүй. Энэ тоглолтод “Барса” учраагаа 3:1-ээр хожсон юм. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Месси долоо хоногийн өмнө Колумбийн “Ole” сэтгүүлд дараахь ярилцлагыг өгчээ.

 -Лео, таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Аргентин хүүхдүү­дийн адилаар хар багаасаа л Росарио хотынхоо гу­дамжинд хөлбөмбөг тог­лож өссөн дөө. Миний хөлөнд бөмбөг наалдаас­тай л юм шиг явдаг байлаа. Би хорооллынхоо клубт тоглодог байсан юм. 14 настайдаа гэрээсээ явж Барселонад ирэхэд тун хүнд байсан. Эхний жил үнэндээ хэцүү байсан, гэр бүл найз нөхдөөсөө хол. Гэхдээ Барселонад өнгө­рүүлсэн мөч бүхэн минь аз жаргалтай санагддаг юм.

-Та ямар нэг зүйлд харамсдаг уу?

-Үгүй, юунд ч харамс­даггүй. 15 насандаа нөөц багийнхантай бэлтгэл хийж, дараа нь нэгдүгээр багтай бэлтгэл хийх бол­сон. Би Аргентинд олон зүйл орхиж ирсэн ч юунд ч харамсаад байдаггүй.

-Та хичээл номдоо ямар хүүхэд байсан бэ?

-Хэвийн. Хичээлд тийм дуртай байгаагүй ч яваад, хийгээд л байдаг байсан. Сургуулийн шиг­шээ багт орохын тулд хи­чээл­дээ бас сайн байх ёс­той байдаг байлаа.

-Олон хөлбөмбөгч ядуу гэр бүлд төрсөн байдаг. Харин таны хувьд?

-Манайх жирийн нэг айл байсан. Бурхны ав­ралаар бид юугаар ч га­чигдаж дутагддаггүй бай­лаа. Аав минь биднийг тэжээх гэж өдөржин ажил­ладаг байв. Бид эцэг эхээсээ дөрвүүлээ. Аав, ээж минь юугаар ч дутаа­гаагүй ээ.

-Хөлбөмбөг бол таны ирээ­дүй, таны амьдрал гэдгийг хэдийнээс мэдсэн бэ?

-14 хүртлээ энд тэнд тоглоод л явдаг байсан, нэг их бодож санасан юм байхгүй. Аав, авга ах хоёр хөлбөмбөгч болгоно л гэж ярьдаг байсан. Гэтэл нэг л өдөр Барселона явахаар болж билээ. Хэдийгээр жаахан байсан ч Испанид ирээд бүх юм мэргэж­лийн, хатуу чанга болж ирсэн дээ.

-Аргентины багууд та­ныг авна гэж сонирхсон л байлгүй дээ?

-Би Newells old boys багт байсан. Тэгээд нэг гэмтэхэд баг маань эм­чилгээний мөнгө гаргаж чадаагүй. Дараа нь “River Plate”-д тоглож бай­лаа. Дараа нь “Барса” клубээс татгалзахын аргагүй санал ирээд л энд хүрээд ирсэн.

-Хэзээ нэгэн цагт Ар­ген­тин руу­гаа буцъя гэж бодож байв уу?

-Боддог бай­сан. Эхний жи­лүүд хэцүү бай­сан. Гэрээ са­наад, ган­цаар­даж, уйлдаг байлаа. Би өөрөө Барсе­лонад ирэхийг хүссэн болохоор тэсээд л үлдсэн.

-Колумб улсад үеэр болоход та сайхан сэтгэл гаргасныг олон хүн ярих юм?

-Колумбид үер болс­ныг сонсоод Фабиан Вар­гастай ярилцаж байгаад хөлбөмбөгчдийн тоглолтод өмссөн хувцсыг нь цуг­луулж тийшээ явуулсан юм.

-Та дэлхийн олон хүү­хэд, залуусын шүтээн бол­но гэдгээ мэдээгүй л биз. Энэ талаар та одоо ямар бодолтой байдаг вэ?

-Олон хүүхэд, залуус намайг шүтэж, надаас үлгэр дууриал авдаг гэд­гийг мэдэх их гоё. Би ямар ч юм хийсэн, сайн үлгэр дууриал үзүүлэхийг хүсдэг.

-Криштиано Роналдо­гийн бие бялдраа гай­хуулсан, хүүхнүүдтэй нар­гиж цэнгэсэн мэдээ нь сэтгүүлээр байнга гарч байдаг. Та даруухан бай­хыг хичээдэг үү?

-Хүн бүр байгаагаараа л байдаг биз. Би өөрийгөө тэгж харагдуулах дургүй, надад зохихгүй. Би их дуугүй хүн. Намайг тийм, ийм хүүхэнтэй зугаалж байна л гээд байдаг. Би тэгж явдаг хүн биш.

-Мессигээрээ байх хэцүү юу?

-Үгүй ээ. Бурхан на­майг ингэж бүтээсэн. Би дүр эсгэдэггүй.

-Та кино театрт очдог уу?

-Очилгүй яахав. Өдөр, цагийг нь харж байгаад очиж кино үздэг.

-Колумб хөлбөмбөгч­дөөс хэн танд таалагддаг вэ?

-Валдеррама. Би түү­нийг шүтдэг байсан. Тэр бол Колумбийн нүүр ца­рай болж явсан тоглогч. Одооний тоглогчдоос гэ­вэл, Фалькаог нэрлэнэ. Тэр бол дэндүү сайн, жин­хэнэ агуу довтлогч.

-Барселона хотыг ор­хиж явлаа гэхэд хаашаа явах вэ?

-Тэгвэл би Аргентин руугаа л буцна.

-Луиш Фиго, Роналдо нар шиг “Барса”, “Реал Мадрид”-д хоёуланд нь тоглож байсан агуу хөл­бөм­бөгчид байдаг. Та тэгэх үү?

-Үгүй ээ, би тэгэхгүй. Өөр ямар ч багт очихгүй. Одоо би Барселонад жар­галтай байна. Аргентин руугаа буцах хүртлээ “Барса”-д тоглоно гэж боддог.

-Пеле, Марадона хоёрын аль нэгийг сонго гэвэл хэнийг нь сонгох вэ?

-Марадона. Би Пеле­гийн тоглохыг хараагүй. Гэвч надад энэ хоёрын аль нэгийг нь сонгох хэрэг байхгүй.

-Энэ ярилцлагыг унш­сан хүүхэд, залууст юу зөвлөхсөн бол?

-Хөлбөмбөгөөс таашаал ав, тэр хамгийн гоё. Хөлбөмбөг тогловол чи бие бялдар, сэтгэл зүйн хувьд өсч, дэвжиж, өөрийн гэсэн хариуцлагатай бол­но. Гэхдээ хамгийн чухал нь хичээл, сургууль шүү.