Ч.ҮЛ-ОЛДОХ, Т.БАТСАЙХАН
Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр үргэлжилж байна. Гацаанд ороод байсан парламентын үйл ажиллагаа өчигдрөөс амь орж, эрх баригч намын бүлэг, Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо дугаар шилжих мөчид, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаан ч товлогдоод байлаа. Мөн өчигдөр Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хуралдааныг ч зарлан хуралдуулав. Харин ордны гадна МАНАН-гийн дэглэмийн эсрэг жагсаал болж, Төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байв. Ийнхүү өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
АН-ынхан самбар байрлуулж, гарын үсэг цуглуулж эхлэв /2019.01.10 10:00 цагт
УИХ-ын чуулган өчигдөр хуралдах товтой байсан ч мөн л гишүүдийн ирц хүрээгүй. Харин сөрөг хүчнийхэн чуулганы танхимын үүдэнд том самбар байрлуулж, УИХ-ыг тараах гарын үсгээ зурж эхэллээ. АН-ын бүлгийн долоон гишүүн эхний удаад зурсан байв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, С.Эрдэнэ, Д.Мурат, Б.Наранхүү, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нар зурсан. Харин үдээс хойш УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар парламентыг тараах сөрөг хүчний саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсгээ зурлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улс төрийн нөхцөл байдал үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ. УИХ Засгийн газар хоорондын үл ойлголцол бодит байдлаасаа хэтэрч тэмцлийн хэлбэрт шилжээд байна. УИХ-ын гишүүд өөрдсөө хууль дээдлэх үндсэн зарчмаа алдлаа. Олон нийтийн судалгаагаар парламентын нэр хүнд маш доод хэмжээнд үнэлэгдэх боллоо. Энэ парламент ямар ч чадамжгүй болсон учраас өөрөө тарах ёстой гэж үзсэн” гэлээ.
Ц.Нямдоржийн хоёр өөр тайлбар /2019.01.10 11:10 цагт/
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг. Өчигдөр болсон дэд хорооны хурлаар Улсын Ерөнхий прокуророос ирсэн дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэв. Хурал цаг гаруй үргэлжилж, шийдвэрээ танилцууллаа. Энэ удаа дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэн шалгах шаардлагагүй, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хуулийн шалгалт явуулахад ямар нэгэн саад болохгүй гэж үзжээ. Энэхүү шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж улайх юмгүй уншиж танилцуулав. Тэрээр саяхан даа Б.Батзориг гишүүнийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэх үеэр ЖДҮ-чдыг уучлахгүй гэдгээ камерын өмнө илэрхийлж байв. Гэсэн ч түүний үзэл бодол, үнэн шударга байдал нь өчигдрийн хуралдаан дээр харагдсангүй. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ өмгөөлөн, тэрээр “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавигдаж байгаа дөрвөн гишүүн тус бүртээ дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тийм учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй” гэлээ.
Л.Болд: Хууль хяналтын байгууллагыг цэвэрлэх цаг болсон /2019.01.10 12.00 цагт/
Ийнхүү Төрийн ордонд дөрвөн гишүүний асуудал яригдаж байхад Д.Сүхбаатарын талбайд МАНАН-ын дэглэмийн эсрэг жагсаал эхэллээ. Жагсаал 12:00 цагт эхэлж нэг цаг 30 минут үргэлжилсэн. Энэхүү жагсаалд албан бусаар 3000 хүн оролцсон гэх мэдээлэл байна. Жагсаалыг зохион байгуулагчдын төлөөлөл УИХ-ын гишүүн Л.Болд “Бидний таван гишүүн уг жагсаал цуглааныг зохион байгуулах зөвшөөрлийг авахдаа маш их хариуцлагыг хүлээсэн. Арванхоёр дугаар сарын 27-ны өдөр бид маш тайван жагсч, тарсан.Монголчууд тайван замаар нийгмээ өөрчлөх хувьсгалыг хийж чаддаг гэдгийг харуулах замыг тавьсан. Бид жагсаал цуглаанаа маш эмх цэгцтэй, дэс дараатай, ойлгомжтой, хүчирхийлэлгүй, өдөөн хатгалтгүй зохионбайгуулсан. УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа. Шаардлагын хариуг өгөх ёстой. Мөн Хууль хяналтыг байгууллагыг цэвэрлэх цаг болсон байна. МАНАН дэглэмийг нураая” гэсэн юм.
Жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдтой уулзав /2019.01.10 15.00/
Үүний дараа жагсагчдын төлөөлөл Ж.Батзандан, Л.Болд нарын таван гишүүний хамтаар Төрийн ордонд орж, УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан юм. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “ Би тэдний санал бодлыг сонссон.өмнөх жагсаалаас надад ирүүлсэн шаардлагын дагуу тайлбар хариу бичсэн хоёр бүтэн, нэг хагас хуудас бүхий шаардлагын хариуг танилцуулах байсан ч тэд шаардлагын хариуг хүлээж авахгүй гэсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа би хэлсэн. Уулзсан хүмүүс маш бухимдалтай байна лээ. Би үүнийг ойлгож байгаа. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ тулгамдсан, хүндрэлтэй асуудлыг УИХ, Засгийн газар түргэн шуурхай шийдвэрлэх ёстой. Үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой. Иргэдийн бухимдлыг төр, засгийн байгууллагууд аль, аль нь анхаарах ёстой” гэлээ.
МАН-ын бүлэг: Дөрвөн гишүүнээ явуулахгүй, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжинэ /2019.01.10 15:30/
МАН-ын бүлэг хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх тухай Ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцлээ. Ингээд УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжсэн гэв. Мөн дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг чөлөөлөхгүйгээр шалгах боломжтой гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Дараагийн нэг хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлж, томилохтой холбоотой хуулийн төслийг дэмжих шийдвэрийг гаргажээ.
Ц.Цолмон: УИХ-ын даргын хариу тайлбарыг сонсоогүй /2019.01.10 16:00/
Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын дарга шаардлагын хариу өгч байгаатай холбогдуулан жагсагчидтай ярилцах төлөвлөгөөтэй байсан. Гэвч гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргын тайлбарыг хүлээж аваагүй. УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд энэ үйл ажиллагааг таслан зогсоосон. Энэ нь Төрийн ордны хамгаалалтын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон Төрийн ордонд мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл боллоо” гэсэн юм.
Бас нэгэн баримт /2019.01.10 16:30 цагт/
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганы хуралдааны өмнө байрлуулсан АН-ын УИХ-ыг тараах самбарт гарын үсэг зурсан. Энэ үеэр тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой бас нэгэн баримтыг дэлгэв. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “ Энэ УИХ өөрөө тарах ёстой. Хэрэв дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл ар араасаа олон гишүүний асуудал яригдах учраас У.Хүрэлсүх цээжээрээ хамгаалж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн авлигын бас нэг баримт надад бий гэдгийг та бүхэнд өмнө нь хэлсэн. Шинэ нисэх онгоцны буудлын төсөл 10 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төслийг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. 125 тэрбум төгрөгийн өртгөөр газрын тос хадгалах байгууламж барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Японы тал энэ байгууламжийн менежментийг хариуцахгүй гэдгээ илэрхийлсэн юм билээ. Гэтэл Засгийн газар Содмонгол группт шууд гэрээ хийх эрхийг олгосон. Ингээд үүнээс 14 хоногийн дараа буюу долдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд тухайн ААН-ээс 500 сая төгрөгийг бэлнээр авсан. Энэ маш ноцтой асуудал. Энэ асуудлыг би хуулийн байгууллагад шалгуулна” гэсэн юм.
ҮАБЗ хуралдаж, хуулийн төслийг хурдлуулах чиглэл өгөв /2019.01.10 17:00/
УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардаж буй “МАНАН дэглэмийн эсрэг жагсаал Төв талбайд үргэлжилсэн. Тэдний шаардагад УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа огцрох боломжгүй гэх хариултыг өгсөн. Үүсээд буй нөхцөл байдлаар үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг, чөлөөлж, томилох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөртөө /өчигдөртөө/ багтаж хийж дуусч, батлах чиглэлийг гаргажээ. Дугаар шилжих мөчид уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байлаа.
Х.Нямбаатар: Жагсаал улс төрийн хугацаагүй суултаар үргэлжилнэ /2019.01.10 18.00/
Жагсаал тарсан ч үргэлжлүүлээд тайван суулт зарлахаар болж 18:00 цагаас эхлэн жагсагчид төв талбайд гэр барьж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өнөөдрөөс улс төрийн хугацаагүй суулт зарлажбайна. Бид УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шаардлага тавьсан.Жагсаалын дундуур хүсэлт тавьж уулзахад өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй. Хуулийн дагуу ажлаа өгнө гэсэн шаардлага тавьсан.Бид тайван замаар хүчирхийлэлгүй байдлаар эсэргүүцлээ илэрхийлнэ.Зарим иргэн өлсгөлөн зарлах асуудал ярьж байна. Бид 80 гэр барихаар төлөвлөсөн. Гэр барих зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас авсан” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.11 № 8 (5975)