Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж хуралдаж, үндсэн гурван асуудал хэлэлцсэн байна. Францын Орона майнинг, Хятадын Чайна Энержитэй байгуулах гэрээ хэлэлцлийн асуудлыг ирэх долоо хоногт УИХ-д танилцуулахаар болжээ. Ингээд хэлэлцсэн асуудлаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны 100 хоног өнөөдөр болж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 100 хоногийн ажлын үр дүн, сайд нарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонссон. Хоёрт, төрийн өмчит компаниудын үр дүн, эдийн засгийн ерөнхий үзүүлэлтийг сонсож, дүгнэлээ. Гуравт, агаарын бохирдлын талаар мэдээлэл, дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар, Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувь, гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум ам.доллар, улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ. Экспортын орлого 17 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нүүрсний хэмжээ 81,8 сая тонн хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрэв. Нүүрсний экспорт өнөөдрийн хүрч болох хүчин чадалдаа тулсан гэсэн үг. Цаашдаа тээвэр ложистикийн нөхцөл байдлаа сайжруулснаар 100 сая тоннд хүрэх боломжтой" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn