Т.САЙХАН

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын  гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугаа гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно" гээд заачихсан байгаа. Энэ хэмжээндээ барьдаг. Цаашдаа ч барина. Өнөөдөр квот гэдэг зүйл бол дарга нарын аж ахуй нэгжүүдийг зовоох хэрэгсэл болсон. Энэ квотын авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай. Дандаа улстөрчид байгаа. Жижиг дунд бизнес эрхэлж буй хүмүүс нэг ч квотод хамрагдаж чаддаггүй. Энэ бол үндэсний аюулгуй байдалд харшлаад байгаа зүйл биш. 10 гаруй ажилтантай бизнес эрхлэгч шинэ тоног төхөөрөмж аваад түүнийгээ ажиллуулах мэргэшсэн инженер гаднаас оруулж ирж чадахгүй байна. Гэтэл томоохон ААН энэ квотод хамрагдаад Засгийн газарт ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Жилд 20 орчим мянган ажиллах хүч оруулж ирэх квот тогтоодог. Манайхан ажиллах хүч оруулж ирнэ гэхээр дандаа хятад иргэн гэж ойлгоод байдаг. Хуулийн хэм хэмжээнд байгаа.  Гаднаас оруулж ирж байгаа нэг иргэнд жилд 15 сая 600 мянган төгрөг төлдөг. Энэ нь байр, хоол, цалин хөлс, нийгмийн даатгал зэрэг багтаагүй төлбөр. Тиймээс энэ нь жижиг аж ахуй нэгжид маш хүнд тусч байгаа. Өнгөрсөн жил 6500 ажилтныг чөлөөлье гэсэн хүсэлт Засгийн газарт ирэхэд 5673 ажилтныг 100 хувь чөлөөлсөн байна. Татварт орох энэ мөнгийг  ямар үндэслэлээр чөлөөлөөд байгаа юм, иргэд мэдэх эрхтэй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn