Ахлах дэслэгч Г.НЯМГЭРЭЛ
Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Анхдагчдын цом-2019” гүйлтийн цанын нээлттэй тэмцээнийг Хилийн 0286 дугаар анги, Булган аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Тус тэмцээнд 14 багийн 122 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Ч.Батзориг, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатан, Хилийн 0208 дугаар тусгай салбарын захирагч, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Хилийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж, Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр, бэлтгэл хурандаа Д.Батцэнгэл нарын хүндэт зочид төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд Швейцарь улсаас цанын мэргэжлийн тамирчид ирж монгол тамирчидтай хурд хүч сорьж уралдахын зэрэгцээ харилцан туршлага солилцсоноороо онцлог байлаа.
Тэмцээн насанд хүрэгчид ба өсвөрийн тамирчид гэсэн ангилалтай явагдлаа. Насанд хүрэгчид 19-25, 26-36, 37-өөс дээш, өсвөрийн тамирчид 11-12, 13-14, 15-16, 17-18 насны гэсэн ангиллаар болон багуудын буухиа уралдаанаар үргэлжилсэн юм. Тус тэмцээнээс Хилийн 0286 дугаар ангийн ахлах ахлагч П.Мөнхбат мөнгө, дэд ахлагч З.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, ахлах ахлагч А.Нарангарав хүрэл медаль хүртэж буухиа тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн нэгдүгээр баг тэргүүлж, хоёрдугаар баг хүрэл медаль хүртэв. Харин буухиа тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ. Ингээд багийн дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид түрүүлж шилжин явах цомын эзэн болсон бол хоёрдугаар байранд Хилийн 0286 дугаар анги шалгарч Хилийн 0303 дугаар тусгай салбар удаах байрыг эзлэв. Тэмцээнд оролцсон тамирчид, ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд Хилийн 0286 дугаар ангийн Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны хамт олон “Булган хангайн хилчдийн аялгуу” нэртэй концерт, үдэшлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж Монгол өв соёл болон хилчдийн алба үйл ажиллагааг сурталчилав. Дашрамд дурдахад Швейцарь улсын иргэн ноён Паскаль өөрийн санаачлага, хөрөнгө оруулалтаар Монголын өсвөрийн цаначдыг бэлтгэл сургуулилтад анхаарал хандуулахын зэрэгцээ хойд хилийн ангиудыг хилчин тамирчдыг цанын спортод бэлтгэхэд онцгой туслалцаа үзүүлж буй хүндтэй иргэн юм. Ноён Паскаль энэхүү тэмцээнд амжилт үзүүлсэн өсвөрийн цаначдыг ирэх жил Швейцарь улсад зохион байгуулах “Lausanne-2020” тэмцээнд оролцуулахад өөрийн хөрөнгөөр ивээн тэтгэх ажээ.
Эх сурвалж: www.polit.mn