Ч.ГАНТУЛГА
Үзэсгэлэнгийн танхимд ороход 30 гаруй уран бүтээлийг дэлгэсэн байв. Зураач М.Уранбэрх бүтээлүүдээ монгол зургийн аргаар зурдаг. Харин Д.Булгантуяа абстракт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Түүний зургуудаас хязгааргүй эрх чөлөө, орон зай, хүсэл тэмүүлэл мэдрэгдсэн юм. Хэтэрхий тод биш, хоорондоо ууссан завсрын өнгө уран бүтээлд нь голложээ. Сонирхол төрүүлэм хачин этгээд хийсвэр сэтгэлгээний зургууд харц булаалаа. Хаврыг орог саарал шаргал өнгөөр ч дүрсэлсэн нь байх юм. Замбараагүй юм шиг харагдсан ч хаврын хуйсганасан тэнгэрийг хүний дотоод ертөнц, бодолтой холбожээ.
“Хотын зүүд” зураг яг л зүүдний биелэл юм шиг этгээд. Зураач тайлбарлахдаа “Хот, байшин гэхээр заавал дөрвөлжин цонхтой байх албагүй шүү дээ. Энэ чинь зүүд” гэсэн юм. Харахад ойлгомжгүй юм шиг ч торгон мэдрэмж хөндсөн уран бүтээлүүд олон байсан.
Абстракт чиглэлийн зурагнуудаас нь гадна “Өвлийн уянга” зураг илүү сонирхолтой. Дарьганга эмэгтэйн хөргийг үндэсний хувцас, чимэг зүүлттэй нь зуржээ. Монгол эмэгтэйн намба төрхийг харуулсан энэ зураг цаанаасаа л гэрэлтэх шиг харагдсан. Үл ялиг инээмсэглэж, өвлийн хүйтэн жаварт хацар нь ягаарч улам үзэсгэлэнтэй харагдуулах аж.
Амьдралынхаа хором бүрийг уран зургийн ертөнцтэй холбож, заяаны ханиа энэ л урлагаас олжээ. Адилхан уран бүтээлч болохоор ойлголцоход амар байдаг аж. Хааяа зөрчилдөх үе гарах ч амархан учраа олдог тухайгаа эхнэр Д.Булгантуяа хуучилсан. Тэд уран бүтээлээ туурвихын зэрэгцээ МУБИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд багшилдаг. Уран зургийн гайхамшгийг шавь нартаа мэдрүүлж, ирээдүйн уран бүтээлч бэлдэх их үйлсэд хүчин зүтгэж явна. Гэр бүлийн хоёр уран бүтээлчийн үзэсгэлэнд зочлоод гарахад амьдралыг өөр нэг өнгөөр харах шиг сэтгэгдэл төрж байв. Эгэл жирийн бүхнийг эгэлгүй ертөнцөөр дэлгэн гаргадаг хоёр уран бүтээлч бие биенээ олж харсан нь ч тохиолдол биш гэлтэй.
Зураач М.Уранбэрх “Монгол зураг”-ийн чиглэлээр зурдаг. Тиймээс үзэл бодлоо уран бүтээлдээ тусгахдаа, бусдад илэрхийлж гаргахдаа ч тэд өөр өөрийнхөөрөө буулгана. Гэхдээ санал бодлоо хуваалцаж, болохгүй бол шүүмжилж, бие биедээ урам зориг өгч, дэм болж амьдрахдаа тэд дуртай.
Зураач Д.Булгантуяатай цөөн хором хөөрөлдлөө.
-Уран бүтээлийн сэдэв, санаагаа хаанаас олдог вэ?
-Хорвоогоор дүүрэн сэдэв байна. Уран бүтээлч хүн эмзэглэлээс л илүү санаа олж авдаг болов уу. Миний хувьд ч ялгаагүй. Гэхдээ болж бүтэхгүй зүйлийг зурахдаа гол нь биш. Түүнийг уран бүтээлээрээ хүмүүст ойлгуулж, ухааруулах нь чухал. Сайн, сайхныг зөгнөсөн уран бүтээл хийхийг хүсдэг.
-Таны зургууд баригдмал биш, эрх чөлөөтэй юм шиг санагдлаа?
-Абстракт чиглэлийн уран бүтээлүүд их бий. Хязгааргүй хийсвэр сэтгэлгээг илэрхийлсэн орон зайн зохиомжууд ч байна. Өөрийнхөө дотоод ертөнцийг өнгө будгийн гайхамшгаар амилуулан байж сайн уран бүтээл гардаг. Уран бүтээлч хүн баригдмал биш өргөн хязгааргүй сэтгэдэг байх нь чухал.
-Абстракт чиглэлийн уран бүтээлийн онцлог нь юунд оршдог вэ?
-Хязгааргүй хийсвэр сэтгэлгээ л юм даа. Ямагт өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч, дотоод ертөнцөө өөр өнцгөөс гаргаж ирэх санаа гэж ойлгож болно.
-Харандаа цаас нийлүүлж хүний сэтгэлийг хөдөлгөх бүтээл төрүүлэхэд хэр тэвчээр хэрэгтэй вэ?
-Цаг хугацааны хувьд харилцан адилгүй. Эхлээд санаагаа олно. Дараа нь бодож тунгаана. Тэгээд цаасан дээр буулгаж уран бүтээл төрдөг. Тэсвэр тэвчээр, ур ухаан шаардлагатай. Хааяа зурмааргүй ч үе байдаг. Нэг зураг эхлүүлчихээд дундуур нь өөр зураг зурах шаардлага ч гардаг. Хайрлаж, хүссэн мэргэжил минь болохоор шантрах, уйдах асуудал гарч байсангүй. Өөрөө дурлаж зурдаг болохоор чанартай бүтээл хийх юмсан гэж боддог. Буланд сууж байгаад ч хамаагүй зургаа зурахыг хичээдэг. Жинхэнэ уран бүтээл л хүний сэтгэлийг хөдөлгөдөг шүү дээ. Цаг хугацааны хувьд оромдоод хаячихсан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээгээгүй бүтээл хэний ч сонирхлыг татахгүй.
-Та уран бүтээлээрээ хүмүүст юу өгөхийг хүсдэг вэ?
-Хамгийн эхэнд миний дотоод ертөнцийг мэдрээсэй, хэлэх гэсэн санааг минь ойлгоосой гэж хүсдэг. Уран бүтээлч хүмүүс бусдыг соён гэгээрүүлэх, нийгмийн дуу хоолой болдог байх хэрэгтэй. Хүмүүст ухаарал төрүүлж, урлагийн гоо зүйг мэдрүүлдэг байх шаардлагатай. Миний бүтээлийг үзсэн хүмүүс бага ч гэсэн урлагийн мэдрэмж, тайтгарлыг аваад гарвал уран бүтээлч болсны минь хэрэг бүтлээ гэсэн үг.
-Амьдралыг ямар өнгөөр илэрхийлэх вэ?
-Амьдрал өөрөө олон өнгөөс бүрддэг шүү дээ. Хүйтэн, дулаан, эрс тэс өнгөөр л төсөөлнө дөө.
Амьдралыг өөрийнхөөрөө харж, төсөөлж, зурж яваа нэгэн гэр бүлийн уран бүтээлчдийн үзэсгэлэнд саатлаа. Зураач Д.Булгантуяа, М.Уранбэрх нарын хамтарсан “Цагийн өнгө” үзэсгэлэн Урчуудын эвлэлийн Арт галерейд ирэх лхагва гариг хүртэл үргэлжилнэ.