Ц.БАЯР
Монголын Зохиолчдын Эвлэлээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Утгын чимэг” шилдэг богино өгүүллэгийн наадам өчигдөр /2019.01.08/ Монголын хүүхдийн ордонд болж шилдэг өгүүллэгүүдийг тодрууллаа. “Утгын чимэг-22” наадам энэ удаа МЗЭ-ийн 90 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Богино өгүүллэгийн нэрт мастеруудыг төрүүлдэг уг наадамд энэ жил 100 гаруй зохиолч бүтээлээ ирүүлснээс эхний шатанд 10 бүтээл шалгаран үлдсэн юм. Тэдгээр өгүүллэгийг уран уншигчид тайзнаа уншиж үзэгчдэд хүргэсэн бол Төрийн шагналт, Соёлын гавьат зүтгэлтэн Б.Догмид тэргүүтэй шүүгчдийн бүрэлдэхүүн ажилласан.
Шилдгүүдийг тодруулахад тэргүүн байрт МЗЭ-ийн шагналт, зохиолч , яруу найрагч С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс”, удаах байранд Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой”, гуравдугаар байранд Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” өгүүллэг шалгарсан юм. Харин М.Уянсүхийн “Алтан хундага”, М.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн”,С.Оюуны “ Тэнгэрийн хүү” тус, тус тусгай байранд шалгарлаа.
Энэ удаагийн “Утгын чимэг” наадамд зохиолч, уран бүтээлчид сайхан монгол өгүүллэгүүд сойсон байв. Тэр дотроос тэргүүн байрт шалгарсан Гурван хэмжээс” өгүүллэг шинэ уур амьсгал, шинэ өгүүлэмж, шинэ хэллэг, зохиомжоороо онцлог байлаа. Энэхүү бүтээлийг Монгол Улсын гавьяат жүжигчин Г. Равдан тайзнаа уншиж амьдруулсан юм . Энэ үеэр тэрээр хэлэхдээ “ Уран үгийн увидас намайг хөглөж, залуужуулж байдаг. “Гурван хэмжээс” өгүүллэгийг уншсан нь надад шинэ санагдсан. Өмнө би богино өгүүллэгийн нэрт зохиолчид болох Д.Батбаяр, С.Дашдооров, Д.Намсрай, Ц.Доржготов гээд олон зохиолчийн бүтээлийг уншиж түрүүлүүлж байлаа. Тэгвэл өнөөдрийн С.Дамдиндоржийн энэ өгүүллэг арай өөр. Богино өгүүллэгийн наадамд шинэ өнгө төрх, шинэ хэллэг оруулж ирлээ. Тиймээс уншихад ээдрээтэй юм шиг атлаа бас их сонин, олзуурхууштай байлаа. Гүйцэтгэгч уран бүтээлч бидний хувьд сонирхолтой өгүүллэг санагдсан” хэмээсэн юм. “Утгын чимэг”-ийн тэргүүн байрын шагналт зохиолч, яруу найрагч С.Дамдиндорж “ Гурван хэмжээсээр би хүн өдөр тутам хүний алдаанаас ухаарч, сурч, боловсорч, гэгээрч байдаг гэсэн санааг гаргахыг хичээсэн. Өмнө миний “ Чоно тарвагацах” өгүүллэг маань “Утгын чимэг” наадмын шилдэг аравт шалгарч байсан. Энэ жил тэргүүн байрын шагналыг хүртсэндээ өөрийн хүндэлж явдаг багш нартаа юуны түрүүнд гүнээ талархаж, мэхийн ёслоё” гэсэн юм. Наадмын хоёрдугаар байрыг Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой” өгүүллэг үзэгч фэнүүдийн дэмжлэгийг авч алга ташилт тасралтгүй байсан юм. Энэхүү өгүүллэг нь эгч дүүгийн хайр, байгалийн хатуу ширүүн уур амьсгалыг хэрхэн даван туулж дүүгээ аварч өөрөө амиа өгсөн эгчийн бодит амьдралаас сэдэвлэсэн өгүүллэг байлаа. Нийгэмд охид , хүүхэд хүчирхийлэлд өртөж айдаст автуулж буй энэ цаг үед үүний эсрэг зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн бичсэн “Булангийн зогсоол” өгүүллэг гуравдугаар байранд орсон юм. Тэрээр хэлэхдээ “ Одооноос долоон жилийн өмнө “Нар жаргасан хойно” өгүүллэг маань шидэг аравт үлдэж байсан. Түүнээс хойш анх удаа “ Булангийн зогсоол” өгүүллэг маань тайзан дээр уншигдаж гуравдугаар байранд шалгарсанд сэтгэл өндөр байна. Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойтой давхцан энэ том наадамд ийнхүү эхний байруудад орж байгаа нь бүр ч бахархах сэтгэл төрлөө. Энэ өгүүллэгээр эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хөндөж өгсөн. Хүний хүсэл мөрөөдлийг битгий мохоогоосой, эмэгтэйчүүд ямар их эр зориг хүчтэй байдаг юм гэсэн санааг гаргахыг хичээсэн. Бараг л 10 жилийн дараа энэ амжилтад хүрч байна. Манай утгын чимэг наадмын босго өндөр. Жил бүр нэг л өгүүллэг авдаг” гэж ярьлаа. Монголын энэ удаагийн богино өгүүллэгийн наадамд хөдөө орон нутгийн зохиолчид түлхүү оролцож бусдаас илүү цойлон гарч ирсэн нь онцлогтой байв.
Эх сурвалж:www.polit.mn