Д.НАДМИД
Жил бүр уламжлал болж зохион байгуулагддаг олон улсын монгол бөхчүүдийн Алтан бүс ээлжит барилдаан өнгөрсөн ням гаригт ӨМӨЗО-д боллоо.
Энэ барилдаанд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан О.Одгэрэл, Н.Жаргалбаяр, Ц.Мягмарсүрэн, улсын харцага О.Хангай, улсын начин Д.Анар, Д.Цэрэнтогтох нарын оролцоотой 20-иод бөх зодоглосон юм.
Тэднээс улсын харцага О.Хангай учраа бүхнээ давж түрүүлэн Алтан бүсний эзэн болж таван сая юаний шагнал хүртжээ. Тэрбээр өнгөрсөн сард БНСУ-д болсон тус улсын үндэсний бөх Шырым бөхийн олон улсын нээлттэй тэмцээнд мөн түрүүлж БНСУ-ын Үндэсний бөхийн их аварга цолтон болсон юм.
Алтан бүсний төлөө тэмцээн тав дахь удаагаа болж байгаа бөгөөд анхны тэмцээнд улсын аварга Ч.Санжаадамба улсын заан цолтойдоо түрүүлж алтан гулдмайгаар шагнагдаж байсан нь саяхан. Түүнээс хойш улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нар түрүүлж байсан билээ.
Эх сурвалж: polit.mn