Ч.ЗОТОЛ
Энэ удаагийн дугаарын зочноор “Хөх гачуурхан” хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Д.Хосбаярыг урилаа.
7-8 дугаар ангидаа бүжиглэх дуртай байлаа. Реп муугүй хийнэ. “Загалмай” нэртэй хамтлагтай. Тэндээс урлагийн хүн болох зам эхэлсэн.
-Багшийнхаа байгуулсан хүүхдийн театрын шинэ уран бүтээлийн салхийг хагалах гээд завгүй байхад ярилцлага авах гэж шалж, цаг заваас чинь хомсолж байгаадаа уучлал эрье. Гэхдээ манай уншигчдыг хүндэлж, бидэнтэй уулзсанд баярлалаа. Танай театрын шинэ уран бүтээлийн ажил хэр урагштай байна?
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Бид зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” хүүхдийн зохиол дээр ажиллаж байна. Ирэх сарын эхээр нээлтээ хийх юм. Өсвөр насныханд зориулсан, мөрөөдөл гэж юу байдаг юм бэ гэсэн хүүхдийн гэнэн цагаан хүслийг харуулсан шинэ жүжгийн бэлтгэлийг хангах гээд ид ажиллаж байна. Өмнө нь “Буратиногийн алтан түлхүүр”, “Анхны хайранд хүргэж өгдөг галт тэрэгний тасалбар” жүжгүүдээ үзэгчдэд хүргэснийг хүмүүс санаж байгаа байх.
-Хүүхэд, залуучуудын театрын орон зай манайд бий. Гэхдээ цаашид яаж хөгжүүлэх, ямар хэлбэрээр авч явах вэ гээд бодох зүйлүүд ч олон байх?
-Хүүхэлдэйн театр гэвэл тусдаа ойлголт. Харин хүүхэд, залуусынх гэхээр орон зай бий. Хүүхдийн жүжиг сүүлийн үед их ховор байна. Жишээ нь гадуур дандаа шоунууд тоглогдож байгаа шүү дээ. Мөн драмын жүжгүүд тоглогдож байна. Тиймээс дутагдаж байгаа орон зайг дүүргэе, ирээдүйд хүүхдийн театрын боловсон хүчнийг бэлтгэх зорилго тавьж байна.
-Танай театрын хамт олон хэр олуул билээ?
-Бид арвуулаа. Бүгд Б.Мөнхдорж багшийн шавь.
-Та бүхэн “Мөрөөдлийн театр”-аас юугаараа ялгарах бол?
-Тэд мөн л УДЭТ-аас тасарч гарч отгон театр гэж өөрсдийгөө нэрлэсэн. Тэнд Алтаншагай ах бий. Бид тэдэнтэй ижил, гэхдээ ялгарах зүйл нь эхний ээлжинд дан хүүхдийн жүжиг тоглоно. Ойрын 2-3 жилийн төлөвлөгөө гаргачихсан. Тэр дагуу уран бүтээлээ хийнэ.
-Төлөвлөгөөгөө зөрчиж урваж хөрвөхгүй гэх баталгаа байна уу?
-Эхний ээлжинд гэж ялгаа зааг ярьж байна шүү дээ. Тэгэхээр нийтлэг ойлгох хэрэгтэй. Бид ойрын 2-3 жилийн төлөвлөгөө, зорилгыг ярьж байна. Харин хувь уран бүтээлчийн зүгээс кинонд тоглох юм байлгүй яахав.
-Сүүлийн үед өөрийг чинь хэсгийн төлөөлөгч Тодбаярын дүрээр төсөөлөх хүн олон байна. Цагдаагийнхны ажил, амьдралыг харуулсан телевизийн олон ангит кино нийгмийн анхаарлыг татаж чадлаа шүү?
-“Амьдрал чиний төлөө” кино Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар хийгдсэн. Өнгөрсөн жил цагдаагийн байгууллагын 90 жилийн ой болсон. Түүнд зориулагдсан ч нэлээд дуншиж байж өнгөрсөн хавраас үзэгчдэд хүрч байгаа юм. Кинонд Хэнтий аймгийн Биндэр сумын хэсгийн төлөөлөгч Тодбаярын дүрийг бүтээсэн. Хэсгийн төлөөлөгч ихээхэн онцлогтой, бас хариуцлагатай алба юм билээ. Төрийн байгууллагууд энгийнээс өөр. Сургууль төгсөнгүүт нь шууд хуваарилчихдаг. Эрүүгийн байцаагч болно гэсэн мөрөөдөлтэй хотын залуу байлаа гэхэд шууд хөдөө авааччихдаг ийм л алба юм байна. Сумын төв дээр очиход эрүүлжүүлэх байргүй, ганц дайчин ганцаардахгүй гэгчээр хэсгийн төлөөлөгч зүтгэхээс аргагүй. Хотод бол хэргийн газарт эрүүгийнхэн, шинжээч гээд тал талаасаа очиж шинжилдэг бол суманд тэр бүгдийг хэсгийн төлөөлөгч ганцаараа хийнэ. Хүн амины хэрэг гарлаа гэхэд тэр орчинд нь сэрэмжлүүлэг хадаж, аймгаас нэмэгдэл хүч иртэл хүлээх гэх мэт хэцүү зүйлүүд байдаг юм билээ. Бид зурганд орж явсан учраас тэр болгонд оролцоогүй. Гэхдээ тэр байдлыг мэдэрч, тэнд ажиллаж байгаа цагдаа нараас олон зүйлийг сонсч дуулсан. Киноны зураг авалт дуустал цагдаагийн амьдралаар амьдарсан.
-Цагдаагийн байгууллагын дотор орж, нэг эд эс нь болж дүр бүтээхэд юу бодогдож байх юм?
-Хэцүү зүйлүүд зөндөө тулгарсан. Өмнө нь цагдаагийн талаар өнгөц ойлголттой байсан минь их өөрчлөгдсөн. Кино бүтээхэд цагдаагийнхан зөвлөж, мэргэжлийн талаас олон зүйлийг хэлж өгдөг байсан. Киноны зураг авалт эхлэхийн өмнө бид хуваагдаж, Баянзүрх, Чингэлтэй зэрэг цагдаагийн газар, хэлтсүүдэд дадлага хийсэн нь их тус болсон. Хулгайн дуудлагад явахад ямар байдаг вэ, зодоон цохионы хэрэг гарвал яах вэ гээд бүр наад захын асуудлаас эхлээд цагдаагийнхантай мөр зэрэгцэж ажилласан. Цагдаа нарын ажил цаг наргүй үнэхээр хэцүү юм билээ.
-Ингэхэд хөвгүүд багадаа цагдаа болохыг мөрөөддөг. Цагдаа болохсон гэж бодож байв уу?
-Нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Гэвч болоогүй, урлагийн хүн болсон.
-Тэгвэл, хэзээнээс жүжигчин болох тухай бодох болов?
-7-8 дугаар ангидаа бүжиглэх дуртай байлаа. Реп муугүй хийнэ. “Загалмай” нэртэй хамтлагтай. Тэндээс урлагийн хүн болох зам эхэлсэн. СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөд эхний жил унасан. Тэгээд нэг жил бааранд зөөгчөөр ажиллаж үзсэн. Дараа жил нь шалгалт өгөхдөө бүх зүйлийг судалсан нэлээд туршлагатай байлаа. Тэгээд шалгалтаа сайн өгч тэнцсэн.
-Тэгээд СУИС-ийн оюутан болсон байж. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Манай ангийнхны олонх нь Дорноговийнх байсан. Эхэндээ газар, газраас ирсэн, янз бүрийн ааш зантай хүүхдүүд цугласан. Сургууль дээрээ жүжгээ бэлдээд хононо. Сүүлдээ нэг айл шиг, ангийн дарга нь аав шиг болчихдог юм билээ.
-СУИС-ийг дөнгөж төгссөн залуу УДЭТ-ын өндөр босгыг алхаж орсныг мэдэх юм байна. Тэр шалгуурыг давна гэдэг амаргүй байх шүү?
-Би СУИС-ийн 2009 оны төгсөгч. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн шавь. Сургууль төгссөн жилээ шууд УДЭТ-т шалгуулсан. Шалгалтад нь тэнцээд жүжигчин болсон. Театрт гурван жил ажиллаад өнгөрсөн зун гарсан. Өөрийгөө сорьж үзэх, шинэ уран бүтээл хийх сонирхолдоо хөтлөгдсөн хэрэг л дээ. Ингээд Б.Мөнхдорж багштайгаа хамтран “Хөх гачуурхан” хүүхэд, залуучуудын театр байгуулан ажиллаж байна.
-СУИС-ийг хамт төгссөн ангийнхан чинь бүгд жүжигчин болсон уу?
-Нэг ангиас тоотой хэд нь л жүжигчин болдог юм билээ. Гэхдээ манай ангийг 14 хүүхэд төгссөний олонх нь жүжигчин болсон. Зарим нь телевизэд ажиллаж байгаа.
-Ингэхэд хүүхэд, залуусын үлгэр дууриал болоод байгаа цагдаагийн дүрийг бүтээснээс хойш кинонд тоглох урилга ирж байна уу?
-Би түрүүнд хэлсэн, цагдаагийн кино хийчихээд нэлээд дуншиж байж үзэгчдэд хүрсэн гэж. Тэр киноноос гадна би хоёр ч кинонд дүр бүтээсэн. Эрчим хүчний салбарын 80 жилийн ойд зориулсан “Сэтгэлийн гэрэл” кинонд монтёр болж тоглосон. Тэр дүрээ их бэлэгшээж байгаа. Яагаад гэвэл, миний аав монтёр байсан юм. Их хэцүү мэргэжил гэдгийг нь тэр кинонд тоглоод мэдэрсэн. Өнгөрсөн жил “Найз” кинонд тоглосон. Тэр бол цэвэр кино театруудаар гарах уран сайхны бүтээл. Х-ТҮЦ хамтлагийн найруулагч, анх “Сэргээш”-ийг мюзикл болгон тавьж байхад Юндэнд тоглож байсан Болдбаатар найруулагчаар нь ажилласан.
-Мөрөөдлийн дүр байгаа юу?
-Байлгүй яахав. Жүжигчин болгоны мөрөөдөл түүхэн жүжгийн гол дүрд тоглох. Минийх тэдэнтэй адил.
-Уран бүтээлчид цаг завгүй байдаг. Чөлөөт цаг гарвал юунд зарцуулдаг вэ?
-Гэр бүлтэйгээ хамт байхыг эрхэмлэдэг. Эхнэр, охин хоёртойгоо амьдардаг. Зав гарвал хамгийн түрүүнд агаарт гарчих юмсан гэж боддог.
-Эхнэртэйгээ нэг салбарт ажилладаг уу?
-Мэргэжил нэгтэй гэхэд болно. Манай хүн СУИС-ийг удирдлагын чиглэлээр төгссөн. Одоо магистрт сурч байгаа.
-Уран бүтээлийг чинь дэмжинэ биз?
-Санал солилцож, зөвлөх зүйл гаралгүй яахав. Намайг болоод уран бүтээлийг минь байнга дэмжиж байдаг.
-Залуу хүний хувьд нэг кинонд дурласан залуугийн дүр бүтээж өөр бүсгүйг тэвэрч үнсэлцэж байгааг эхнэр чинь ойлгож хүлээж авч чаддаг уу?
-Тэр чинь уран бүтээл шүү дээ, бодит амьдрал биш. Мэдээж уран бүтээлч хүний гэр бүл их чухал. Наад зах нь таны асуусан шиг уран бүтээлийн асуудлыг ойлгож, хүлээж авах хэрэгтэй болно. Цаг зав багатай учраас арын ажлыг амжуулах гээд ажил их гарна. Манай хүн намайг сайн ойлгодог, бас дэмждэг.
-Өөрийн чинь хувьд хэр сайн аав бэ?
-Охин маань гурван настай, цэцэрлэгт явдаг. Би охиндоо сайн аав байхыг хичээдэг. Харин ажил ихтэй болохоор цаг гаргадаггүй тал бий. Манай гэрийг театр гэж үзвэл, тэнд тавигдаж байгаа бүх жүжгийн гол баатар нь миний охин. Хөгжилтэй, баяр баясгалантай, аз жаргалтай байдлыг гэр бүлээсээ олж, нэг ёсондоо кайф авч байдаг.
-Аав, ээжийн нөлөөгөөр урлагийн авьяас хэр байна, охинд чинь?
-Мэдрэгдэж байгаа шүү. Миний охин сонсгол их сайтай. Тэрийг яаж мэдсэн бэ гэвэл, нэг өдөр телевизээр нэлээд хурдан хэмнэлтэй дууны клип гарсан чинь дагаад бүжиглэж байна. Дараа нь уянгын дуу явтал яг тэр хэмнэлээр бүжиглэж байгаа юм чинь.
-Одоо асуултаа жаахан өөрчилье. Түрүүнд “Найз” кинонд дүр бүтээсэн гэлээ. Өөрөө хэр олон найзтай вэ, найз гэж хэн бэ?
-Найз итгэл дээр тогтдог. Надад найз нөхөд олон бий. Арван жилийн найзуудтайгаа одоо ч дотно. Оюутан цагийн нөхөд байна. Уран бүтээлийн найзууд ч олон. Бид бие биедээ хэлэх гэснээ хэлж, шүүмжлэх үедээ шүүмжилж, хэцүү үед нь тусалж чаддаг. Амралтын өдрөөр уулзаж, сагс тоглоно. Ингээд яриад байвал олон сайхан зүйлүүд бий.
Бидний яриа энэ хүрээд өндөрлөлөө. Тэрээр жүжгийн бэлтгэлтэй цаг зав багатай учраас яарч байгаагаа хэлээд гарч одсон юм. Дугаарын зочиндоо уншигчдынхаа өмнөөс уран бүтээлийн амжилт хүсье.