Ч.ГАНТУЛГА

Утасны анд” энэ удаад УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэлтэй холбогдлоо. Тэрээр саяхан нээлтээ хийсэн К.Людвигийн “Оддын өвчин” жүжигт Италийн алдарт дуучин Тито Меррлигийн дүрийг бүтээсэн юм.

-УДЭТ-ын үзвэрийн нээлт амжилттай боллоо. Таны хувьд гол дүр бүтээсэн?

-Манай театрын энэ жилийн нээлт  сайхан боллоо. Бид Америкийн алдарт найруулагчийн бүтээлээр үзвэрийн хөшгөө нээсэн. Найруулагч Ч.Түвшин хүн бүхэнд тулгамдаад буй, дуугарах цаг нь бол­сон нийгмийн сэдвийг хөнд­сөн. Залуу уран бү­тээлч надад энэ дүр дээр ажиллах итгэл хүлээл­гэсэнд баяртай байна.

-Дүр сонголтын хувьд сонгон шалгаруулалт байв уу. Эсвэл найруулагчийн таашаал байсан уу?

-Найруулагч өөрийн харсан өнцгөөс дүрээ хувиарласан. Энэ удаад “Оддын өвчин” жүжигт залуу уран бүтээлчид түлхүү ажиллалаа. Бид бие биенээсээ олон зүй­лийг сурч, урам зориг авсан.

-Та энэ бүтээлд гэргий­тэйгээ хамтарч тоглосон. Хамт тайзан дээр тоглоход сайхан байдаг байх даа?

-Миний гэргий УДЭТ-ын жүжигчин Г.Номуун. Энэ удаад Мегги хэмээх гэнэн хон­гор, үзэсгэлэнт бүсгүйн дүр дээр ажиллалаа. Мэдээж хамт тоглоход сайхан байдаг. Зөвхөн сайх­наас гадна бие биедээ туслаж дэмжих, шүүмжлэх гээд олон сайн тал бий.

-Жүжигт Тито Меррли Италийн төдийгүй дэлхийн алдарт дуурийн дуучин гэж гардаг. Дуурийн дуу дуулахад хүндрэлтэй байв уу?

-Энэ жүжгийн гол онцлог нь дуулалт шаардсан. Бид дэлхийн алдартай дууриудын хэсгээс өөрсдийн хоолойгоор дуулж байна. Жишээлбэл Пуччинийн алдарт “Турандот”, Хозегийн ари гэх мэт. Мэргэжлийн дуучин биш учир хүндрэлтэй байлгүй яахав. Гэхдээ би дуулах их дуртай.

-Та оюутан байхдаа хамтлагтай байсан санагдаж байна?

-Оюутан байхдаа “Movie” гээд жүжигчид нийлсэн хамтлагтай байсан. Энэ дашрамд хэлэхэд бид удахгүй уран бүтээлдээ орохоор бэлдэж байна. Сайхан уран бүтээлээр бэлэг барина.

-Сайхан мэдээ байна. Хамтлагийн залуусаа танилцуулаач?

-Манай хамтлаг дөр­­вөн хүний бүрэлдэ­хүүнтэй. Миний бие бо­лон жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Л.Гантулга, Б.Одбаяр. Бүгд энэ салбартаа амжилттай, уран бүтээлээ хийгээд явж байна.

-Та театрын уран бүтээлээс гадна дэлгэцийн бүтээлд тоглодог. Сүүлд “Хийморь” кинонд тоглож байгаа гэж сонссон?

-УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг ахын  бүтээл “Хийморь” түүхэн уран бүтээлд дүр бүтээлээ. Нэгдүгээр сард нээлтээ хийнэ. Өнгө, дууг нь Америкт хийлгэсэн сайн уран бүтээл болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин