Х.ОЮУНБОЛД

Ганц хүний анхдугаар жүжгийн уралдаанд “Чарли Чаплинд нулимс бий юү” монодрамаараа амжилттай оролцсон Орхон аймгийн “Хүүхэд залуучуудын театр”-ын залуу жүжигчин Г.Мишээлтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-“Чарли Чаплинд нулимс бий юү”, “Итгэлийг эвдэгч” жүжгээр Гэгээн музад амжилттай оролцож байсан.  Харин одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Урлагийн ажилтны холбооноос дөрвөн жилд нэг удаа орон нутгийн Сонгодог жүжгийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил ардын жүжигчин, зохиолч  Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Сонгодог жүжиг-2018”-д төв, баруун, зүүн бүсийн аймгуудын театрууд оролцсон найм дахь удаагийн тэмцээн болж өндөрлөсөн. Манай “Хүүхэд залуучуудын театр”-ынхан Германы жүжгийн зохиолч Фридрих Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгээр оролцлоо.

-Өөрөө энэ жүжигт ямар дүр бүтээв?

-Жүжгийн гол дүр  Фердинанд Фон Вальтерийн дүрд тоглосон. Энэ жүжгийн санаа нь Их Британийн зохиолч Уильям Шекспирийн “Отелло”  жүжигтэй төстэй. Хардалтын улмаас хайртай хүнээ хөнөөж дараа нь өөрөө амиа хорлодог тийм жүжиг юм. Ер нь энэ жүжгийг дэлхийн урлаг судлаач, шүүмжлэгчид энэ дүрийг залуу Отелло гэж үздэг, судалгааны ажил байдаг юм байна лээ. Энэ дүрээрээ тэмцээний эрэгтэй дүрийн дэд байрт шалгарсан.

-Их хартай нөхрийн дүрд тогложээ. Ийм дүрд тоглох ямар санагдав. Өөрөө хэр хартай вэ?

-Харин тийм ээ. Гэхдээ энэ чинь бүх хүнд байдаг чанар, сэтгэл хөдлөл шүү дээ. Тиймээс энэ дүрийг бүтээхэд хэцүү байгаагүй ээ. Би харин жаахан хартай шүү, гэхдээ тийм их биш.

-Яагаад заавал энэ жүжгийг сонгож сонгодог жүжгийн тэмцээнд өрсөлдөх болов?

-Э.Оюуны мэн­дэлсний 100 жилийн ой то­хиосонтой холбог­дуу­лан түүний орчуулсан, най­­руу­л­­сан уран бүтээ­лийг сонгож тавих ёстой гэс­эн удирдамж ирсэн юм. Энэ жүжгийг ардын жү­жигчин Э.Оюун ор­чуулж байсан юм байна лээ.

-Өөрөө жүжиг зохиол бичиж уралдаан тэмцээнд оролцож байсан. Одоо ямар зохиол бүтээл бичиж байна вэ?

-Эхлүүлээд  орхисон хэдэн зохиолууд байгаа. Ганцаарчилсан хүний жүжгийн төрөлд 2015 оноос гурван жил зохиол  бичиж оролцож байна. Энэ чиглэлээсээ хазайлгүйгээр ганц хоёр жүжиг бичих бодол байгаа. Удахгүй хоёр хүний жүжгийн улсын уралдаан болно. Иймээс хоёр хүний зохиол дээр ажиллаж үзэх санаа байгаа. Зохиолынхоо санаа, хамтран ажиллах хүн, найруулагчаа олчихсон. Он гаргаад энэ ажилдаа орно. Тэр болтол жүжгийнхээ санаан дээр сайн ажиллана гэж бодож байна.

-Хоёр хүний жүжиг чинь юуны тухай вэ?

-Тэр одоогоор нууц. /инээв /

-Зохиолынхоо санааг хаанаас олдог вэ?

-Уран бүтээл их сонин шүү дээ. Гэнэт орж ирдэг онгодтой хүн ч гэж юу байхав. Явц дунд нэг үг орж ирдэг ч  юм уу. Эсвэл зарим нэг зүйлээс санаа авах маягаар төрнө дөө. Энд тэнд бодож байсан бодлууд нийлэх үед гоё санаа орж ирдэг.

-Бүтээхийг хүсдэг дүр байгаа юу?

-Бий. III дамжааны  оюутан байхдаа тоглохсон гэж бодож байсан нэг сайхан дүр бий. 40 нас гараад тоглоно гэж мөрөөддөг. Тэр болтол нууц байж байг.

-40 настай Мишээл тэр үед ямар байх бол гэдэг сонин байна?

-Яг тэр тоглохсон гэж нууцхан хүсдэг дүрээ бүтээж ажиллах мэдрэмж,суурь бүрдсэн байх болов уу даа. Гол нь нас ахих шаардлагатай л байгаа юм. Гэхдээ нэлээн төстэй дүрд сая ажиллаж үзсэн. Сайхан байсан шүү. Сонгодог жүжигт тоглоно гэдэг уран бүтээлч хүнд нэг шат ахисан мэт туршлага өгдөг гэдэг.

-Театрын биш кино жүжигчин болсон бол  ямар жүжигчин болсон байх байсан бол?

-Тоглохыг хүсдэг дүр маань киноны дүр юм шүү дээ. /инээв / Театр, дэлгэцийн урлаг аль аль нь хэцүү шүү дээ. Гэхдээ дэлгэцийн урлагт нэг их татагддаггүй юмаа. Гэгээн музагаас шагнал хүртсэн хоёр жүжгээ он гаргаад  Улаанбаатар, Дархан-Уул аймагт тоглох бодолтой байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин