Б.ТУУЛ

Монгол бахархлын өдөр”-ийг манай улс  2012 оноос тэмдэглэж эхэлсэн билээ. Энэ өдрийг угтан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд үүдээ нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь  2011 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдгөө долоо дахь жилдээ зохиож байна. Үзэсгэлэнг энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн  үзэсгэлэн гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулсан гэдгийг албаныхан хэлж байна.  Монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн ангилалд энэ жил гадна, дотны олон уран бүтээлчид оролцжээ. Тэр дундаа ӨМӨЗО-ноос олон хүн бүтээлээ ирүүлсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсаас 22, Буриад улсаас гурав, Халимаг улсаас хоёр, ӨМӨЗО-ноос 20, Франц Улсаас нэг гээд нийт 48 уран бүтээлч оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол бичиг бол монгол ахуй, сэтгэлгээг нэвт шингээсэн монгол соёл юм

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнг нээж,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрээр “Эзэн богдын мэлмий гийсэн өдөр-Монгол бахархлын өдрөөр уламжлал болон төлөвшиж буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Монгол тулгатнууд оюун сэтгэлгээгээрээ нэгдмэл байхын үндэс болсон монгол бичгийг урлаг болгон хөгжүүлэн, өв уламжлалаа бадрааж, “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа монгол, өвөр монгол, буриад, халимаг зэрэг монгол туургатны уран бичээчдэд баяр хүргэхийн ялдамд уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Монголчууд Хүннү гүрнээс хойшхи бүхий л түүхийнхээ туршид 10 гаран бичиг хэрэглэж ирсний дотроос хамгийн урт удаан хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг нь монгол бичиг юм. Хэдийгээр эртний согд бичгээс эх авч зохиогдсон ч энэ бол бүрэн монголжсон, монгол ахуй, сэтгэлгээг нэвт шингээсэн монгол соёл мөн. Монгол бичгийг орчин цагийн хэрэглээнд идэвхтэй байлгахын тулд миний бие 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан. Энэхүү зарлигт монгол бичгийн цахим кодын асуудлыг шуурхай шийдвэрлэж батлуулах, монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, элсэлтийн шалгалтад заавал авч буй монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох, монгол бичгийн улсын сорилгыг албан ёсоор зохион байгуулах зэрэг асуудлаар зарим байгууллагуудад үүрэг чиглэл өгч, олон нийтэд уриалсан билээ.

Шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулав

Монгол үндэстний ижилсэл, ялгарал, уг мөн чанар нь өв уламжлал, хэл соёлдоо л буй. Тийм учраас түүх соёлоо үеэс үед дамжуулах үндсэн хэрэгсэл, тээгч болсон үндэсний хэл бичгээ судлах, дэлгэрүүлэн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь монгол хүн бүрийн үүрэг байх ёстой. Тэнгэр газрыг холбосон босоо монгол бичгээрээ өв соёлоо дархлан бэхжүүлж байгаа уран бичээчиддээ дахин талархал дэвшүүлье. Та бүхний монгол соёлоо дээдлэх эрхэм сэтгэл, буянт сайн үйлс цаг үргэлжид дэлгэрч байх болтугай” гэсэн юм. Мөн эрхэм ерөнхийлөгч “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг хоёр бүтээлийн эздэд шагнал гардуулж, баяр хүргэсэн юм. Шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч Каллиграфийн их мастер Тогообатын Жамсрансүрэнгийн “Мөнх тэнгэрийн бичиг” типографийн шилдэг бүтээл хүртлээ. Тусгай шагналыг Өвөр Монголын Өөртөө Засах Орноос оролцсон С.Цэнгэлийн монгол бичиг, тод, вагиндра үсэг гэсэн монголчуудын түүхэндээ зохион хэрэглэж ирсэн гурван бичиг үсгээр туурвисан “Билэг барамид” бүтээл хүртсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn