Загварын ертөнц
А.Цээсүрэн
Саяхан Хятадын Нанинь хотод болсон “Asian super model-2012” тэмцээнд амжилттай оролцсон загвар өмсөгч Ц.Алтантуяаг ярилцлагад урилаа. Тэрээр Азийн супер моделийн тэмцээнд анх удаа оролцож, “Азийн топ модель”-иор шалгарчээ.
-Өөрийгөө танилцуулна уу. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон гэсэн. Тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Намайг Ц.Алтантуяа гэдэг. “Монос” анагаах ухааны дээд сургуульд эм зүйч мэргэжлээр суралцдаг. Би “Шилмэл загвар” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian beauty” тэмцээнд түрүүлээд, олон улсын тэмцээнд явах эрхтэй болсон юм. Азийн супер модель шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Энэ тэмцээний хагас шалгаруулалтад “Эрч хүчтэй мисс”, сүүлийн шалгаруулалтад “Азийн топ модель” хэмээх шагнал хүртсэн.
-Олон улсын тэмцээнд анх удаа оролцсон юм байна. Монголын тэмцээнүүдтэй харьцуулж байв уу?
-Энэ тэмцээнд 15 орны хятад, тайвань, араб, малайз зэрэг 27 загвар өмсөгч оролцсон юм. Монгол Улсаас энэ тэмцээнд долоо дахь удаагаа оролцсноос “Шилмэл загвар” агентлагаас дөрөв дэх удаагаа амжилттай оролцож байна. Монголд зохион байгуулдаг тэмцээнээс сахилга баттай, зохион байгуулалтын хувьд сайн болдог юм билээ.
-Энэ тэмцээнд олон орны миссүүдтэй өрсөлдсөн. Суралцах зүйл их байсан бэ?
-Би тэмцээнээс хатуужлыг суралцсан. Анх удаа оролцсон учраас бусад орны моделиудаас суралцаж, алдаа дутагдалдаа анхаарч байсан. Мөн хүн өөрийн зорилгодоо тууштай хандах хэрэгтэй гэдгийг ойлгосон шүү. Өөртөө хэзээ ч сэтгэл ханаж болохгүй. Сэтгэл ханана гэдэг уруудахын шинж. Улам оргил руу тэмүүлж байх ёстой.
-Тэмцээний үеэр хэр ачаалалтай байдаг вэ. Шантрах үе гарна биз?
-Хэцүү санагдах үе гарна . Эх орноосоо есдүгээр сарын 17-нд явсан. Тэнд очсон өдрөөсөө эхлэн, өглөө есөн цагаас оройн 23 цаг хүртэл тасралтгүй бэлтгэл хийнэ. Загвар өмсөгч хүн ямар байх ёстой гэдгийг заана. Шагнал авах үеэ хүртэл бэлддэг. Ер нь бүх хөтөлбөрөө бэлтгэдэг юм байна лээ.
-Загварын ертөнц чамайг юугаараа татав. Багаасаа загвар өмсөгч болох мөрөөдөлтэй байв уу?
-Би хоёр жилийн өмнөөс “Шилмэл загвар”-т сурч эхэлсэн. Би багаасаа л өндөр нуруутай хүүхэд байсан. Загвар өмсөгч эгч нарыг хараад энэ замыг сонгосон гэж ойлгож болно. Мөн өндөр нуруугаа зөв ашиглахын тулд загвар өмсөгч болохоор шийдсэн. Загвар өмсөгч гэдэг миний багын мөрөөдөл. Эмэгтэй хүн бүр л гоё сайхан байхыг хүсдэг шүү дээ.
-Таны бодлоор загвар өмсөгч хүн ямар байх ёстой вэ?
-Хамгийн чухал нь хүмүүжил сайтай байх хэрэгтэй. Зарим нэг хүний үйлдэл бусад загвар өмсөгчийн нэр хүндийг унагадаг. Гэхдээ тэр хүмүүс цөөн хэсгийг л эзэлдэг гэж боддог. Модель хүн өөрийгөө бус хувцсыг амилуулах ёстой. Хувцсыг хайрлаж, яаж арчлах вэ гэдгийг мэдэх нь зүйтэй.
-Зарим хүн загвар өмсөгч охидыг хөнгөн явдалтай гэж шүүмлэх нь бий . Үүнд ямар бодолтой явдаг вэ?.
-Хэсэг хүмүүсийн алдаа дутагдлаас болж бүгдийг хамруулах нь буруу. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг.
-Эмэгтэйчүүд дэлгүүр хэсэх дуртай байдаг. Дэлгүүр орохдоо ихэвчлэн юу худалдаж авдаг бол?
-Би дэлгүүр хэсээд байдаггүй. Өөрт хэрэгцээтэй зүйлээ л авахын тулд дэлгүүр ордог. Таалагдсан зүйлээ авахаас нэг юманд дурладаггүй юм.
-Загвар өмсөгч гэхээр өндөр өсгийтэй гутал өмссөн хүн гэж ойлгодог. Өөрөө ямар стилийн хувцас өмсөх дуртай вэ?
-Би жирийн үед өсгийтэй гутал өмсдөггүй. Ер нь энгийн хувцас өмсдөг. Өндөр нуруутай болохоор өсгийтэй гутал өмсчихөөр улам өндөр харагдаад эвгүй байдаг. Зөвхөн тайзан дээр л өсгийтэй гутал өмсөнө. Би л загвар өмсөгч гэсэн шиг “Шинэ жилийн мод” шиг гоёчихоод явж болохгүй л дээ.
-Загвар өмсөгч хүний ажил гадаад, дотоод гоо сайхныг шаардаж байдаг. Өөрийнхөө гоо сайханд хэрхэн анхаардаг вэ?
-Би арьсандаа илүү анхаардаг. Эрүүл арьс будаг сайн шингээж авна. Өвлийн улирал болж, хуурайшдаг учраас монгол нүүрний тос хэрэглэдэг . Мөн нүүрэндээ массаж хийж, чийгшил өгөхийг боддог юм.
-Монголын загварын ертөнцөд залуус ихээр хүч үзэж байна. Монгол залуус хэр чадвартай гэж боддог вэ?
-Монголын загварын ертөнц хөгжиж буй юм шиг санагддаг. Бусад орны моделуудтай харьцуулбал монгол моделууд тайзны алхаа, техник сайтай байдаг. Залуу моделууд олширч байгаа нь өөрийнх нь чин хүсэл эрмэлзэлтэй л холбоотой. Зарим залуус зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж байхад, зарим нь шантардаг.
-Загварын ертөнцөд орж ирээд удаагүй ч чамгүй амжилт гаргасан байна. Ирээдүйд үүнээс ихийг хийх хүсэл бий байх. Өөрийн зорилогоосоо хуваалцаач?
-Би загварын ертөнцөд өөрийн байр сууриа эзлэхийг хүсч байна. Мөн эм зүйч мэргэжлээрээ амжилттай ажиллана. Ирээдүйд энэ хоёр мэргэжлээ хослуулах болно.