Т.САЙХАН

Унгар улсын нийслэл Будапешт хотноо бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дүнгээ гаргалаа. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ийн жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. Тэрээр аваргын төлөөх барилдаанд АШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга, Канадын К.Жюстинад дийлдсэн юм. Ингэснээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс /олимпийн төрлийн/ дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин болов.  Мөн гурван өөр жинд /63, 67, 72/ медаль хүртсэн бөх болсон юм.

Тэрээр 16 насандаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бол 19 насандаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Мөн түүнд олимпын наадмаас бусад тэмцээний медаль бий. Залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн бөх юм. О.Насанбурмаа одоогоос 10 жилийн өмнө Японы Токио хотод болсон ДАШТ-д 67 кг-ын жинд хүрэл медаль хүртэн монгол түмнээ баярлуулж байсан. Тэгвэл Гавьяат маань 2011, 2013 онд дахин хүрэл медальтай ирж байв. Гурав дахь хүрэл медалиа зүүгээд ирэхэд нь голонгүй байсан нь олон бий. Учир нь түүнээс алт эсвэл мөнгөн медаль хүлээж байлаа. ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 1989 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний аав Баянхонгорын Шинэжинстийнх бол ээж нь Увсын Хяргас сумын уугуул аж. Үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин О.Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Мөн ДАШТ-д гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, нэгэн хосгүй амжилтын эзэн болоод байна.

Эх сурвалж:www.polit.mn