Д.НАДМИД
"Будапешт-2018" чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож байгаа Монголын баг, тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүлж байна. Энэ удаагийн тэмцээний анхны хүрэл медалийг эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон П.Түвшинтулга хүртсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэмцээний дөрөв дэхь өдөр дэвжээнд гарсан бөхчүүдээс Азийн АШТ-ий мөнгө хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведийн нэрэмжит олон улсын тэмцээний аварга, Үндэсний шигшээ баг "Хасу Мегастарс" клубын тамирчин ОУХМ Б.Шоовдор эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд гоц сайн барилдаж ДАШТ-ний хүрэл медальтан болов. Тэрбээр эхний тойргуудад өрсөлдөгчөө илүүрхэн ялсан бол хагас шигшээд 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын энэ жилийн аварга Туркийн бөх Элиф Есилирмакт ялагдсан юм. Дараа нь хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн энэ жилийн аварга Мексикийн Алехандра Ромеро Бониллаг 4:2-оор ялж дэлхийн данстай бөх болохоо харууллаа.
Өнөөдөр ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа алтан медалийн төлөө барилдаж байна. Гавьяат маань дөрөв дэхь медалийнхаа өнгийг лав хувиргах нь ээ.
Эх сурвалж: www.polit.mn