Ч.ОЛДОХ
“Монгол- Казахстаны хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Түүхэн тэмдэглэлт өдрийг угтсан нэгэн сонирхолтой үйл явдал өнгөрсөн баасан гаригт боллоо. Засгийн газрын ХЭГ-ын дэргэдэх Удирдлагын Академи, Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайдын яам хамтран дугуй ширээний уулзалт, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлэг “Монгол-Казахстаны найрамдал, хамтын ажиллагаа-25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” сэдээр өрнөсөн. Нээлтэд Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Калыбек Кобландин, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зулпхар нар үг хэлэв. Эрдэмтэн судлаачид, хэвлэл, мэдээллийнхэн, Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академийн дэд захирал Альтаир Ахметов, МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор С.Баттулга, Удирдлагын академийн эрдэмтэн багш, судлаачид өргөнөөр оролцов.
Хоёр улсын харилцааны талаарх судалгаа, шинжилгээ хийсэн эрдэмтэн, судлаач цөөн байдаг юм байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд энэ талаар илтгэл тавьсан, хэлэлцүүлэг өрнүүлсэн тохиолдол бараг л байхгүй гэж болно. Тиймээс эрдэмтэн, судлаачдын үг ихээхэн анхаарал татаж байлаа. Дугуй ширээний уулзалт, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э. Сарантогос “Монгол Казахстаны харилцаа: Өнгөрсөн бөгөөд одоогийн байдал”сэдвээр, МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор профессор С.Баттулга “Үнэт зүйлд тулгуурласан хамтын хөгжил”, Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академийн дэд захирал Альтаир Ахметов “Төрийн албан хаагчийг сургах БНКУ-ын туршлага: Орчин үеийн хандлага болон Казахстаны практик”, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүл “Монгол-Казахстаны боловсрол, соёлын хамтын ажиллагааны зарим асуудлууд” сэдвээр тус, тус илтгэл тавьсан юм. Тэдний байр суурийг товчлон хүргэе.
Э.Сарантогос: ЕВРАЗИТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ САНАЛЫГ КАЗАХСТАНЫ ТАЛ ДЭМЖСЭН
-Монгол-Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах ихээхэн нөөц боломж бий. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын ээлжит VII хурал Астана хотноо болсон. Энэ хурал хоёр орны хувьд маш том хөшүүрэг юм. Анх 1993 онд зохион байгуулагдаж байсан. Гуравдугаар сард болсон хурлаар хамтын ажиллагаа, тэр дотроо эдийн засгийн салбарт нөөц бололцоог хэрхэн ашиглах вэ, яаж өргөжүүлэх вэ гэдгийг ярилцаж тохиролцсон. Энэ чиглэл дотор уул уурхай, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тусгагдсан. Хоёр улсын хооронд худалдааны эргэлт өсч байгаа нь олзуурхууштай. Гэхдээ худалдааны зарим статистик хоёр талаасаа зөрдөг. Цаашид жигдрүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй. Нэг зүйлийг онцлоход Элчин сайд Калыбек Кобландин бизнес хоорондын холбоог бэхжүүлэхэд анхаарч, хэд хэдэн бизнес форумыг зохион байгуулсан. Энэ онд багтаж тодорхой ажлууд зохион байгуулахаар хоёр тал ярьж байгаа. Түүний нэг нь бизнес форумыг нэлээд өргөн хүрээнд зохион байгуулахаар ярьж байна. Манай улс мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Хоёр улс цаашид хөдөө аж ахуйн салбарт хамтрах боломжтой. Монгол Улс Евразийн эдийн засгийн бүстэй чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг судлах, хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх санал дэвшүүлж байгаа. Энэ саналыг Казахстаны тал Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр дэмжсэн. Цаашид энэ чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал. ОХУ-аар дамжиж өнгөрдөг автозамд Казахстан болон Монгол Улсыг холбох оновчтой хувилбарын талаар шийдвэртэй арга хэмжээ авах, түүнчлэн шууд нислэг нээх асуудал чухлаар тавигдаж байна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ БЭЛТГЭХЭД УЛСААС АНХААРДАГ
Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академийн дэд захирал Альтаир Ахметовоос тус улс төрийн албан хаагчдыг бэлтгэхэд ямар бодлого баримталдагийг сонирхож байсан юм. Тэрээр хэлэхдээ “Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академид зөвхөн төрийн албан хаагчдыг сургадаг. Нийгмийн зүтгэлтэн, бизнесийн төлөөллүүдийг сургалтын үеэр урьдаг. Гэхдээ тэр нь туршлага солилцох зорилготой байдаг юм. Сургалтад төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилагддаг. Нэг магистрыг бэлтгэх зардалд жилдээ 5.5 сая тэнгээ зарцуулагддаг. Тэр нь 15 мянган ам.доллар орчим гэсэн үг” гэлээ.Мөн сонгууль, сонгогчдын боловсролын талаар ч сонирхсон нь цөөнгүй. Тэгвэл энэ асуултад тэрээр “Казахстан улсад сонгууль хууль, журмын дагуу явагддаг. Гарч буй үр нь Казахстаны иргэд, сонгогчдын юу хүсч, зорьж буйн илэрхийлэл юм” хэмээн онцоллоо.
С.Баттулга: ХОЁР УЛСЫН ҮНЭТ ЗҮЙЛ НЭГ ЮМ
-Хоёр улсын хувьд үнэт зүйл чухал гэж би боддог. Тэгэхээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар нэг үнэт зүйл дээр тулгуурлаж байна уу. Бидэнд ямар нэг нэгдмэл ойлголт бүхий үнэт зүйл байна уу гэдэг асуултыг тавьж болох юм. Хоёрдугаарт, бид хамгийн ойрхон атлаа хамтарч ажиллах боломжоо ашиглахгүй байна уу гэсэн бодол төрдөг. Хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд үнэт зүйл гэдэг томъёоллыг түрүүнд нь тавьж явбал, магадгүй бид эрч хүчтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж гарч ирж болох юм.
Манай улс хамтын ажиллагааны чиглэлд зүүн хойд Ази руу хандсан ажиллагааг явуулах хандлагатай байдаг. Казахстан Евроазийн холбоо руу хамтын ажиллагааг нэн тэргүүнд хүчтэй тавьж явуулж байна. Бид Евразийн бүсэд зэрэгцээд байрлаж байгаа. Газарзүйн хувьд ч гэсэн ойролцоо. Гэтэл бид яагаад Орос, Хятад зэрэг бусад орноос дутахааргүй хамтын ажиллагааг өрнүүлж чадахгүй байдаг юм бол. Би судлаачийн хувьд асуултууд тавьж, ярьж байгаа. Бодит байдалд өөр байж бас болох юм.
Хоёр улсад төстэй тал бас бий. Бид 1990-ээд оноос хойш нэг нь Монгол Улс, нөгөө нь Казахстан улс гэсэн нэршил авч хөгжсөн. Аль аль нь социалист системд хамрагдаж байсан бол энэ цаг үеэс аль аль нь улс орноо шинээр босгох, шинэ концепц боловсруулах, улс төр, нийгмийн асуудлаа шийдвэрлэх тал руу тус, тусдаа орсон.
25 жил өнгөрсний дараа эргээд харахад аль аль нь эдийн засгийн хувьд багагүй амжилт олсон, мөн нийгмийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдэж байгаа. Хамгийн гол нь улс төр, эдийн засгийн хувьд аль аль нь өөрсдийн асуудлыг шийджэхийн тулд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улс бол хоёр том гүрний дунд атал маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Казахстан улс Төв Азид өөрийн байр суурийг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ хүн амын хувьд өөр, үүгээрээ бид ялгаатай. Гэхдээ бид цаашид хамтраад хөгжих асар их боломж бий.Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев 2050 он хүртэлх хөгжлийн бодлогоо танилцуулахдаа хэлдсэн үгэндээ ойр байгаа хөрш зэргэлдээ орнуудын боломжийг ашиглаж хөгжих талаар онцолсон байдаг. Тэр дотор Монгол Улс байгаа. Хамтарч ажиллах бүрэн боломжтой, боломж бололцоог ашиглах боломжтой гэсэн үг юм.
Ш.Амангүл: ХОЁР УЛС 25 ЖИЛИЙН ХУГАЦААНД 60 ГАРУЙ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖЭЭ
-Монгол, Казахстан нь олон жилийн харилцаатай, Төв Азийн нүүдлийн соёл иргэншилтэй улс юм. 1992 онд дипломант харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт хамтран ажиллаж, амжилттай хөгжиж байгаа. 1992 оны аравдугаар сард соёлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, соёл боловсрол, дүрслэх урлаг, театр, радио, урлаг, аялал жуулчалын салбарыг хөгжүүлэхээр тусгасан байдаг. 25 жилийн хугацаанд 60 гаруй гэрээ, хэлэлцээр хийгдсэнээр соёл урлагийн салбарт 10 гаруйг нь байгуулсан. Түүхэн 25 жилээс өмнө ч хоёр улс найрамдалт харилцаатай байсан. Тухайлбал, казах үндэстэн амьдардагийн хувьд Баян-Өлгий аймагт сургалтыг боловсронгуй болгоход Казахстанаас багш, мэргэжилтнүүдийг урьж авчирч ажиллуулж байсан. 1960 оноос дунд сургуулийн сурах бичиг, мэргэжлийн номыг Казахстанаас авч байсан. Шинжлэх ухааны салбарт ч хамтран ажиллаж ирсэн. Соёлын дурсгалт зүйлийг судлах гэрээ байгуулж, судлаачдыг солилцож ажиллуулахаар тохирч байсан. 2014 онд Монгол-Казахстаны эрдэм шинжилгээний хурал хийж байв. Мөн Удирдлагын академи хооронд дугуй ширээний уулзалт зохиож байсан. 2015 онд Казахын ардчиллын 50 жилийн ойд зориулсан уулзалтыг Улаанбаатар хийж байв. Томоохон үйл явдлуудыг танилцуулахад ийм байна. Ер нь бол олон үйл ажиллагааг хоёр орон жил болгон зохион байгуулж ирсэн. Цаашид шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид Казахстан, Монголын цаашдын харилцаа, Евразийн холбоогоор дамжуулж хэрхэн зэрэгцэн хөгжих тухай, түүнчлэн Казахстаны эрчимтэй хөгжлийн түлхүүр болсон хөрөнгө оруулалтын бодлого, тус улсын ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлан байгуулсан “Баялгийн сан”, Евразийн холбоотой байгуулсан харилцаа, хамтын ажиллагааных нь талаар асууж хариулт авч байсан юм. Мөн дэлхийн буурал түүхийг бүтээлцэж, нүүдлийн соёл иргэншлийг авч яваа улс орны хувьд хамтдаа хөгжих боломжийн нийтлэг тал нь С.Баттулга докторын хэлсэнчлэн хоёр улс үнэт зүйлээрээ ижил юм гэдгийг онцолж, энэ талаар санал дэвшүүлж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин