Д.НАДМИД

Монголчууд үндэсний бөхөө дээдлэн хүндэлдэг. Бөхийн төлөө байгаагаа зориулж ирсэн нь бий. Үүний илрэл нь Монгол бөхийн өргөөг ард олны хандиваар шахам барьж байгуулсан түүхтэй. Бөхчүүд ч өргөөтэй болсноор барилдаан бүхэнд оролцож эр чадлаа нэмж бэлтгэлээ чамбайруулж ирсэн. Монгол бөх хүрээгээ тэлсэн. Нэг удаагийн барилдаанд 256 түүнээс ч олон бөх барилдахад бөхийн тоо хүрэхгүй гэх зовлонгүй болсон ийм цаг дор бид амьдарч ирлээ. Эр бяраа, уран мэхээ гайхуулсан өрсөлдөөн ч их болсноор сүүлийн жилүүдэд шинэ аварга, арслангууд төрж байгаа. Гэтэл сүүлийн үед хэрүүл хараал, эсэн бусын явдлаас болж монгол бөхийн нэр хүнд уначихаад байна.

Уг нь Монголын үндэсний бөхийн холбоо гэдэг нэг байгууллагатай байсан. Тэгвэл одоо ийм нэртэй хоёр байгууллагатай. Тэр нь хоорондоо тэрсэлдэж хэрүүл тэмцэл хийгээд нүдний булай болсоор байна. Яг л хоёр толгойтой могой шиг харагдах болсон. Олны хайртай аваргууд ч тэр хэрүүл шуугианыг манлайлж нэр хүндээ шавартай хутгах болов. Түүний уршгаар бөхчүүд ч хагарч талцалд хуваагдсан юм. Харин саяхан Л.Чинбат тэргүүтэй бөхийн холбооны тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгон шийдсэн. Иймээс хэрүүл тэмцэл цэглэгдлээ гэж мэдэгдээд хуучин холбоо ажилдаа орж Бөхийн өргөөг нээлээ. Намрын нээлтийн барилдаан хийнэ гэсэн гэрэл гэгээтэй мэдээлэл тарсан байсан юм. Тэгсэн чинь урд өдөр нь дархан аварга Х.Баянмөнхийн толгойлсон гарьд Б.Гантогтох, бөхийн зүтгэлтэн гэх Ү.Хүрэлбаатар болон зарим бөхийн төлөөлөл Бөхийн өргөө рүү уулгалан дайран орж үймээн гаргаснаар Ц.Магалжав тэргүүтэй холбооны ажил дахин гацаж болох байсан барилдаан цуцлагдсан юм. Энэ нь бөхийн барилдаанаа үзэж баясах гэсэн үзэгчид, ойрд болоогүй барилдаанд хүчээ үзэх гэсэн бөхчүүдийнхээ хүслийг хясав. Түүгээр ч барахгүй олон сар, хоног лацтай байсан Бөхийн өргөөг дахин тодорхойгүй хугацаагаар цагдаагийн хамгаалалтад өгчихлөө.

Ер нь маргалдагч талууд бид бөхийг хөгжүүлэх гэж байгаа. Түүнээс биш Бөхийн өргөөнд шунаагүй гэх ч юм л бол удаа дараагийн дайралтууд нь мөн л тэр бөөрөнхий байшин руу чиглэчихээд байгаа юм. Тиймээс хэрүүлийн учир тодорхой гэж болно. Үндэсний бөхийг муухай харагдуулж байгаа нөгөө сэдэв нь олон бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн явдал болоод байна.

Энэ жилийн улсын баяр наадмын шөвгийн 32 бөхөөс шинжилгээ авсаны дотор улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин болсон С.Бямба-Очир нараас сэргээш илэрсэн тухай мэдээлсэн. Тэдэнд ямар арга хэмжээ ногдохыг бөх сонирхогчид чих тавин хүлээж байгаа. Яг энэ үед бас наадмын биш барилдааны үеийн шинжилгээний явцад хоёр ч бөхөөс допинг илэрсэн. Тэдэнд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл ногдуулсан тухай мэдээлэгдлээ. Тэд хэн байв гэвэл Өвөрхангай аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, Говьсүмбэр аймгийн арслан Т.Пүрэвсүрэн нар байлаа.

Гэтэл манай бөхчүүд “Би санаатай хэрэглээгүй” гэх зэргээр зөвшөөрөхгүй хандлага байна. Энэ бол ёс зүйн хувьд огт таарахгүй асуудал юм биш үү. Санаатай, санаагүй нь хамаагүй допинг илэрлээ л гэсэн бол гүйцээ шүү дээ.

Бөх хүний өөрийнх нь хувийн зохион байгуулалт, хариуцлагаас шалтгаалах хэрэг допингийн асуудал юм. Энэ бүхэн монгол үндэсний бөхийн нэр хүндийг ёстой баллаж байна. Тэгэхээр нэр төрөө түвшитгэж авах нь зөвхөн бөхчүүдийн өөрсдийнх нь үүрэг. Хөндлөнгөөс хэн ч та нар битгий хэрүүл маргаан хийгээд бай, тэг, ингэ гэх нь зүйд нийцэхгүй. Уг нь төр, засагт ч хамаагүй л юм даа. Монгол бөхийн бурхан тэнгэр хэзээ инээмсэглэх бол.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин