Ч.ГАНТУЛГА

Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Mongolia cup” тэмцээн энэ амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 11 орны баг оролцож, таван төрөлд шилдгээ шалгаруулсан юм. Манай улсын хувьд 30 гаруй тамирчин дөрвөн баг болж оролцсон бөгөөд багийн төрөлд хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна. Энэ жилийн тэмцээний хамгийн хүчтэй, чадварлаг баг нь БНСУ-ын дунд сургуулийн баг байсан тухай зохион байгуулагчид онцолсон юм. дасгалжуулагч багшийн хамт зургаан хүний бүрэлдэхүүнтэй ирсэн тэд бүх төрөлд тэргүүн тэргүүлж, багийн дүнгээр  алтан медаль хүртлээ. Дасгалжуулагч Ким Юн Хуан “Бид Товоу ахлах сургуулийн баг. Өнгөрсөн наймдугаар сард эх орондоо болсон тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Хүүхдүүд маань анхны олон улсын тэмцээндээ амжилттай оролцсонд баяртай байна. Монгол хүүхдүүд мундаг чадвартай юм. Энэ жил туршлага солилцох завшаан тохиосонд баяртай байна” гэв. Тэмцээний дүн гарахад 18 аас доош насны охидын ангилалд алтан медалийг Солонгосын тамирчин Yun Ari хүртсэн бол мөнгөн медалийг Ө.Балжинням, хүрэл медалийг Солонгосын тамирчин Lee Gayeon хүртсэн юм. Харин хөвгүүдийн ангилалд алтан медалийг Солонгосын тамирчин Kim Jaeyun, мөнгөн медалийг Cho Sangyeon, хүрэл медалийг Ч.Эрдэнэбат хүртэв. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт, мөнгөн медалийг Солонгосын тамирчид хүртсэн бол хүрэл медалийг Монгол Улсын тамирчин М.Ундрам хүртжээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын алтан медалийг Германы алдарт тамирчин Томас Кейнат хүртэж, дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ баталсан юм. Ийнхүү багийн дүнгээр Солонгосын баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг монгол, германы хамтарсан баг, хүрэл медалийг Монголын баг хүртсэнээр энэ удаагийн тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn