Ч.ГАНТУЛГА
“Оч” спорт заалыг зорилоо. Биднийг очиход орон, орны тамирчид бэлтгэлээ хийсээр хөл хөдөлгөөн ихтэй угтсан юм. Энэ зааланд ширээний теннис тоглох сонирхолтой хүүхдүүдээс эхлээд мэргэжлийн тамирчид бэлтгэлээ хийдэг. Харин энэ өдрүүдэд олон улсын тамирчдаар дүүрчээ. Учир нь тэд тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа нь энэ. Энэ амралтын өдрүүдэд Спортын төв ордонд “Mongolian cup” ширээний теннисний олон улсын тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнийг Монголын ширээний теннисний холбоо, Биеийн тамир, спортын хороотой хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулах юм. Манай улсаас дөрвөн баг оролцох аж. Тэмцээн таван төрлөөр шилдгүүдээ шалгаруулна. Үүнээс насанд хүрэгчдийн холимог багийн төрөлд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оролцоно. Мөн насанд хүрэгчдийн нэг бүрчилсэн, 18-аас доош насны өсвөрийн тамирчдын ганцаарчилсан тэмцээн хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй болно гэж тамирчид ярьж байв. Тэмцээний тухай Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах “Энэ удаагийн тэмцээнд Германы шилдэг тамирчин ирсэн. Түүний хувьд дэлхийд чансаагаар дээгүүрт бичигддэг. Мөн БНСУ-ын тамирчид яг одоо зааланд бэлтгэл хийж байна. Харин манай улсаас 30 гаруй тамирчин оролцоно. Үүнээс 16 нь өсвөрийн тамирчин. Монгол тамирчдын хувьд энэ жил хэд хэдэн тэмцээнд оролцож, амжилт үзүүллээ. Азийн наадамд XII байрт шалгарсан. Мөн өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Х-XII байрт бичигдлээ. Бидний амжилт жил жилээр ахиж байна” гэсэн юм.
“Монголчууд их элгэмсүү юм”
“Оч” спорт клубын доод давхарт бэлтгэлийн заал байрлана. Энд тамирчид ганцаарчилсан болон багийн бэлтгэлээ хийх боломжтой аж. Биднийг зааланд очиход Монгол, Герман, Солонгосын баг бэлтгэлтэй байж таарсан юм. Германы тамирчин Томас “Би Монгол Улсад анх удаа ирж байна. Анхны сэтгэгдлээр монголчууд их элгэмсүү юм гэсэн дүгнэлт хийсэн. Учир нь намайг үүрийн 05:00 цагт холбооныхон тосч, их найрсаг хүлээж авлаа. Миний энэ спортод үзүүлсэн хамгийн том амжилт бол 2009 оны ДАШТ-д оролцож шөвгийн 16-д хожигдож байсан. Гэхдээ дэлхийд 16-д орно гэдэг тамирчин бүрт олддог боломж биш. Би өмнө нь монгол тамирчинтай тоглож үзээгүй. Тоглохыг тэсэн ядан хүлээж байна” гэв. Харин Германы шилдэг теннисчинтэй энэ өдөр Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн бэлтгэл хангаж байсан юм. Тэрээр “Энэ удаагийн тэмцээнд бэлтгэл бүрэн хангагдсан гэж хэлэхгүй. Гэхдээ саяхан Азийн наадамд оролцоод ирсэн болохоор чадахаараа л тоглоно гэж бодож байна. Би энэ спортоор 19 дэх жилдээ хичээллэж байна. Улсын дөрөв, цомын гурван удаагийн аварга. Дэлхийн хоёр дахь төвшний зиндааны алтан медальтай. Аав минь теннис тоглох хорхойтой учир би энэ спортод анх татагдаж байлаа” гэсэн юм. Түүнээс ширээний теннисээр хичээллэх сонирхолтой хүүхэд, багачуудад зөвлөгөө өгөөч гэхэд “Хэрэв мэргэжлийн тамирчин болох сонирхолтой бол одоо л хичээллэ. Учир нь одоогоор манайд БНСУ-аас шилдэг багш, дасгалжуулагч ирээд байна. Энэ хүнээс сурах зүйл бидэнд их бий” гэв.
Монгол Улсын таван удаагийн аварга Т.Болд гарын шавиа дагуулан эх орондоо иржээ
Монгол болон Герман тамирчдын цаана БНСУ-ын баг бэлтгэл хангаж байв. Тэд энэ тэмцээнд зургаан хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Дасгалжуулагч Ким Юн Хуан “Бид Товоу ахлах сургуулийн баг. Бид өнгөрсөн наймдугаар сард эх орондоо болсон тэмцээнд түрүүлсэн амжилттай танай оронд ирлээ. Танай тамирчидтай туршлага солилцох болсондоо сэтгэл хангалуун байна. Манайх ширээний теннисний мэргэжлийн сургууль. Нэгдүгээр ангиасаа л теннис тоглож эхэлдэг. Тиймээс ихэнх төгсөгч маань мэргэжлийн тамирчин болсон” гэлээ. Түүний шавь “Монгол Улсад анх удаа ирж байгаа учир их шинэлэг, сайхан санагдаж байна. Миний хувьд энэ тэмцээн анхны Олон улсын хэмжээний тэмцээн. Тиймээс амжилт үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна” гэсэн юм. Манай багийн хувьд улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн, I зэргийн залуу тамирчин Б.Тэмүүлэн нартай спортын мастер Должинзуу, улсын гурван удаагийн аварга Я.Бэгз, хоёр удаагийн аварга Б.Баярмагнай нартай спортын мастер н.Ундрам, улсын хоёр удаагийн аварга Б.Билэгт, дэд мастер н.Чинзориг нартай улсын аварга М.Дэлгэрмаа, спортын мастер н.Эрдэнэбаяр, дэд мастер н.Мөнхзориг нартай улсын аварга н.Болор-Эрдэнэ нар нэг багт тоглох юм байна. Мөн энэ удаагийн тэмцээнийг зорьж Польш улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын таван удаагийн аварга Т.Болд гарын шавиа дагуулан эх орондоо иржээ.
Эх сурвалж: www.polit.mn