-Хоёр шавь нь анхны багшийгаа  дурсдаггүй- 

Ч.Зотол

 Монголчуудынхаа  найдлагыг  алддаггүй Н.Түвшинбаяр  Олимпийн аварга болсон түүхт өдөр  өнөөдөр.  Хэдхэн хоногийн дараа  улсын  шигшээ багийн тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар “Бээжин-2008” олимпоос алт, мөнгөн медаль хүртсэний 10 жилийн ойг  тэмдэглэнэ. Түүхт ойг тохиолдуулан  “Зууны мэдээ” сонин   Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, Азийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуягтай ярилцлаа.

-10 жилийн өмнөх энэ өдрүүдэд Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар Хөдөлмөрийн баатар,  гавьяат дасгалжуулагч Д.Банди агсан  Ардын багш болж байлаа. Д.Банди багш тэнгэрт дэвшиж, Монголын боксын хоймор эзгүйрсэн ч наадмын өмнө та  Ардын багш цол хүртэж  хамт олныхоо нулимсыг арчиж баярлууллаа. Танд баяр хүргэе, энэ хүртэл  боксын спортод хэдэн жил зүтгэж байна?

-Монголын бокст өнөөдрийг хүртэл 60 жил зүтгэжээ.  Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70, Сөүлийн олимпоос шавь Н.Энхбат маань хүрэл медаль хүртсэний 30, олимпийн аваргатай болсны 10 жилийн ой тохиож байна. Олон тэмдэглэлт үйл явдалтай давхцаад боксын спортоос төрсөн  гурав дахь  Ардын цолтон  болсондоо баяртай байна. Манай боксынхон, шавь нар маань үүнийг их хүсч мөрөөдөж байсан байх. Тийм ч учраас төр, засгийн өндөр цолыг  хүртлээ.

-Боксын анхны гарааг 1961 онд “Хоршоолол” нийгэмлэгээс эхэлсэн гэсэн. Энэ талаар эргэн дурсахгүй юу?

-Би 1961 онд 14 настайгаасаа   боксоор анх  хичээллэж эхэлсэн. Ер нь боксын спорт багаасаа хичээллэх нь зөв. Тэгж байж суурь нь зөв тавигддаг, туршлага суудаг. Ийм учраас хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш, дасгалжуулагч нарт би “Та нар битгий яараарай, хүүхдүүдэд суурийг нь л зөв тавиад өгөхөд бүх юм болно, хамаагүй зодолдуулж болохгүй. Хөдөлгөөний эвслийг олгох нь гол” гэж хэлдэг. Түүний дараа нас бие гүйцэж, 17-48 хүрэхэд нь тоглолт, тулааны урлагийг заах хэрэгтэй” гэж захидаг юм. Миний хувьд 1959 онд Монголын бүх ард түмний залуучуудын их наадам, дараа нь спартакиадад өөрөөсөө ах, нэлээд бяр, туршлагатай жижигхэн бор залуугийн тоглолтыг хараад иэхд биширч бокс тоглох юм сан гэсэн бодол төрсөн. Түүнээс жил гаруйн дараа “Хоршоолол” нийгэмлэг дээр гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж багш боксын секц явуулж байгааг мэдээд тийш  очсон. Намайг авсан ч хэд хоногийн дараа “Хүүхэд олон байна, шалгаруулалт хийнэ” гэсэн. Гэтэл шалгаруулалтад нь  ялагдчихлаа. Гэсэн ч “Би сэтгэлээсээ энэ спортод дурласан юм.Намайг битгий хасаач, би явж байя” гэж гуйлаа. Багш маань  тэр үед  “Алдар” нийгэмлэгийн шигшээ багийн тамирчин, олон хүүхэдтэй цаг гаргаж ажиллах хэцүү байсан байх. Секц нь долоо хоногт гурван удаа хичээллэх ёстой ч сард 2-3 цуглахаас хэтрэхгүй. Заримдаа очоод хүлээж байгаад тарна. Гэвч багш ч, бид ч хичээсэн, үр дүн гарсан. Ер нь Монголд боксын спортыг хөгжүүлэхэд,  олимпийн аварга төрөхөд Б.Мишигдорж багшийн оруулсан гавьяа маш их бий. Социализмын үед биеийн тамирын уран чадвар суулгах сургууль гэж байлаа. Тэнд Б.Мишигдорж багш олон хүүхдийг бэлтгэж, шигшээ багт өгсөн. Э.Бадар-Ууган,П.Сэрдамба хоёрын анхны багш, суурийг нь сайн тавьж өгсөн шүү дээ. Харин хоёр шавь нь анхны багшийгаа дурсдаггүй.

-Анхны тэмцээн хэзээ болж, хэнтэй  анх нударга зөрүүлж байв?

-Бокс тоглоод удаагүй байтал, 1962 онд   “Хоршоолол”, “Хөдөлмөр” нийгэмлэгийн нөхөрсөг тэмцээн боллоо. Би Монголын бүх ард түмний спартакиадын мөнгөн медальт Т.Ганбаттай  рингэнд гарсан. Тэр үед нийгэмлэгүүд хоорондоо халз тулаан хийдэг байсан юм. Хүүхэд байсан болохоор үзээд л байлаа. Нэг мэдсэн ядарсан  гэж жигтэйхэн, юу болсныг ч мэдсэнгүй. Шүүгчид дүнгээ гаргахад би 2:1-ээр ялагдчихаж. Хүмүүс  хашгираад, зарим нь  шүүмжилж орилж байна. Тэгсэн “Хоршоолол” нийгэмлэгийн дарга н.Намнансүрэн гуай “Ялалтаа луйвардуулчихлаа. Урам нь хугарчихна” гэсээр надад III зэргийн тэмдэг, үнэмлэх гардуулдаг юм байна. Түүнээс нь  маш их урам авсан. Дараа жил нь 1963 оны Монголын бүх ард түмний II спартакиадад түрүүлсэн минь надад том урам өгсөн. Тэр хооронд манай нийгэмлэг “Соёл” нийгэмлэгт харъяалагдаж, багш маань солигдсон. Сүүлд Д.Сэрээтэр багшийн удирдлагад очлоо. 1964 онд  Монголд боксын спортыг  хориглосон шийдвэр гарч, миний ид тоглож эхэлсэн үеийн дөрвөн жил  хорионд өнгөрсөн дөө. Батлан хамгаалах яамны сайд асан Б.Доржийн тушаалаар  Монголд боксыг хориглосон юм. Боксчид бэлтгэл хийх, тэмцээнд оролцох эрхгүй болж, дугуйлангууд үүдээ барьсан. Тэр үед нийтийн бүжиг их болдог, тараад зодоон болдог. Тэрэнд нь том даргын хүүхэд өртөж, боксчдын сахилга батын асуудал хөндөгдсөн бололтой юм билээ. Мөн тухайн үед боксын холбоог удирдаад аваад явчих хэмжээний хүн байгаагүй байсантай  холбоотой.

-Таны ид тоглож байсан үе, олимпийн нэг мөчлөг хориотой өнгөрсөнд харамсдаг уу.  Тэр үед та юу хийж байв?

-Үнэхээр харамсалтай. Хашаандаа шуудайд элс хийж өлгөчихөөд цохидог байлаа. Хааяа ангидаа ширээгээр ринг хийж байгаад хоорондоо үзнэ. Заримдаа жижиүүр багшид баригдаж загнуулна. Бээлийгээ ч хүртэл хураалгаж явлаа.  Дараа нь ОХУ-д Барилгын техникумд сурах завсраа боксын тухай кино  үзэж, оросуудтай бэлтгэл хийдэг байлаа.Хэн дуртай нь бэлтгэлээ хангуулдаг, бэртэж гэмтэх  эрсдэлтэй байсан учир  тэгсхийгээд орхисон.  1966 онд гавьяат дасгалжуулагч Б.Олзод багш маань ОХУ-ын Биеийн тамирын дээд сургуулийг  төгсч  ирээд  тамирчдаа  цуглуулж, сайд дарга нартай уулзаж 1967 онд боксын спортыг сэргээсэн.  Бокс тоглох боломжтой болонгуут  бөөн баяр болж,  багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Тэр  үед би 23 настай байлаа. Олон улсын тэмцээнд миний амжилт гаргах бүх зүйлийг заасан хүн  Б.Олзод багш. багш маань боксчин хүний техник, тактик,ур ухаан, арга барилыг зааж өгсөн нь одоо ч санаанаас гардаггүй. Б.Олзод багштай хамт хийсэн  анхны тулаан 1968 онд Улаанбаатарт болсон  Югослав-Монголын олон улсын халз тулаан байлаа. Би Европын хүчтэй боксчин Буен Звонковтой  таарч  ялсан. Анхны алтан медалийг тухайн үеийн Оросын “Динамо” нийгэмлэг, одоогийн Армийн аваргын тэмцээнээс авсан. Хөмсөг задарчихсан байсан тул Б.Олзод багш маань “Чи гурван үе тоглож болохгүй шүү” гээд рингэнд  гаргаж байлаа. Би хэлснээр нь  хагас шулуун цохилт хоёр  хийгээд ялсан.

-Боксчид, энэ спортыг сонирхогчид  таныг “Серий”, “Нийгмийн хонгор” гэж нэрлэдэг. Энэ юутай холбоотой вэ?

- Би залуудаа холын зайд сайн гүйдэг байснаас  “Нийгмийн хонгор” гэж хочлуулах болсон. “Серий”  гэдэг нь  угсраа  цохилтуудаас үүдсэн нэр.

-Та1971 онд Монголын тамирчдаас анх Ази тивийн аварга болсон боксчин. Тэр үед юу бодогдож байв?

-Тегеранд болсон тэр тэмцээнд Б.Олзод багш намайг авч гарч байлаа. Тэр үед би овоо туршлагатай болчихсон, нэлээд хэдэн тэмцээнд оролцоод амжчихсан  байв.Өөртөө ч итгэлтэй болсон байлаа.Эх орондоо ирэхэд 3000 төгрөгөөр шагнаж, Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон.Б.Олзод багш, С.Магсар багш, Х.Баянмөнх бид дөрөв  нэг өдөр төрийн  эрхэм шагналыг хүртсэн юм. Би  24 настайдаа багштайгаа хамт нэг өдөр гавьяат цол хүртэж байлаа.

-Бие биеэ хурцалж явсан нэг үеийн боксчид хэн байв?

-Б.Ганбат багш, С.Гомбо хоёртойгоо олон ч тэмцээнд нударга зөрүүлж явлаа.  Гомбо бид хоёр нэг жингийнх, байнга өрсөлддөг, фенальд ч хамт. Бид хоёр анх бээлий өмсч танилцаж байсан юм. “Хөдөлмөр” нийгэмлэг гэж байхад 23 дугаар сургуульд  нэг буриад залуу сурч байсан юм. Тэр “Манай нутгийн мундаг боксчин байна. Чи тэрэнтэй үзэлц” гээд дагуулаад явлаа. Тэднийх Сэлбийн гүүрний хойхно байсан, тийшээ очлоо. Гэрийн шал хураачихсан байна. Тэрэн дээр гараад гар зөрүүллээ. Хоёулаа ядарлаа, гэтэл нөгөөх маань болъё гэж хэлдэггүй. Эцэст нь би дуугарлаа, “Хоёулаа ядарчихлаа болих уу” гээд больсон.

-1972 онд болсон Мюнхений олимп  таны  хувьд анхных  уу?

-Тэр наадамд манай боксчдод медалийн шанс байсан.  Б.Ганбат багш, П.Баатар бид гурав оролцсон юм. Бидэнд тохироо бүрдээгүй,  олон улсын шүүгч байхгүй, том тэмцээнүүд тивээрээ болчихдог байсан үе. Би Агентиний тамирчинтай таарч ялсан. Дараа нь  Туркийн тамирчныг  унагаасан ч  ялалтыг эсрэг талд өгчихсөн харамсалтай явдал гарсан. Боксын спорт луйвар ихтэй. Шүүгчдийн зөвлөлд хүн байхгүй бол хэцүү. Үүнээс болж золиосонд явчихдаг тал бий.

-“Монреаль-1976”  олимпийн наадамд  Б.Олзод багш чинь удирдлагуудтайгаа таарамжгүй байснаас явж чадаагүй гэдэг бил үү?

-Багш минь байсан бол гэж одоо ч боддог  юм. Лап барина гэдэг маш чухал зүйл. Тэрэн дээр бүх цохилтоо бэлдэнэ. Түүнээс гадна олон угсраа цохилт, хамгаалалт гээд бэлтгэлээ базаана. Б.Олзод багш шиг лап барьдаг хүн байхгүй. дээр нь багшийн удирдлага, захирамж гэж байна. Тамирчныг барьж удирдах чадвар чухал.Тамирчдыг барих хатуу дэг хэрэгтэй гэж би боддог,одоо ч тэр. Өнөөгийн нийгэмд өөр болчихож л дээ, хүний эрхэнд халдлаа гэх байх. Гэтэл энэ том спортод тийм байхаас аргагүй. Б.Олзод багш маань хатуу дэг баримталдаг байсан. Лап барина гэснээс  нэг зүйлийг хэлэхэд, боксын дасгалжуулагч маш хүнд хөдөлмөр. Лап бариад өөртөө маш их доргилт авдаг, бөөр, нурууны өвчинтэй болдог. Тэтгэвэрт гарахад энэ нөхцлийг  харж, хүнд нөхцөлд тооцдог байх хэрэгтэй.

-Та хэдэн онд зодог тайлсан юм бэ?

-Монреалийн олимпийн дараа 30 настайдаа дасгалжуулагч болсон. Үндэсний шигшээ багт  1976-1990 онд 14 жил ажилласан. Д.Банди багш бид хоёр  тэр үед дасгалжуулагч болсон юм. Намар секцэд хүүхдүүд авахад 200-гаад хүүхэд ирсэн. Шигшигдсээр  арав гаруйхан нь үлдсэн.  Тэднээс Ц.Амаржаргал миний гарын шавь. Том тэмцээнд жаахан одгүй, тэгсэн хэрнээ Европын тэмцээнүүдэд сайн тоглодог байсан. Олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан над дээр ирж боксын гараагаа эхэлсэн. Улсын шигшээ багийн дасгалжуулагч баг тамирчидтайгаа л ажиллана. Сөүлийн олимпоос 1988 онд анхны хүрэл медалийг  Н.Энхбат маань хүртэж В.Батбаяр багш бид хоёрыг баярлуулж байсан. Мөн намайг шигшээ багийг дасгалжуулж байхад Р.Отгонбаяр ДАШТ-ээс мөнгө, Э.Цогтжаргал хүрэл медальт хүртэн, Азийн АШТ-д Н.Баярсайхан хоёр, Г.Батбилэг, О.Отгонбаяр, Н.Энхбат нэг удаа тү- рүүлсэн. Би ер нь ОУХМ 100 гаруй,  спортын цол зэрэгтэй 300,  нийт 1000 гаруй шавь бий.

-Бокс  хүч тамир шалгасан  хүнд спорт, тэнд од, аз гэж бас байна уу?

-Би тэрийг  байна гэж боддог /инээв/. Зарим тамирчныг харж байхад сугалаа сайхан таардаг шүү дээ.

-Тэгвэл эр зориг, ухаан хоёрын аль нь чухал вэ?

-Бокс бол яаж цохих вэ гэсэн  тооцоолол, ухаанаар явдаг зүйл. Эр зориг байлаа ч хаана нь гаргах вэ гэдэг бас л тооцоо, нарийн тактик. Хэнтэй таарав, яаж цохих вэ гэдэг аргачлал байна. Боксчин хүний зүүн гар хамгийн гол зэвсэг. Дуудна, хуурна, өрсөлдөгчөө ажиллууна, хариу довтолгоог хийнэ.

-Эргээд харж байхад та бокст нэгэн үе салхи хагалж явсан Равсалын Отгонбаяр нарын сайн  тамирчдад халаагаа өгсөн байдаг?

-Шигшээ багт үлгэр жишээ хүн байх хэрэгтэй гэж одоо ч  боддог. Тэднээс залуу боксчид үлгэр дууриал авдаг. Миний үед би тэдэн дотор шүтээн байлаа. Г.Батбилэг, Р.Отгонбаяр хоёр жаахан хүүхдүүд байлаа. Намайг холын зайд гүйхэд дагаад гүйнэ. Тэвчээр, хатуужлыг тэндээс олж авдаг. Миний арга барил,  угсраа цохилтуудыг тэр хоёр их дууриана. Дасгалжуулагч болсны дараа тэр хоёр минь залуу боксчдод их үлгэр дууриал болж байлаа.

-Та  Өвөрмонгол, БНХАУ-ын шигшээ багт дасгалжуулагчаар 9-12  жил   ажилласан. Тийшээ явах шалтгаан нь юу байв?

-Манайхан 1990 оны  Азийн АШТ-д 10 тамирчин оролцуулж, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд зогсож байтал Өвөрмонголын боксын холбооныхон бидэнтэй уулзаж санал тавьсан юм. “Олон жил цаг наргүй зүтгэлээ, хувийн амьдралдаа анхаарал хандуулъя, би явъя гэж Боксын холбоонд хүсэлтээ илэрхийлээд зөвшөөрөл авч  явсан. Энэ  хооронд ирэн очин байсан. Өвөрмонголд боксын спортын суурийг тавьж, олон шилдэг тамирчин бэлтгэсэн. Гурван жил ажиллаад Хятадын бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин V байрт шалгарахад өвөрмонголчууд гайхсан. Гуравхан жилийн дотор тамирчдыг нь Хятадын дэвжээнд өнгөлөх хэмжээнд хүргэлээ гээд  гэрээгээ сунгасан. Олимпийн дэвжээнд анх өрсөлдсөн Хятадын хоёр тамирчны нэг нь миний шавь н.Чулуун шүү дээ. 2008 онд Олимпийн аварга болсон  Жан Шаопингийн багш нь би.

-Монголын боксын спортын цаашдын хөгжлийг та юу гэж харж байна?

Хамгийн гол нь мэргэжлийн сургууль байх хэрэгтэй. Мөн тамирчдад ур чадвар суулгах сайн багш нар чухал. Хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, суурийг нь маш зөв тавьж өгөх ёстой. Хөдөө орон нутагт энэ ажил явж байгаа ч заал, тоног хэрэгсэл, багш нарын ажиллах орчин нөхцөл дутмаг байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин