Л.Сайхансанаа

Усан будгаар зурсан шилмэл бүтээлийг урлаг сонирхогчдод толилуулдаг “Монголиан Ватерколар 2018” үзэсгэлэн дөрөв дэх жилдээ амжилттай зохиогдож байнаЭнэ жилийн үзэсгэлэнд 21 уран бүтээлчийн усан будгаар урласан шилдэг бүтээлийг багтаажээ   Дэлхийн усан будгийн мастеруудын олон улсын тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Шивнээ зургийг зурсан зураач С.Мөнхбаатартай түүний уран бүтээлийн олз омгийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө усан будгийн зургийн их мастер болсонд танд баяр хүргэе. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлогийн тухайд ярилцлагаа эхэлье?

-Усан будгийн нийгэмлэг байгуулагдсаны дөрвөн жилийн ой энэ онд тохиож байна. Уламжлал болгон зохион байгуулж буй Монголын шилдэг усан будгийн үзэсгэлэнд бүтээлээ толилуулахаар сонгон шалгаруултад орох уран бүтээлчдийн тоо жил ирэх тусам өсч, ялангуяа залуу уран бүтээлчид идэвхтэй оролцох болсон. Бид ч мөн усан будгаар зураг зурах сонирхолтой, суралцаж яваа залуу зураачдыг дэмжихийг хичээсэн.

УСАН БУДГААР ЗУРСАН ЗУРАГ ХҮНИЙГ ТАТАХ УВИДАСТАЙ

-Усан будгаар зураг зурахад илүү нарийн, чимхлүүр байх. Яагаад усан будгаар дагнаж бүтээл туурвих болов?

-Усан будагаар зурсан зураг хүнийг татах шидийн гэмээр увдис агуулсан мэт надад санагддаг. Усыг амьдралын эх булаг гэдэгчлэн бүх зүйлтэй  аяндаа  зохицож, шинжээ өөрчилж байдаг.  Усан будаг ч мөн адил зургийн дэвсгэр дээр сайн уусаж,  зөөлөн атлаа амьд өнгө аяс зурганд оруулж өгдөг. Хүний сэтгэлд илүү хүрч, тайван дулаан мэдрэмж төрүүлдэг  учир дөрвөн жил усан будгаар дагнан уран бүтээлээ туурвиж байна.

-Зураач болсон замналаасаа хувалцаач?

-Бага байхын усан будгаар зураг зурах дуртай хүүхэд байсан.  Хүсэл эрмэлзлээ даган МУБИС-ийг уран зургийн багш мэргэжлээр 2005 онд төгссөнөөс хойш Олон Улсын Улаанбаатар Их Сургуульд дизайны чиглэлээр уран зургийн суурь олгох хичээл зааж байна. Оюутнуудад усан будгаар зурах хичээл түлхүү орж, зуруулдаг учир усан будгаар илүү дагнаж зурахад нөлөөлсөн байх.

-Гэр бүлээс тань удам залгасан, залгах авьяастай хүн байгаа юу?

-Удам залгасан зураач гэр бүлээс минь байхгүй ч хоёр охин маань зураг зурах гарын эв дүйтэй, ирээдүйд надаас ч мундаг зураач болж магадгүй. Өсөж том болохоороо ямар чиглэл, сэдвээр дагнаж зурах нь шийдэгдэх байх. Зураг зурах авьяасыг би төрөлхийн өгөгдөл гэж боддог. Төрөлхийн авьяастай хүн богино хугацаанд тодорж гарч ирдэг бол сонирхолоороо хичээллэж буй хүнд  уйгагүй оролдого, цаг хугацаа илүү шаардана. Гэхдээ суут авьяасыг хөгжүүлж, байнга давтахгүй бол зэвэнд идэгдэх төмөртэй адил болно. Боломжгүй зүйл байдаггүй гэдэгчлэн ямар ч хүн өөрийнхөө сэтгэлд хүрэх хэмжээнд зурдаг болох боломжтой юм.

“ШИВНЭЭ” ЗУРГИЙН СЭДВИЙГ  БҮРГЭДИЙН БАЯРААС ОЛЖ АВСАН

-Яагаад ОУ-ын тэмцээнд тэргүүн байрт шалгарсан зургаа “Шивнээ” гэж нэрлэсэн бэ?

-Казах  ард түмний Бүргэдийн баярт оролцож байхад нэг настай өвгөнийг бүргэдтэйгээ харилцаж байгаа байдал нь надад таалагдсан. Чихэнд нь үг шивнэн нэг цул болж ууссан мэт биесээ маш сайн ойлгож байсан нь үгээр зүйрлэмгүй. Хүн ба амьтны хоорондын харилцаа ямар төсөөлшгүй байдгийг дүрслэхийг зорисон. Бүргэд хүний хэл мэдэхгүй ч гэсэн нялхаас нь тэжээсэн настай өвгөнийг сэтгэл, оюунаараа ойлгож буй мэт санагдсан.

-Хүн бүрт хүндэлж, биширч явдаг хүн байдаг. Мэргэжлийнхээ хувьд урам зориг авдаг хүн танд бий юу?

-Яг тэр, энэ хүн гэж онцолж үзмээргүй байна.  Өдийг хүртэлх хугацаанд надад зааж сургасан олон багш нараасаа үлгэр дууриал авдаг. Бага байхдаа явж байсан зургийн дугуйлангийн багш н. Дондогдорж хэмээх усан будгаар гайхалтай зурдаг хүн надад зураач болоход  хамгийн их нөлөөлсөн гэж боддог.

УСАН БУДГААР ЗУРАХАД ХУГАЦАА БАГА ОРДОГ

-Нэг бүтээл дээр хэдийн хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Будаг шингэж, цаас хатах нь бусад будгаар зурсанаас илүү байдаг учир усан будгаар зурсан зураг хурдан хугацаанд бүтдэг. Зургаа зурж эхлэхээс өмнө сэдэв, зохиомжоо олохдоо уддаг ч зурах явц харьцангүй хурдан өрнөдөг. Заримдаа тав, зургаан цагийн дотор зураад дуусгах үе бий. Хэмжээнээсээ хамаарах ч хамгийн ихдээ нэг өдөр зарцуулдаг.

-Та багшилдаг гэж дурдсан. Олон шавьтай юу?

-Цэвэр уран зураг биш давхар график дизайны чиглэлээр Олон Улсын Улаанбаатар их сургуульд багшилдаг. Багшилах болсоноосоо хойш нийт долоон ангийг төгсгөөд байна.

-Уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ удахгүй толилуулах уу?

-Усан будгийн бие даасан үзэсгэлэнгээ таван удаа гаргасан. Дахиад гаргах бодол мэдээж байлгүй яахав. Цаг зав гарч, боломжтой болохоороо урлаг сонирхогчдын харааг мялаах усан будгийн шилдэг зургийн үзэсгэлэнгээ толилуулна.

Эх сурвалж: www.polit.mn