-Өөрөө “Нот Spot” хамтлагийн дуучин байх аа. Уран бүтээлийн олз, хэр байна вэ?
-Энэ онд уран бүтээлийн олзтой жил байлаа. Би өнгөрсөн сард “Баян Монгол” чуулгад гоцлол дуучнаар орсон юм. Энэ их айлын гэр бүлийн гишүүн болсондоо баяртай байна. Манай “Нот Spot” хамтлаг ретро поп стилийн 10 дуутай шинэ цомгоо өлгийдөж авсан. Цомгоо худалдаанд гаргаж байгаа. Мөн “Нар гарна аз жаргал минь” киноны дууг дуулсан. Дөрөвдүгээр сард Монголд анх удаа өргөн хэмжээний сонгодог, жааз тоглолтыг тавьсан гээд уран бүтээлийн олз омог арвин байлаа.
-Улсын филармони хэмээх их айлын гишүүн болжээ. Таныг хамт олон тань хэр хүлээж авсан бэ?
-Манай хамт олон намайг маш сайхан хүлээж авсан. Энэ байгууллагад орохоосоо өмнө “Баян Монгол” чуулгыг тоглолтод хамтарч ажиллаж байсан юм. Надад филармонийн удирдлагаас дуучнаар ажиллах санал тавьсныг баяртайгаар хүлээж авсан.
-Улсын филармони тэр дундаа “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид залуу уран бүтээлчдээр цус сэлбэж байгаа гэж сонссон. Залуу хүнд ихийг хийх эрмэлзэл байгаа байх?
-Цаашид хийх зүйл маш их байгаа. 40 жилийн түүхтэй байгууллага маань урлагийн салбарт их зүйлийг хийсэн. Монголын үе үеийн шилдэг дуучид энэ байгууллагаас амьдралынхаа гарааг эхэлсэн байдаг. Монгол Улсын нүүр царайг хөгжмөөр тодорхойлогч байгууллага гэж хэлж болно. Тиймээс өмнөх үеийн уран бүтээлчдийн хийсэн сайн уран бүтээлд нэмэрлэж, ахмадуудаасаа суралцаж их зүйл хийхийг хүсч тэмүүлж явна.
-“Баян Монгол” чуулгад танаас өөр ямар залуу уран бүтээлчид ажиллаж байна вэ?
-Манай чуулгад надаас гадна дуучин Ц.Хулан, “Asian shop” хамтлагийн ахлагч Т.Бат-Ундрах нар орсон. Хөгжимчид, дуучид ч шинэчлэгдэж байна. Энэ утгаараа бидний уран бүтээл, концертын агууламж, уур амьсгал, хүнд өгөх мэдрэмж өөрчлөгдөж байгаа юм. “Баян Монгол” чуулга манлайлж байсан түүх байгаа. Чимээгүй байдалтай байсан ч үе бий. Зах зээл хэцүү байсан байх. Урлагийн байгууллагууд ч гэсэн тогтворгүй байсан. Энэ жилээс үйл ажиллагаа нь сэргээд, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийж байгаа.
-“Баян Монгол” чуулгын тоглолтыг хуучны гэж шүүмжлэх нь бий. Энэ удаагийн тоглолтын онцлог нь юу вэ?
-Тоглолтын найруулагчаар С.Сүхбаатар гуай ажиллаж байгаа. Найруулагч маань сэтгэл хөдлөл ихтэй, залуулаг, шинэлэг сэтгэлгээтэй учраас бүх зүйлийг хооронд нь уялдуулж, бүжиг, дуу, тайзны жүжиглэлтийг хийж байна. Энэ удаагийн тоглолт цоо шинэ болно гэж хэлмээр байна.
-Таны хувьд хэзээнээс уран бүтээл хийж эхэлсэн бэ?
-Манай аав, ээж урлагийг ойлгодог хүмүүс. Аав хөгжим тоглодог, ээж залуудаа бүжиглэдэг байлаа. Урлагт ойрхон өссөн. Би Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрт морин хуур тоглож, лимбэ үлээж байлаа. Дашдондог багшийн “Nature sound” сургалтыг 2003 онд төгссөн. Дуулах хүсэл, мөрөөдөл байсан ч би найман жил студийн инженерээр ажилласан. Хамгийн анх “Чиний зүг” дууг дуулсан юм. Монголын урлагийн дуучидтай ажиллаж, 50-аад цомог бичсэн байна.
-Рок попын ертөнцөд Б.Дашдондог хийсэн бүтээсэн зүйлтэй хүн. Багш тань юу гэж сургадаг вэ?
-Багшаасаа их олон зүйлийг сурсан. Дууны инженер мэргэжлийг сурахаас гадна хүний мөн чанарыг ойлгосон гэж боддог. Манай багш хүнийг ялгаж болохгүй. Хийж чаддаг зүйлээрээ хүмүүст туслах хэрэгтэй гэдгийг ойлгуулж өгсөн.
-Жааз урсгалын сайхан нь яг юунд оршдог вэ?
-Хөгжим нь мэдрэмж, хязгааргүй сэтгэлгээний илрэл юм. Ялангуяа жааз хөгжим нарийн мэдрэмж шаарддаг гэж боддог. Жааз урсгал хязгааргүй сэтгэлгээ юм. Дуучин, хөгжимчид хоорондоо уусч, мэдэрч байдаг гайхалтай хөгжим. Үгээр илэрхийлж чадахгүй байна. Урлагийн хүнд, чадвар шаардсан төрөл шүү. Амьдрал тэр чигээрээ урлаг. Амьдрах арга барил хүртэл урлаг юм.
-Жинхэнэ уран бүтээлч хүн гэдгийг юу гэж тодорхойлох вэ?
-Уран бүтээлч хүн урнаар сэтгэж, шинийг эрэлхийлдэг байх ёстой. Хамгийн гол нь чин үнэнчээр хөдөлмөрлөх шаардлагатай. Хөдөлмөр шингэсэн бүтээл чанартай байдаг.
-Та тэгвэл жинхэнэ уран бүтээлч мөн үү?
-Би өөрийгөө уран бүтээлч хүн гэж хэлэхгүй. Гэхдээ уран бүтээлч болохын төлөө хичээж явна. Суралцах зүйл их байна.
-Монголын хөгжмийн ертөнцөд шинэ, залуу хамтлагууд төрөн гарч байна. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Олон хамтлаг гарч байгаад баярладаг. Тэдгээрээс оддын өвчин туссан хамтлаг их харагдах юм. Нэг дуугаараа олонд танигдлаа гээд их зан гаргах нь буруу. Хүн чанараа алдаж болохгүй. Сонирхлоороо урлагт хөл тавьж байгаа ч авьяастай хүн гэдэг шал өөр. Сүүлийн үеийн дуунууд орчин үеийн, шинэлэг болж байгаа ч хуучны аялгуулаг дуунууд байхгүй болчихож. Дууны аялгуу алдагдаж байна. Гадаад дуучдын дуунууд стильтэй ч сэтгэлд хоногших аялгуутай байдаг шүү дээ.
-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-“Баян Монгол” чуулгатай хамтраад амьд хөгжмийн тоглолт хийх төлөвлөгөө байгаа. Мөн дараагийн цомгийн ажил бэлэн болсон. Энэ цомогт сонгодог, поп дуунууд байх болно.
-Залуу уран бүтээлчид үндэсний урлагаа авч үлдэхэд хэрхэн анхаарвал зүйтэй гэж боддог вэ?
-Техник, технологийн хөгжил өндөр болсон. Үндэсний урлагаа орчин үеийн стильтэй хослуулж, чанарын өндөр төвшинд хийх хэрэгтэй. Хөгжмийн олон наадам болдог. Залуус наадмаас суралцаж болно. Гэхдээ монгол хэл соёлоо мартаж болохгүй. Сүүлийн үед гарч байгаа дуучдын хэллэг ойлгогдохгүй мода гарчээ. Орчин үеийн уран бүтээлч байлаа ч стандартыг алдагдуулж болохгүй шүү дээ.