Т.САЙХАН

Үндэсний их баяр наадмын сурын харваагийн төрөлд  Дамирангийн Норжмаа түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол  хүртсэн билээ.  Түүний  талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

- Түүний аав Дамиран  аймгийн заан цолтой.  Мөн ах Д.Бумбаяр нь улсын заан цолтой.  Дүү Д.Баатархүү нь алдарт уяач юм байна.

-Аав, ээж  нь наадмын өглөө бөхийн дэвжээнд хүүгээ яаж барилдахыг, сурын талбайд охиноо хэрхэн цэц сорихыг, гийнгоон дуу хадах талд  уяач хүүгийнхээ морь хэр шандастай давхихыг харах гэж догдолдог байна.  Энэ л гэр бүлээрээ Д.Норжмаа ихэд бахархдаг гэжээ.

- Тэр 2000 оноос эхэлж “Алдар” спорт хорооны тамирчин болсон.  Д.Норжмаа энэ талаар “Амжилтаа би “Алдар” спорт хороотой холбож ойлгодог. Зэвсэгт хүчний сүр жавхаа, спортын гялалзсан амжилтууд энд л ундардаг юм шиг санагддаг” гэв.

-Д.Норжмаагийн нөхрийг Ц.Цэдэндамба гэдэг, багш дасгалжуулагч мэргэжилтэй. Увс аймгийн, аймгийн арслан  Цэцэндэлгэрийн хүү. “Шонхор” БТДС-д түүнийг ажиллахаар ороход дасгалжуулагчаар ажилладаг байсан гэдэг.

-Д.Норжмаа одоог хүртэл З.Баатар гуайн урласан нумаар харвадаг.  Түүний урласан нумаар харваж, олон хүн сурын алтан зурхайгаас улсын мэргэн цол хүртсэн. Тэдний нэг нь Д.Норжмаа юм.

-Тэрээр цэнхэр, хөх өнгөнд дуртай. Дэлгүүр орохдоо цэнхэр өнгийн даавуу, торго руу түрүүлж хардаг. Ямартай л түүний оёдолчин “Чи цэнхэрээс өөр өнгө мэддэггүй байх. Дандаа ийм өнгөтэй торгоор дээл хийлгэх юм” гэж хошигнодог гэлээ.  

- Тэр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ийн харваач.

Эх сурвалж:www.polit.mn