Б.ТӨГС

Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг дуучин Ч.Бадрал авч, “Golden Star-2018” шагналын эзэн болжээ. Олон улсын тус тэмцээн нь зургаан сарын турш дэлхийн олон оронд зэрэг явагдаж, 1870 дуучин өрсөлдсөн байна. Ч.Бадрал ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэрээр 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр,  2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа дуучин юм. Олон улсын “Вива опера” фестивальд урилгаар оролцон, Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдсан “Спаскийн цамхаг” цэргийн хөгжмийн наадамд оролцон, Улаан талбайд 10 мянган үзэгчийн өмнө дуулсан анхны монгол дуучин болсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин