Ч.ЗОТОЛ
Монгол наадмын торгон ногоон дэвжээнд уран мэхийг уралдуулж, үнэн хүчээ үзэж, үзэгч түмнээ цэнгүүлэхээр зодоглодог бөхчүүд маань элдэв тариа, эм бэлдмэлийн дэмээр барилддаг болоод удлаа. Харин энэ жил сэргээш илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдийг барилдуулахгүй хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдвэрлээд байна. Монгол түмэн, наадамчин олон сүүлийн 20 орчим жил сэргээшгүй наадмыг хүсч ирсэн. Энэ жил тэрхүү хүсэлт нь хүлээлтээр солигдон айсуй наадмаа угтах гэж байна. Гэсэн ч баяр наадмын дараа хэн нэгнийх нь шинжилгээний хариу сөрөг гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэр нь сэргээшид цэг тавьсан гэсэн үг бас биш юм.
Уг нь монгол наадмын утга учир бөхчүүдийнхээ үнэн хүч, шандаст хүлгүүдийн хурд, эрхий мэргэн харваачдынхаа ид хавыг үзэж баясахад оршдог. Мөн төрт ёс, монгол ёс уламжлал, эх түүхээ дархалж, түүгээр хойч үеэ хөглөж хөтлөх хариуцлагатай баяр. Ямартаа л монголчууд “Бөх нь түвшин байвал эр нь түвшин байна. Эр нь түвшин байвал гэр бүл түвшин байна. Гэр бүл түвшин байваас төр улс түвшин байна” хэмээн үр хүүхдээ сургаж ирэх вэ. Нөгөөтэйгүүр, “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэх үг бас бий. Энэ үг ямар ч хүн алддаг гэсэн утгатай ч гэлээ сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн гэмийг цайруулах утгаар ярихад зохисгүй. Яагаад гэвэл, уран барилдааныг нь харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахуунаас үлгэр авч ирсэн ард түмнийхээ өмнө бөхчүүд хазгай гишгэх ёсгүй юм. Адуу малтай ноцолдож, эмнэг хангал сургаж, тэр эрчээрээ чангарч ирсэн монгол эрчүүдийн амьдралын хэв маяг орчин цагийн хөгжлийн давалгаанд өөрчлөгдсөн ч мэхийг уралдуулж, хүчийг үзэн харгүй сайхан барилддаг монгол бөхийн жудаг тасрах учиргүй. Мэдээж сайн бөх олон байгаа, тэр дотроос ёс жудагийг эрхэмлэж, уран мэх, үнэн хүчийг харуулан олон түмнээ баясгаж яваа нь ч бий. Гэхдээ л бодоход гол горойм, бичихэд үзэг халтирам үзэгдлүүд үндэсний бөхөд бас байна.
Тухайлбал, саяхныг хүртэл монголчууд “сэргээш” гэгчийг мэдэхгүй явлаа. “Гарьд Магнай” кинон дээр Даншигийн заан Молиго Очир, ноёны бөх Цагаан Жигмэдэд “Монгол бөхийн ёс жудгийг чам шиг юмаар таслуулахгүй. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ хэзээд ариун байх учиртай” гэж хэлдэг шиг тийм л ойлголт зонхилж байв.
- Гэтэл 2002 онд А.Сүхбат аварга сэргээш хэрэглэсэн нь илэрч дээр доргүй бужигнаснаар 2003 онд манай улс Допингийн эсрэг хуулийг УИХ-аар баталж байлаа. Түүнээс хойш наадам болгоны өмнө сэргээшийн талаар ёс юм шиг ярьдаг, шинжилгээ авдаг болсон. Наадам өндөрлөсний дараа бөхчүүд сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй гэлцэн хэл ам хэсэгтээ дэгддэг ч ихэнхдээ хариуцлага тооцдоггүй нэг тийм жишиг бас тогтчихсон. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн жагсаалт /эх сурвалж /Эх сурвалж: www.antidoping.mn/ -ыг үзвэл:
- 2002 он: А.Сүхбат
/анаболик стероид/
- 2003 он: Д.Батбаяр
/анаболик стероид/
- 2004 он: Д.Мягмарсүрэн
/анаболик стероид/
- 2004 он: Г.Ганхуяг
/анаболик стероид/
- 2006 он: Д.Рагчаа
/анаболик стероид/
- 2006 он: Г.Эрхэмбаяр
/анаболик стероид/
- 2009 он: Ц.Сумъяабэйс
/анаболик стероид/
- 2009 он: Б.Соронзонболд
/дексаметазон/
- 2011 он Г.Алтангэрэл
/анаболик стероид/
- 2011 он: Ц.Цогбаяр
/анаболик стероид/
- 2012 он: Б.Сугаржаргал
/анаболик стероид/
- 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/
- 2014 он Б.Суманчулуун /анаболик стероид/
- 2014 он: Н.Адъяабат
/анаболик стероид/
- 2016 он: Б.Баатарцол
/мельдониум
- 2016 он Б.Ганзориг
/ бүх цаг үед хориглосон хүч нэмэгдүүлэх бодис/
- 2017 он: С.Майнбаяр, Э.Даш, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Б.Номиндалай нарын нэр бүртгэгджээ.
2018 онд үндэсний бөхийн 12 тамирчнаас шинжилгээ авснаас хойр бөх “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ БНСУ-ын лабораторид илгээсэн тул холбогдох газрууд хариу гартал нэрийг нь зарлах боломжгүй гэж мэдэгдсэн. Харин чөлөөт бөхийн УАШТ-ний үеэр аймгийн арслан Б.Гончигтавхайн дээжнээс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн, улсын заан Б.Соронзонболд шинжилгээ өгөхөөс татгалзсан тул хоёр бөхийн тэмцээн, уралдаанд оролцох эрхийг түдгэлзүүлжээ.
Энэ бүхнээс үүдэн МҮБХ-ноос сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд цолыг нь хураах, наадамд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах зэрэг журам гаргасан ч олигтой хэрэгжээгүй. Харин ч урвуугаар хориотой бодист “донтсон” бөхчүүдийн нэгнийх нь давааг хүчингүйд тооцож чимэгийг нь хураасан атлаа нөгөөгийн барилдах эрхийг зургаан сараар хасах зэрэг зөрүүтэй шийдвэр гаргадаг болсон. Ижил зөрчил гаргасан байтал нэгийг нь өшиглөж, нөгөөгийн нь толгойг илэхээр “Сэргээш хэрэглэж болох юм. Хэрэглээд илэрсэн тохиолдолд үзэмжээр шийдэх юм байна” гэсэн ойлголт төрж таарна. Мөн сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд давааг цуцалж, цолыг нь хүчингүй болгох зэрэг шийдвэр нь тав даваагүй бөх улсын цол хүртэх боломжийг нээж өгч байгаа нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа. Дээр нь бөхчүүд ил, далд цолны найраа хийсэн гэх авлигын асуудал сүүлийн үед яригддаг болсон ч шалгаж, хариуцлага тооцсон удаа үгүй. Сүүлийн үед торгон ногоон дэвжээнд барилдах гэж гараад учраагаа дэлссэн, самардсан, тийрсэн бөхчүүд ч мэр сэр бий. Хэн болохыг нь наадамчин олон, уншигч түмэн нэртэй, устай нь мэдэж байгаа тул энд бичих илүүц биз. Харин “сэргээш” гэгч шидтэй эд нь Өмнөговийн нүүрсний замаар тээвэр хийдэг жолооч нарын хэрэглэдэг “мими” шиг сэтгэцэд нь нөлөөлдөг юм биш байгаа. Барилдах гэж гараад зодолддог, учраагаа “мангасддаг” нь сэргээшийн нөлөө юу, өөр шалтгаантай юу гэдгийг тогтоогоогүй ч, мэргэжлийн байгууллагууд энэ талаас нь шалгачихад буруудахгүй л болов уу.
Өнөөдөр тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг бөхчүүд Бөхийн өргөө тойрсон бөөн хэрүүлтэй угтлаа. Талцсан талууд зодоглох уу, “зодолдох уу” гэдгийг таашгүй. Ард түмний хандиваар боссон өргөөг хэн өмчилж, ямар ашиг олж ирсэн нь бүү мэд. Нэг иймэрхүү байдалтай монгол түмэн маань наадах гэж байна. Төр, түмний наадмын цэнгэлийн манлай болсон үндэсний бөх ийм байдалд хүрсэн нь нэг талаар, монгол төр ялзарсны илрэл байх. Нөгөө талаар, монгол ёс заншил, монгол хүний жудаг жилээс жилд гээгдэж буй эмгэнэл гэхээс өөр хэлэх үг үл олдоно. Хамгийн гол нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэрээсээ бүү ухраасай. Монгол наадам гаднаас авчирсан химийн элдэв бодисоор хүлэг морио галзууртал тарьчихаад уралдуулдаг, бөхчүүд нь хүч тамир сэлбэхээс гадна магадгүй сэтгэцэд нь хүртэл нөлөөлдөг эм тарианы шидээр ид хаваа гайхуулдаг байж таарахгүй. Нэг үгээр хэлбэл, бөх нь ч, харваач нь ч сэргээш хэрэглээд, уяачид нь мориндоо сэргээшийн тариа, эм бэлдмэл өгч “галзууруулчихаад” хүний нялх үрийг унуулж уралдуулаад байх юм бол наадам биш жинхэнэ утгаараа зэрлэг цэнгэл болно. Монголчууд сэргээшгүй наадмыг хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин