Д.ЭНХЭЭ

Хөлбөмбөгийн ДАШТ-ний өмнө зарим улс орны улс төрч, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд эх орон нэгтнүүдээ Орос руу аялуулахгүй байхыг зүйл бүрээр хичээж эрмэлзэж байсан. Үүний тулд санаанд багтамгүй “аргумент”-үүдийг ч бодож олцгоосон. Гэсэн хэдий ч энэ бүх оролдлогод олон хүн авталгүй “баавгайн болон архины (водка) улс орны”-г нүдээр үзэж өөрийн гэсэн үзэл бодолтой болохоор хэдэн зуун мянган хөгжөөн дэмжигч шийджээ. Тэгээд ирсэн зочид үлгэр домгоор хуурч байсных нь төлөө барууны медиаг зэмлэнгээ үзэж харсан бүхнээ гайхан шагшиж байна. Цэвэр цэмцгэр гудамж, зочломтгой халуун дулаан уур амьсгал, маш сайн зохион байгуулалт зэрэг нь сэтгэл дундуур байх орон зайгүй болгожээ. Хөлбөмбөгийн гол баяр наадам болон эзэн улс орны талаар зочдын сэтгэгдлийг РИА Новости мэдээлж байна.

 

Каспар Питерсон, Дани

Виз авч байх үед  "Орост халаасны хулгай газар авсан, хянуур яваарай. Маш аюултай тул болж өгвөл хотын захаар явахгүй байгаарай” хэмээн Данийн гадаад хэргийн яам бидэнд сануулан захиж байсан. Найз бүсгүйчүүд маань хамт явахаас татгалзаж, биднийг ч явуулах дургүй байсан. Эцэст нь бид найман залуу эр энд ирсэн дээ.

Онгоцны буудалд биднийг толгойноос хөлийн ул хүртэл нэгд нэггүй нэгжиж, цүнхийг маань ёроолд нь хүртэл уудалж үзэх байх гэсэн чинь өчүүхэн ч цухал хүргэлгүй маш хурдан болж өнгөрсөнд гайхмаар сайхан сэтгэгдэл төрсөн. Таксигаар байрлах буудал хүртэл бидний хэмжүүрээр бол маш хямдхан хүргүүлсэн. Эхлээд биднийг гурван өөр өрөөнд оруулсны нэг нь найман ортой байсан. Тохиролцож чадахгүй байх гэж бодож байсан ч маргааш нь буудлын захиргаатай харилцан ярилцаж, нэмж ямар ч мөнгө төлөлгүй нэг том өрөөнд орцгоосон.

Шигшээ багаа дэмжихээр хөгжөөн дэмжигчдийн бүс рүү явж, метрогоор явах гурав хоногийн тасалбар авсан нь Данид бол нэг удаагийн явах үнэтэй адилхан юм байна. Түүнээс гадна тасалбар худалдаж авсан тоглолтоос хоёр хоногийн өмнө, хойно нийтийн аливаа тээвэр, тэр ч бүү хэл хот хоорондын галт тэргээр үнэгүй явж болох нь маш тохиромжтой.

 

[caption id="attachment_41287" align="alignnone" width="645"] Каспар Питерсон (төвд нь) нөхдийн хамт Москвагийн хөгжөөн дэмжигчдийн бүсэд[/caption]

Өөр бусад хотоор явж амжихгүй болохоор Москвад үлдэж “Лужники”-д болох Дани-Францын тоглолтыг очиж үзнэ. Би инженер, янз бүрийн барилга байгууламжтай ажилладаг болохоор цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээцийг өөрийн нүдээр үзэж үнэлэхэд үнэхээр сонин байна. Хөгжөөн дэмжигчдийн бүс рүү ирсэн маань ч талаар болсонгүй, Москвагийн их сургуулийн гол барилгатай дүйцэх байгууламжийг би амьдралдаа хаана ч үзэж байгаагүй. Данийн жижиг хотуудад ийм нүсэр том барилга байгууламжийг үзэж харах боломжгүй, харин энд бол үнэхээр донжтой сайхан зохицсон харагдаж байна.

Москвагийн их сургуулийн өмнө маш том дэлгэцээр манай шигшээ багийн тоглолтыг үзнэ гэдэг үнэхээр гайхалтай сайхан санагдсан. Тоглолт үзэж хөөрцөглөх зуураа Антон гэдэг орос найзтай боллоо. Тэр маань биднийг оройн хоолонд урьж, амралтын өдөр хоттой танилцуулахаар амласан. Бид хөлбөмбөгт дуртай, тэхдээ өөр олон зүйлийг үзэж амжихаар бодож байна, тийм болохоор бидэнд тусламж дэмжлэг гарцаагүй хэрэгтэй!

 

Николас Йорг, Франц

Бидний аялал үзэсгэлэнтэй гоё сайхан сүм, хийд бүхий хөдөөгийн тохилог аятайхан хот – Минеральные Воды (Рашаан ус)-гаас эхэлсэн юм. Тэндээсээ бид Англи-Тунисын тоглолт үзэхээр Волгоград руу явлаа. Орос улс дэлхийн хоёрдугаар дайны түүх, ялалтыг асар их хайрлан хүндэлж байдгийг хөшөө дурсгал дээр тавьсан цэцэгнээс харж болохын зэрэгцээ “Эх орон-эх” барималтай адилтгах зүйл өнөөдөр даян дэлхийн хаана ч байхгүй санагдсан.

[caption id="attachment_41288" align="alignnone" width="645"] Николас Йорг (баруунаас хоёр дахь нь) болон францын бусад хөгжөөн дэмжигчид Москвад[/caption]

Волгоградаас Москва руу бид галт тэргээр аялав. Орос орон ямар агуу уудам том юм бэ? Найзууд аа, та нар энэ их эзгүй хээр тал, ой модоо идэвхтэй ашиглах хэрэгтэй юм байна. Нийслэлдээ харин та нар цагийг дэмий өнгөрөөсөнгүй, битүү барилга байгууламж, архитектурын бараг бүх хэв маяг үндсэндээ бүгд байх шиг байна.

Миний ажигласнаар хотын хүмүүс хөдөөнийхийг бодвол илүү нээлттэй, гадаад хэлийг арай дээр эзэмшсэн юм уу даа. Оросуудтай харилцахад хамгийн гол нь эхний алхам хийх нь чухал. Танилцаж, таван үг сольсны дараа хамаг байдгаа дэлгэж хуваалцсан ч болохоор санагдсан.

Худалдааны томоохон төв, музейнүүдээр бид орж амжсан. Орох хаалган дээрх үзлэг шалгалт эхэндээ түвэгтэй санагдаж байсан боловч Франц ч гэсэн террорист халдлагын зовлонг нэг бус удаа амссан, тийм болохоор энэ бүгдийг би ойлгож чадна. Нутагтаа байхад л биднийг ГУЛАГ-аар айлгаж байсан боловч одоо тийм зүйл аль эрт байхгүй болжээ. Бас тэгээд бид ч гэсэн хууль дүрэм зөрчөөд байхыг бодохгүй шүү дээ. Францад хэвийн үзэгдэл ч энд харин бид гудамжинд шар айраг уухгүй.

 

Петер Свен, Герман

Энд би нэгэн цагт Шанхайд нэг улирал хамтдаа сурч байсан, хоёулаа хөлбөмбөгт ухаангүй дуртай Финландаас ирсэн найзынхаа хамт байна. Бидний хувьд ДАШТ бол Орос оронд зочлох сайхан боломж, хөгжөөн дэмжигчээр бүртгүүлээд виз авахад амар хялбар, дээрээс нь тоглолтын тасалбарын үнэнд галт тэрэг, нийтийн тээврийн үнэ шингэчихдэг юм.

[caption id="attachment_41289" align="alignnone" width="645"] Петер Свен (зүүн гар талаас), түүний Финляндаас ирсэн найз хамтдаа Чистые пруды гудамжаар зугаалж явна[/caption]

 

Хөгжөөн дэмжигчдийг явуулахгүй байхын тулд Германы хэвлэлд “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулж золбин нохдыг үйл олноор нь хордуулсан, ямар ч шалтгаангүйгээр хүмүүсийн гар утсыг хурааж авна, хувийн эд зүйлийг хулгайлна, ерөөсөө Орос улс ийм түвшний тэмцээн зохион байгуулах чадваргүй” гээд зүйл бүрээр л бичсэн. Гэхдээ хэвлэл мэдээлэл надад бас тусалсан. Дөрөвдүгээр сард зуны амралтаа төлөвлөж байхдаа ДАШТ-ний тоглолтын тасалбар борлуулж байгаа гэсэн мэдээ уншсан юм. Тэгээд л тасалбар худалдаж авахаар шийдсэн.

Санкт-Петербургэд бид онгоцоор ирсэн. Хот тэр аяараа түүх, соёлоор дүүрэн юм, тэгэхдээ бүр Герман улсын иргэн надтай холбоотой түүх, соёл их байна. Оройн цагаар жижигхэн боловч тохилог бааранд амарч суухад хямдхан, амттай болохоор элдэв асуудал хүндрэл байхгүй. Хойд нийслэлд цаг агаар гол төлөв тааруу тухай уншдаг байсан, гэхдээ аз дайрч бараг өдөр бүр нартай байсан.

Энд гурав хоноод Москва руу галт тэргээр явсан. Москвад бид ердөө хоёрхон хонох боловч нэг зүйлийг баттай хэлэхэд хот ер нь унтдаггүй юм байна. Өглөөний гурван цагт хотын замууд түгжрэлтэй байгааг миний инстаграмын лайкаар мэдэрч болно. Би BMW-д ажилладаг юм, яагаад ийм их машин үйлдвэрлэдгийг энд ирээд л ойлгох шиг болов, Германд бараг хардаггүй машинууд энд их байна.

Багтаж шингэхээргүй их хүнтэй ч, зохион байгуулалт өндөр түвшинд байна, цэнгэлдэх хүрээлэн, гудамж талбайд хаа сайгүй сайн дурынхан, гадаад хэл мэддэг нутгийн хүмүүс ч хангалттай юм.  Тэд цөмөөрөө л бидэнд туслах, тайлбарлах хүсэл тэмүүлэлтэй, заримдаа нэг дор бүгдийг ярихаар орос үндэсний хоол, герман шар айрагтай кафены нэрийг бичиж тэмдэглэж амжихгүй шахуу болдог. Улаан талбайгаас байр хүртэл дөрвөн янзын аргаар явж болохыг бас олж мэдсэн.

Хүмүүс хэдийгээр улс төрийн талаар маргах дуртай байдаг ч коммунизмын тухай өнөөг хүртэл хадгалагдсан үг яриа мэдээжээр бүгд дэмий хоосон зүйл. Хэн ч биднийг дайснаа гэж хараагүй. Бүгд л намайг хаанаас ирсэн, Оросын шигшээ багийн эхний тоглолт ямар санагдсан гэдгийг сонирхож байна. Юутай ч нээлт юм болохоор би тэр тоглолтыг үзсэн л дээ. Оросын амжилтын талаар Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хэрхэн бичих бол гэдэг нь сонирхолтой байсан. Олон сонин хэвлэлд харин элдэв худал юм бодож сэдэлгүй, оросуудыг дутуу үнэлжээ гэж бичсэнийг уншихад таатай байсан.

 

Хорхе Баррьига, Мексик

 

Бид гурвуул онгоцоор ирсэн. Орос улсад болох ДАШТ-ийг үзэхээр явах гэж байгааг найзууд маань дуулаад атаархсандаа үхэх шахсан. Биднийг даарч бээрнэ, орос хэл мэдэхгүй хэцүүднэ хэмээн шоглож наргиж байсан ч бидний оронд тэд байсан бол дэндүү ихийг төлөх байсныг би мэднэ.

Москва хүртэл хоёр хоног явав. Эхлээд бидний төрөлх хот Морелаас Мехико хүрч, дараа нь Парист дамжин сууж, тэндээс наашаа ирсэн. Хүсээд байхаар сайхан нислэг ч биш л дээ.

[caption id="attachment_41290" align="alignnone" width="627"] Мексикээс ирсэн Хорхе Баррьига найзуудын хамт Воробьевын ууланд[/caption]

 

Маргааш нь Мексикийн шигшээ баг Германы эсрэг тоглосон. ДАШТ үзэх анхны аялал, анхны тоглолт, за тэгээд ялалт! Германчуудын баг хүчтэй ч гэсэн би өөрийнхөндөө итгэж байсан, дэлхийн түүхийн талаарх миний өчүүхэн мэдлэг андуураагүй бол Орос улсад Герман хэзээ ч ялж байгаагүй.

Тэр өдөр бид ямар ч газрын зураггүйгээр, нутаг нэгтнүүдтэйгээ нийлж, үндэсний дуугаа дуулж, өглөө болтол хотын төвөөр зугаалцгаасан. Тэртэй тэргүй сайхан байсан болохоор тэр шөнө би гашуун юм юу ч амсаагүй гэвэл та нар гайхах байх даа.

Хоёр өдрийн турш бусад багийн хөгжөөн дэмжигчидтэй зөндөө ярьж хөөрсөн. Оросуудын тухайд бол тусгай яриа. Та нарыг ойртоход нэг л бэрх хүмүүс, тэгэхдээ хэн нэгтэй нь “буу халах” юмсан гэж хүсдэг байлаа.

Гэтэл харин бодсоноос амархан юм болж, бүгдийг манайхны бүрх малгай шийдсэн. Мексик үндэсний малгай өмсөж, эсвэл зүгээр л бидэнтэй хамт зураг авахуулах хүсэлтэй залуус, бүсгүйчүүд ээлж дараагаар бидэн рүү ирж байсан. Зарим нь чихийг нь буулгадаг малгайгаар солих гэж, зарим нь миний сомбрерог гайгүй үнээр худалдаж авъя гээд л, гэхдээ би зараагүй, надад өөрт хэрэгтэй, зүгээр л би олон орос найзтай болохыг хүссэн юм.

Зураг авахуулсны дараа элдэв зүйлийн талаар жаал хөөрөлдөж, утасны дугаараа солилцов. Волдимир, Саша, гэхдээ миний хамгийн дуртай орос нэр бол Иррра гээд л яг л мексик маягаар сонсогдож байгаа биз дээ. Дахиад олон сайн хүнтэй учирна гэдэгтээ итгэлтэй байна.

Бүх юм дөнгөж л эхэлж байна шүү дээ. Удахгүй Дон дахь Ростов, дараа нь Екатеринбург явна, хэрвээ Мексикийн шигшээ бүлэгтээ түрүүлбэл Санкт-Петербург рүү шигшээгээ дагаад явна.

Төгсгөлийн шигшээ тоглолтод манайхан үлдэх байх гэж найдаж байна. Хэрвээ тэгвэл долдугаар сарын 5-ны буцах тасалбараа яах вэ гэдэг амаргүй асуудал надад тулгарна. Өдөр хоног өнгөрөх тусам тасалбараа буцааж, дуустал нь байх сонирхол намайг эзэмдэх боллоо. Би албан ёсоор "Ай лав Раша!" гэж хэлмээр байна.

 

Сигрет Карбида, Бразили

 

Нөхөртэйгөө хамт Америкт нэлээд хэдэн жил амьдарч байгаа ч уг нь би Бразилиас гаралтай хүн. Манай улс, Орос орны тухай онцгүй хандлага яриа тэнд байдаг болохоор биднийг ДАШТ үзэхээр явах хүсэлтэй байгааг зарим найз маань ямаршуу хүлээж авсанд гайхах юмгүй. Миний нөхөр дандаа “Өөрөө явж, оролдож үз!” гэдэг. Энэ талаар бид хоёр үнэхээр санал нийлдэг юм. Тэгээд л бид хэнийг ч сонсолгүйгээр тасалбар худалдаж аваад замд гарсан.

Ийм олон үндэстэн ястан нэг дор яаж амьдардаг бол, ийм агуу том улс орныг яаж удирдан жолооддог юм бол гэж оросын түүхийг байнга би сонирхоно. Лениний бунхан, Пушкины амьдарч байсан газар гээд нэгэн цагт уншиж байсан зүйлийн өнө эртний чимээ анирыг алхам тутамдаа сонсоно гэдэг бол ер бусын сонин мэдрэмж юм.

[caption id="attachment_41291" align="alignnone" width="645"] Сигрет Карбида нөхрийнхөө хамт хөгжөөн дэмжигчдийн наадам дээр[/caption]

 

Гэхдээ нөхөр бид хоёрын энд ирсэн гол зорилго бол хөлбөмбөг. Энэ бол бидний үзэж байгаа гурав дахь ДАШТ, тийм болохоор нөхөр бид хоёр туршлагатай хөгжөөн дэмжигчид шүү. Энэ удаагийн тэмцээний онцлууштай сайн зүйл нь цэвэр цэмцгэр байдал. Энэ талаар Москвагийн метрог Нью-йоркийнхтай харьцуулшгүй, Нью-Йоркод зарим газар хархнууд нааш цааш гүйлддэг, энд харин нэг өртөө нөгөөгөөсөө улам гоё юм.

Ийм цар хэмжээний хөлбөмбөгийн баяр бидэнд цоо шинэ зүйл биш, харин энэ удаа бид хүүтэйгээ хамт ирсэн. Бидэнтэй яагаад хамт байхгүй байгаа юм бол гэж та гайхаж байгаа байх. Бид ч гэсэн гайхсан. Учир нь манай хүүгийн сурдаг коллежид оюутан солилцоогоор очиж байсан найз нар нь энд амьдардаг юм байна. Одоо хүү маань бүтэн өдөржин тэдэнтэйгээ явж, зөвхөн өглөө, оройн хоолон дээр л бид хамтдаа байдаг юм.

Зүгээр дээ, удахгүй бид Казань, дараа нь Самара явна. Ингэхэд энэ бол Орос орноор аялах тун аятайхан арга юм, өөрөөр хаашаа явахаа сонгоход амаргүй байх байсан. Бид жаахан оройтож захиалсан болохоор гол төлөв жижиг хотуудын тоглолтын тасалбар л үлдсэн байсан юм. Эхэндээ сэтгэл жаахан дундуур байсан ч ганцхан нийслэл үзсэнээр улс орныг бүрэн сайн таньж мэдэх аргагүй хэмээн Москвад бидэнд тайлбарласан. Тийм болохоор тэсч ядан хүлээж сууна.

Эх сурвалж: www.polit.mn