Д.ЦЭРЭН

МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн сургалт хариуцсан ажилтан, олон улсын шүүгч Б.Алтангадастай ярилцлаа.

-Хүүхдийн олимпийн наадамд шүүгчээр оролцохоор шалгарсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Ирэх аравдугаар сард Аргентины Буэнос-Айрес хотноо болох хүүхдийн зуны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны төрөлд шүүгчээр ажиллана.  Оролцох эрх авсан нь нэг хэрэг. Монгол Улсын шүүгч гэсэн нэрийг өндөрт өргөж хариуцлагатай сайн ажиллах л миний үүрэг юм.

-Өмнө нь манайхаас энэ наадамд шүүгч оролцож байсан юм уу?

-Үгүй юм байна лээ. Харин өмнөх хоёр наадамд нэг, нэг бөх шалгаран оролцож байсан. А.Батцэцэг алт, Б.Дөлгөөн мөнгөн медаль авч байж.

-Тэгвэл энэ наадамд хэдэн бөх явах вэ?

-Охидоос хоёр тамирчин болзол хангасан. Узбекистанд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан Б.Энхзул, БТСДуС-ийн тамирчин Т.Оюун-Эрдэнэ нар. Хөвгүүдээс эрх авсан хүн байхгүй. Хүүхдийн спортын наадам нь сонгомол чөлөөт бөхийн тус бүр таван жинд болдог. Улс бүрт дээд тал нь гурван эрх олгодог наадам юм билээ.

-Энэ наадамд шүүгчээр оролцохын тулд ямар шалгуур давав даа?

-Ташкент хотноо Азийн орнуудын 29 шүүгч эрхийн төлөө өрсөлдөж таван хүн шалгарсны нэг нь би. Шалгалтыг онолын болон дадлагын гэсэн чиглэлээр авсан. Шалгалт тун хүнд юм шиг санагдсан. Онолын шалгалт гэхэд дотроо бичгийнх, видео бичлэгийн, тэмцээний тогтоол хөтлөх гэсэн хэсэгтэй байв. Намайг дэмжиж бололцоо олгосон МЧБХ-ндоо талархаж байгаагаа хэлье.

-Шүүгч болох замаа хэрхэн сонгосон бэ. Энэ жаахан хожуудсан асуулт болов уу даа?

-Би Архангайн Эрдэнэбулганы хүн. Дунд сургуулиа дүүргээд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элссэн. Оюутан байхад манай багш Ю.Гандолгор, гавьяат дасгалжуулагч Х.Намшир нар “Чи шүүгч болно гэдэг гэлүү. Тэгвэл удахгүй зэрэг олгох сургалт болно. Тэнд суу” гэж шахсан. Тэгээд л эргэлт буцалтгүйгээр шийдэж билээ. 2011 онд улсын шүүгч, 2013 онд Босни-Герцоговина улсад болсон нэг тэмцээний үеэр удаах шалгалтаа өгч олон улсын шүүгч болсон. 2016 онд Бакуд болсон нэг тэмцээний үеэр зэргээ ахиулсан. Гадаадын олон шүүгч танилтай ч боллоо. Тив, дэлхийн чанартай олон тэмцээнд шүүгчээр ажиллалаа.

-Шүүгч хүн ер нь ямар байх ёстой юм бэ?

-Гол үүрэг нь дэвжээн дээр соёлтой байх, бөхчүүдийн барилдааныг дүрмийн дагуу, хараа соргог явуулах ёстой. Өөрөө хэдэн жил чөлөөтөөр хичээллэчихсэн болохоор шүүгчийн ажилд нэг их түүртэх юм байдаггүй. Гэхдээ надад сурах юм их. Ахмад туршлагатай шүүгчдээсээ байнга суралцаж байна. Шүүгч хүн бөх бүрийн барилдааны онцлог талыг сайн мэдэрдэг байх учиртай.

Сонирхуулбал, 1968 оны Мексикт болсон зуны олимпийн наадамд оролцсон О.Цэрэндагва, 1963 онд Болгарын Софид болсон ДАШТ-д оролцсон Г.Ишням нар анхдагч байв. Тэгвэл хүүхдийн олимпийн наадмын анхны монгол шүүгч нь Б.Алтангадас болж байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин