Е.МЯГМАРСҮРЭН
27.VI. лхагва. 22.00 цаг. Мексик - Швед
27.VI. лхагва. 22.00 цаг. БНСУ - Герман
-------------- 28.VI. пүрэв. 02.00 цаг. Серби - Бразили
-------------- 28.VI. пүрэв.02.00 цаг. Швейцарь - Коста-Рика
-------------- 28.VI. пүрэв. 22.00 цаг. Япон - Польш
-------------- 28.VI. пүрэв. 22.00 цаг. Сенегал - Колумба
29.VI. баасан. 02.00 цаг. Панам - Тунис
29.VI. баасан.02.00 цаг. Англи - Бельги
E хэсэг. “Сербийн баг Бразилийг хожиж шалгарна, Бразили тэмцээнээ дуусгана” гэх сэрүүн зүүд
28.VI. пүрэв. 02.00 цаг. Серби - Бразили
28.VI. пүрэв.02.00 цаг. Швейцарь - Коста-Рика
Бразилийн баг эхний тойрогт тэнцэж, хоёрдугаар тойрогт Коста-Рикатай 0:0-ээр тэнцүү явсаар сүүлчийн минутад Коутиньо, Неймарын гоолоор хожлын гурван оноо авсан нь хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийг донслуулсан үйл явдал байв. Хожигдсон Коста-Рика хасагдах шатанд шалгарахгүй нь тодорхой болов. Харин хэсгийн нэг, хоёрдугаар байрын төлөө бусад гурван баг өрсөлдөнө. Бүх зүйл өөрсдөөс нь шалтгаална. “Сербийн баг Бразилийг хожиж шалгарна, Швейцарийн хөлбөмбөгчид Коста-Рикатай оноо тэнцэж, эсхүл хожиж бас шалгарна. Бразили тэмцээнээ дуусгана” гэж сэрүүн зүүдлэгсэд бас байна. Биднийхээр ийм зүйл болохгүй, тус баг хэсгээсээ нэгээр гарна гэдэгт итгэж байна.
F хэсэг. Дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэлтэй Герман “машины гацаа” гарсан уу
27.VI. лхагва. 22.00 цаг. Мексик – Швед
27.VI. лхагва. 22.00 цаг. БНСУ – Герман
Хөлбөмбөгийн ДАШТ-д дөрөв, үүнээс хамгийн сүүлд 2014 онд түрүүлсэн, түүнчлэн финалд дөрөв тоглож үзүүрлэн мөнгөн медаль, дөрвөн удаа гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн Германы хөлбөмбөгчид плей-оффод шалгарахаасаа илүү хасагдах нөхцөл нь ойрхон байдалд тоглож хөлбөмбөгийн ертөнцийнхнийг алмайруулж байна. 2014 оны дэлхийн аварга, энэ улирлын Аваргуудын лигт Испанийн Реал Мадридын бүрэлдэхүүнд тоглож саяхан аварга болоод байсан Кроос хаалттай цохилтоос Коста-Рика багийн хаалганд хожлын гоол хийсэн нь түүнийг “баатар” болгов. Өөр хувилбараар “баатар” гэсэн үгийг хөлбөмбөгийн Герман “машиныг гацсан” байхад нь гацааг нь гаргасан инженер гэж тодорхойлж болно. Гуравдугаар тойргийн үр дүнгээс хамаарч, Германы баг онолын хувьд хэсгээсээ гарахгүй байх хувилбар байгаа. Гэсэн ч Герман “машины гацаа” гарч хөлбөмбөгчид нь тоглолтдоо “орсон” болохоор хэсгээсээ шалгарах нь лавтай. Харин байр нь нэгээр үү, хоёроор уу гэдэг асуулт гарч ирнэ. Хоёроор гарвал 1/8 финалд E хэсгээс нэгдүгээр байраар гарч ирсэн Бразилитай оноолт таарах магадлалтай.
G хэсэг. Англи, Бельги багууд хэн нь нэгдүгээр байр эзлэхээ хоорондын тоглолтоор шийднэ
29.VI. баасан. 02.00 цаг. Панам - Тунис
29.VI. баасан.02.00 цаг. Англи – Бельги
Өнөө цаг дор од болон гялалзаж байгаа, Английн премьер лигийн нэрийн хуудас болсон Азар, Лукаку, Де Брюйне тэргүүтэй Бельгийн хөлбөмбөгчид энэ ДАШТ-д долоо тоглоно гэсэн итгэлийг төрүүлж байна. Долоо тоглоно гэдэг нь хэсэгтээ гурав, плей-оффын 1/8, 1/4, 1/2 -ийн шатны тус бүр нэг, дээр нь финалын гэсэн нийт долоон тулаан юм. Хэсэгтээ Английн урд нэгдүгээр байрт уу, ард уу гэдэг нь гуравдугаар тойргийн өвөр хоорондын халз тоглолтоор шийдэгдэнэ. Дашрамд дурдахад, ДАШТ-ий хасагдах шатанд шалгарахгүй болох нь одоогоор тодорхой болсон оролцсон зургаан багийн нэг нь энэ хэсгийн Тунис юм.
Н хэсэг. Тэмцээний өмнө Польш нэрлэгдэж байв, одоо Сенегал
28.VI. пүрэв. 22.00 цаг. Япон - Польш
28.VI. пүрэв. 22.00 цаг. Сенегал – Колумба
Мэргэжилтнүүдийн таамаглалаар энэ удаагийн ДАШТ-д маш сайн тоглоно гэж байсан Польшууд тэмцээнээ дэндүү тааруу эхлүүлсэн учраас энэ хэсгийн ямар баг нь нэг, хоёрдугаар байр эзэлж шөвгийн 16-д шалгарах нь тааварлашгүй оньсого болж хувирсан. Хөлбөмбөгийн шинжээчид Сенегалыг арай түлхүү үнэлж эхэллээ.
Польшийн шигшээ одоогоор плей-оффод шалгараахгүй болсон долоон багийн нэгээр тодорлоо.
Эх сурвалж: www.polit.mn