Р.ОЮУН
Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёр, нас баралтын тоогоор тэргүүлж байна. Өнгөрсөн оны байдлаар 890 тохиолдол бүртгэгдсэнээс 600 нь нас баржээ. Энэ тоо жил бүр өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв, Монголын ходоодны хавдрын нийгэмлэг, Солонгосын ходоодны хорт хавдрын холбоо хамтран “Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэлт ба менежментийн орчин үеийн чиг хандлага” олон улсын хоёр дахь удаагийн хурлыг зохион байгууллаа. Хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор Жүн Хэйн Ли оролцож ходоодны хорт хавдартай хэрхэн тэмцэж байгаа талаар Монголын тэргүүлэх эмч, мэргэжилтнүүд, судлаачидтай мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.
Мөн энэ үеэр II шатлалын эмч нарт ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэлт, урьдал өвчний оношилгоо, эмчилгээний арга, хожуу шатны хорт хавдартай өвчтэй, өвчтөнд энтерал, парентерал тэжээлийг хэрэглэх талаар тусгай сургалт зохион байгуулсан юм. Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хорт хавдрын нас баралт дунд III байрт ордог. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь таван жил амьдардаг маш хорон явцтай, нас баралт өндөртэй аюултай өвчин юм. Дэлхийд жил бүр нэг сая хүн ходоодны хорт хавдраар оношлогдож 723 мянган хүн энэ өвчнөөр нас барсан байна. Нийт тохиолдлын тал орчим хувь нь Зүүн Азийн орнууд буюу Монгол, БНСУ, Хятад, Японд тохиолддог аж. Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой гэж байлаа. Энэ үеэр холбогдох албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, Монголын ходоодны хавдрын нийгэмлэгийн тэргүүн Я.Эрдэнэ-Очир: 40-ӨӨС ДЭЭШ НАСНЫХАН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДВАЛ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ
-Хавдрын тухай ярихаар байнга хожуу үедээ оношлогддог. Ялангуяа, ходоодны хорт хавдрын 80 хувийг хожуу үед нь илрүүлдэг. Хавдартай хүн эмчлүүлээд олон жил амьд яваа нь ямар үедээ илэрсэнтэй шууд хамааралтай. Хавдрыг эрт илрүүлж чадвал үр дүнтэй. 40-өөс дээш насны хүмүүс үзлэг, шинжилгээнд хамрагдвал эрт илрүүлж, эмчилж чадна. Бид эхний хуралдаан дээр ходоодны хорт хавдрыг эрт илрүүлээд батлах шатны байгууллагуудад нь өгсөн. Харин энэ удаагийн хурлаар хоёр үндсэн асуудлыг дэвшүүлж байгаа. Өнгөрсөн жилийн баталсан, оношилгоо, эмчилгээний удирдамжийг шинэчилсэн. Дөрвөн жилийн дотор дэлхийд олон шинэ технологи нэвтэрсэн учраас үүнийг нэмж оруулах шаардлагатай болсон. Нэгэнт стандарт гаргасан бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай, нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд мөрдөх ёстой. Тиймээс дараагийн сургалт явагдана. Мөн эмч, сувилагч нарт зориулсан цахим мэдээллийг боловсруулсан. Дараагийн хурлаараа ямар асуудлыг хөндөх вэ гэсэн чиглэлээр өнөөдрийнхөө хурлыг хийж байна.
БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор Жүн Хэйн Ли: ЭНЭ АЖИЛБАР 10 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛ УЛСАД НЭВТЭРЧЭЭ
-БНСУ ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Тиймээс хоёр жилийн өмнөөс ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийг орон даяар нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн, эрт илрүүлгийн хөтөлбөрт оролцох ёстой бүлгийн хүмүүсийн 4/3 нь хөтөлбөртөө оролцож ходоодоо тогтмол дурандуулж байна. Ингэснээр 75 хувь нь эрт үедээ илэрч мэс заслын болон уян дурангийн аргаар мэс засал хийхгүйгээр ходоодны хавдрыг дотроос нь хуулж авах эмчилгээг хийснээр бүрэн эдгэрэх боломжтойгоос гадна нас барах магадлал 10 хувиас бага байдаг. Ходоодны хорт хавдрын эмчилгээний үед ходоодыг мэс заслын уламжлалт аргаар эмчилж байгаа үед ходоодны 3/2-ыг эсвэл бүтнээр нь тайрах мэс засал хийдэг. Ходоодны мэс засал эмчилгээний үр дүн сайтай. Гэхдээ тодорхой хэмжээгээр өвчтөний амьдралын чанарт нөлөөлдөг. Тиймээс эрт үедээ оношлогдож байгаа ходоодны хорт хавдрыг эмчлэх өөр арга замыг хайх шаардлага гарсан. Энэ арга нь дурангийн аргаар ходоодны салстын доод давхарыг хуулж авах ажилбарыг зохиож нэвтрүүлсэн. Энэ аргаар хүний биед зүслэг хийхгүйгээр дурандаад хавдрыг дотроос нь хуулж авдаг. Эрт үедээ оношлогдож байгаа ходоодны хорт хавдрын тохиолдлуудад энэ арга нь нээлттэй мэс засалтайгаа ойролцоо үр дүнтэй, удаан хугацааны үр дүн, өвчтөний эдгэх магадлал ойролцоо байдаг гэсэн судалгаа бий. Одоо Солонгост оношлогдож байгаа ходоодны хорт хавдрын 4/1-ийг мэс засал хийхгүйгээр эрт үеийн салст хуулах эмчилгээгээр эмчилж байна. Энэ нь ходоодны хавдрыг эрт үед нь илрүүлж чаддаг болсонтой холбоотой. Энэ ажилбар 10 жилийн өмнө Монгол Улсад нэвтэрснийг би олж мэдсэн. Энэ ажилбарт орж байгаа өвчтөнүүдийн тоо бага байгаа нь Монгол Улсад ихэнхдээ хожуу шатандаа оношлогдож байгаагаас энэ ажилбарыг олон хүнд хийх боломжгүй байна гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин