Ч.ГАНТУЛГА

Хүннү гүрний удирдагч их хаан Атилла морио эмээллэн, сэлмээ далайн, хүчирхэг армиа дагуулан айсуй. Түүний өмнө дэлхий чичирч байна. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, сүнсийг нь зайлтал айлгаж байсан учир “Тэнгэрийн ташуур” нэртэй болжээ. УДБЭТ-ын хамт олон  энэ амралтын өдрүүдэд хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, Соёын тэргүүний ажилтан А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балетыг толилуулахад бэлэн болжээ. Атилла болон Хүннү цэргүүдийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан түүхийг тус театрын хамт олон 2012 онд анх тавьсан юм. Балет зургаан жилийн дараа эргэн тайзнаа амилах гэж байна. Тухайн үед балетыг АНУ-ын удирдаач, профессор Жин Дон Кей удирдаж байсан бол энэ удаад дахин Монголд ирж, дохих юм байна. Жин Дон Кей нь БНХАУ-ын Бээжин хотод төрсөн. Тэрээр Нью-Йорк Консерватори болон Кинсиннати дахь Хөгж­мийн Коллеж-Кон­­­сер­­ваторид сурал­цаж төгссөн аж. Жин Дон Кей  “2011 онд би А.Батдэлгэртэй танилцсандаа баярладаг. Тухайн үед монгол бүжигчдийн  авьяасаар бахархаж байсан. Одоо ч бахархсан сэтгэл минь хэвээр байна.  Энэ балетыг зөвхөн Монголд биш гадны оронд тавих бодол бий” гэсэн юм. 2012 онд Атилла хааны дүрд гавьяат жүжигчин, балетчин Х.Мөнгөнхөлөг бүжиглэж байсан бол энэ удаа түүний шавь Б.Хан-Очир, Н.Нацагдорж нар бүжиглэх аж. Харин эмэгтэй гол дүрээр А.Саруул болон Баасансүрэн нар үзэгчидтэй уулзах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин