Б.БАЙГАЛЬ
Олон Улсын Олимпийн Хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд МҮОХ-ноос “Спортын анагаах ухаан, шинжлэх ухааны олон улсын сургалтыг энэ сарын 11-14-ний өдөр зохион байгууллаа. Сургалтыг олон улсын эрдэмтэн, судлаачид “спортын хоол тэжээл”, “Спортын био механик”, “Спортын генетик”сэдвийн хүрээнд удирдан явуулав. ОХУ-ын Био анагаах ухааны холбооны Физик-Химийн Шинжлэх ухаан-Судалгааны Институтын хүний молекул генетикийн лабораторийн дарга, Биологийн ухааны доктор, профессор Эдуард Викторович Генерозов “Спортын генетик” сэдвийн хүрээнд хичээл заав. Оролцогчид тус сэдвийн хүрээнд маш олон асуулт асууж,мэдэхгүйгээ мэдэж, мэдлэгээ бататгаж байлаа. Тэрээр “Монголын генетикийн лаборитариудад арав орчим генийг судлах боломжтой тоног төхөөрөмж байдаг юм байна. Иймд спортын генетикийн энгийн судалгаа хийж болно. Илүү ихийг судалъя гэвэл манай улстай хамтарч манай улсын тоног төхөөрөмж дээр дэлгэрэнгүй судалгаа хийх боломжтой” гэв.Түүний дараа Унгар улсын Биеийн тамир, боловсролын их сургуулийн профессор Андрас Сандор Чабо “Спортын хоол тэжээл” гэсэн сэдвээр маш сонирхолтой хичээл заасан юм. Өмнөх хичээлээс ялгаатай нь оролцогчдын шим тэжээлийн тухай мэдлэгийг шалгасан олон асуулт тавьж байлаа. Тэрээр “Оролцогчид маань лекц бататгах арван асуултаас есөд нь амжилттай хариулсаныг харахад шим тэжээлийн талаар сайн ойлголттой болсон гэж харагдаж байна. Би маш их сэтгэл хангалуун байна. Зөвхөн спортын тамирчид гэлтгүй иргэд бүгд өдөр тутам тогтмол олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон хоол идвэл шим тэжээл сайн авах болно” гэж ярьлаа.
Сургалтад спорт холбоодын дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид,эмч, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг 50 гаруйхүн хамрагдлаа. Сургалтын хүрээнд олон улсын спортын шинжлэх ухааны хөгжлийн түвшин, тамирчдын бэлтгэл болон тэмцээний үеийн хооллолт, генетикийн тухай мэдээлэл авч, Монгол улсын хэмжээнд спортын хооллолт, генетикийн талаар сургалт, судалгааг хийх цаашид тамирчдын ирээдүйн амжилтанд мэргэжилтнүүд хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байв.
Эх сурвалж:www.polit.mn