Х.ҮҮРИЙНТУЯА, О.ХАЛИУН

Үнэнч хайрын бэлгэдэл үзэсгэлэнт Жульеттагийн дүрд хувирч, “Хөөрхий Лиза”-гийн эмгэнэлт хувь тави­ланд шаналж, дэлхийн сон­годог зохиолуудад өөрийгөө сорих боломж гагцхүү жүжигчний мэр­гэж­лээр сурч буй “азтай” оюутнуудад л тохиодог. Тэд дөрвөн жилийг тайзан дээр уйлж, дуулж, дурлаж, шатаж өнгөрүүлдэг билээ. Жүжигчин хүний давах ёстой шалгуур, сонсох ёстой зэмлэл, урам­ших ёстой үгийг баг­шаасаа сонсч, алдаагаа ухам­сарлаж, урлагийн бурхан Янжинлхамын ивээлд багтах гэгээн замналынхаа суурийг сургууль хэмээх их өргөөнөөс тэд эхэлдэг. Урлагийн сургуулийн хаалгаар ороход цаанаасаа л гэгээн мэдрэмж төрдөг нь сайхан. Дуу хөгжим эгшиглэж, дурсамж яриа дэлгээд л. Энэ удаа бид Монголын боловсролын салбарт хэдийнэ та­нил болж, авьяаслаг оюут­нуудыг бэлтгэж буй “Сити” их сургуулийг зорилоо. 20 жилийн түүхтэй энэ сургууль саяхан “Бага театр”-тай болсон юм.

“БАГА ТЕАТР” 120 ХҮНИЙ СУУДАЛТАЙ

Сургууль нам гүм байв. Зуны амралт эхэлжээ. Хаа нэг тус сургуулийг сонирхох хүүхдүүдээс гадна төгсөх ангийнхан, багш нар харагдана. Сургуулийн гадаад болон дотоод орчин их цэвэрхэн юм. Өргөтгөлийнх нь байранд ихэвчлэн театр, урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд байдаг юм байна. Урлагийн сургууль дуулах урлаг, хөгжмийн урлаг, жүжиглэх урлаг, бүжиглэх урлаг гэсэн дөрвөн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Саяхан төгсөлтийн баяраа хийж, оюутнуудаа үдлээ гэсээр Урлагийн сургуулийн багш Б.Бүрэнтөгс биднийг угтаж, “Бага театр”-аа танилцуулсан юм. Тэрээр “Манай сургуулийн 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Урлагийн сургуульдаа 120 хүний суудалтай театртай болсон. Ин­гэснээр оюутнууд маань чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, шалгалтдаа бэлтгэх, ганцаарчилсан болон хамтын тайлан тоглолт хийх олон боломж бүрдлээ. Мөн театр маань киноны тест хийх дэлгэцтэй тул кино урлагийн хүмүүстэй хамтран ажиллах боломжтой болсонд сэтгэл хангалуун байна” гэсэн юм.

“АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД” ЖҮЖГИЙГ ТОГЛОЖЭЭ

 “Сити” их сургуулийн бага театр нь тус сур­гуулийн өргөтгөлийн байрны B1 давхарт байр­ладаг юм байна. Театрын орчин үеийн шийдлээр баригдсан энэ театр их тохилог. Улаан бүрээстэй суудал, дуу чимээнээс тусгаарлах акустик хана, улаан хамбан хөшиг. Энэ л тайзан дээр хүүхдүүд мөрөөдлийнхөө төлөө хө­дөл­мөрлөж, анхны дүрээ бүтээж “Урлаг” хэмээх их айлын хаалгыг татаж байгаа нь сайхан. Б.Бүрэн­төгс багш “Бага театртай болсонд оюут­нууд сэтгэл хангалуун байгаа. Хүүхдүүд энд л жүжигчин, уран бүтээлч болох анхны алхмаа хийнэ. Төгсөх дамжааны оюутнууд маань театраа мялааж, В.Розовын “Аз жаргалын эрэлд” жүжгийг ам­жилттай тоглолоо. Энэ бүтээлийг гавьяат жү­жигчин Ц.Төмөрхуяг най­руулсан. Мөн дуу­лаа­чийн тэнхимийн оюут­нууд тайзан дээрээ тайлан тог­лолтоо амжилттай тог­ло­сон” гэсэн юм. “Аз жар­галын эрэлд” жүжигт тог­ло­сон “Сити” их сур­гуу­лийн кино драмын ангийн энэ оны төгсөгч Э.Болор-Эрдэнэ “Төгсөх жилээ шинэ театртай болж анхны жүжгээ тавиад төгссөндөө баяртай байна. Шинэ театр ба­ригд­санаар хүүхдүүд тай­зан дээр тоглолтоо бэл­дэх сонирхолтой бол­сон. Мөн тэмцээн, урал­дааныг өөрсдөө сэтгэж, зо­хиох боломж бүрдсэн. Жү­жигчний ангийн оюутнууд тайзан дээр сургуулилт хийснээр дуу хоолойны цар хүрээ сайтай болох, биеэ барьж, сандрах нь багасах гээд олон өөрчлөлт гарсан шүү” гэв. Ийнхүү “Сити” их сургууль хажуудаа “Бага театр”-тай болсноор оюут­нууд болон багш нар сэтгэл хангалуун байгаа аж. Бага хэмээх тодотголтой энэ театраас энэ цагийн авьяаслаг олон уран бүтээлч төрөх болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин